m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.07 05:52
73
Хачирхалтай хоббитой “Харайдаг Жимми”

“Өмнөд Африк 2010” хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт. Хэрвээ үзэгч та мартаагүй бол аваргын төлөөх Голланд-Испанийн тулаан эхлэхээс хэдхэн хормын өмнө талбайд нэгэн сахилгагүй этгээд гарч ирээд алтан цомд хүрэх гэж оролдоод хамгаалагч нарт саатуулагдсаныг санаж буй за. “Барса”-гийн улаан малгай, элэгдэж хуучирсан жийнс, кед, хар майкаар хувцасладаг түүнийг Жауме Маркет Кот гэдэг бөгөөд өдгөө мань эр дэлхий дахинд “Jimmy Jump” буюу “Харайдаг Жимми” хэмээх нэрээрээ алдаршжээ. Барселона хотод төрж өссөн, өдгөө 36 настай Жауме архитектор хүн боловч эзэмшсэн мэргэжлээрээ бус спортын ертөнцөд гаргаж байсан өвөрмөц үйлдлүүдээрээ олны танил болсон нэгэн.

Тэрбээр анх 18 настайдаа Луврын музейд тасалбар авалгүй гээр орсноор “карьер”-аа эхэлж, хэдхэн хоногийн дараа Абелардогийн зодог тайлах тоглолтод энэ аргаа туршсан нь амжилтад хүрсэн байна. Улмаар Маркет Мадрид дахь Эзэн хааны ордонд нэвтэрч, I Хуан Карлосыг сэтгүүлчдэд ярилцлага өгч байхад нь араас нь өндөлзөн зураглаачийн камерт өртжээ. Хамгаалалтын албаныхныг сэхээ авч амжаагүй байхад тэрбээр өрөөнөөс гарч, Засгийн газрын хуралдааны танхимд орсон аж. Чухал хуулийн төсөл хэлэлцэж байсан улс төрчид захын ширээн дээр улаан малгайтай хачин эр сууж байхыг гэнэт хараад гайхахын ихээр гайхжээ.

Арвин баялаг туршлага хуримтлуулсан “Харайдаг Жимми” сүүлдээ томоохон арга хэмжээнд тасалбаргүйгээр нэвтрэхээсээ ямар нэгэн содон үйлдэл хийхийг илүүд үзэх болов. Тухайлбал 2006 онд “Арсенал”-“Вильярреал”-ын тоглолтын дундуур талбайд гүйн гарч, 2009 оны “Ролан Гаррос”-ын шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр Рожер Федерерт улаан малгайгаа өмсүүлэх гэж оролдсон удаатай. Эдгээр үйлдлүүдийнхээ төлөө тэрбээр цөөнгүй удаа шийтгүүлж, арга хэмжээ авахуулж байсан боловч тухай бүрт нь торгуулийн мөнгийг нь төлөөд суллагдаж байв.

Хоёр жилийн өмнө Монреалийн нэгэн студи “Jump! A Dreamer’s Day” киноныхоо гол дүрд тоглох урилгыг Жаумед өгсөн гэдэг. Түүний эмээ Каталоны нэгэн сонины сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “Тэр бол сайн залуу. Жауме хэзээ ч архи ууж, тамхи татаж, мансуурах бодист донтож байгаагүй. Тэр зүгээр л нэр алдарт дуртай. Үүнд буруу юм юу байна аа” гэж ярьжээ. Ингээд Маркетийн өдүүлсэн томоохон хэргүүдээс толилуулъя.

2004 зургадугаар сарын 9. “Формула-1” ДАШТ. Испанийн гран-при

Цагт 360 км хурдлах чадвартай уралдааны машинууд тойргийг өнгөрсний дараа “Харайгч” зам дээр гарч, хамгаалалтын албаныхныг тэвдүүлэв.

2004 оны долдугаар сарын 4. “Евро 2004”-ийн финал. Португал-Грек

Тоглолтын цаг дуусахаас хэдхэн минутын өмнө Жауме талбайд гүйн гарч ирээд Португалийн ахлагч Луиш Фигугийн нүүрийг “Барселона”-гийн ороолтоор шавхуурдаж, “Реал”-д урвасанд нь дургүйцлээ илэрхийлжээ.

2006 оны дөрөвдүгээр сарын 25. Аваргуудын лигийн 1/2 шигшээгийн хариу тоглолт. “Вильярреал”-“Арсенал”

Хиймэл үсээр гангарсан Жимми хашлага даван талбайд орж ирээд “Арсенал”-ын ахлагч Тьерри Анрид өөрийнх нь нэр, 14 дугаарыг бичсэн блауграна өмсгөл бэлэглэжээ. Тухайн үед франц довтлогчийг “Барселона”-д ирж магадгүй гэсэн мессеж газар аваад байсан тул хэвлэлийнхэн түүний эл үйлдлийг Анриг Каталонд урьсан явдал гэж тайлбарлаж байв. Шүүхээс түүнийг 60 мянган еврогоор торгох шийдвэр гаргасан бөгөөд дээрх мөнгөний талыг аюулгүй байдлыг сахиулж чадаагүй “Вильярреал”-ын цэнгэлдэх хүрээлэн, үлдсэн хэсгийг нь “Барселона”-гийн хөгжөөн дэмжигчдийн холбоо, Каталоны нам төлсөн аж.

2007 оны аравдугаар сарын 20. Аваргуудын лигийн финал. “Милан”-“Ливерпуль”

Энэ удаа сахилгагүй эр талбай дундуур Грекийн далбаа барьж гүйжээ.

2007 оны наймдугаар сарын 15. “Бавари”-“Барселона”-гийн нөхөрсөг тоглолт

Мессигийн гоолоор 1:0-ээр хожсон “Барса”-гийнхан Кайзераас “Франц Беккенбауэрын цом”-ыг гардах мөчид Жимми хүндэтгэлийн тавцан дээр гарч ирж, хожлын гоолыг оруулсан Мессид улаан малгайгаа өмсгөх гэж оролдсон байна.

2007 оны аравдугаар сарын 20. Регбийн дэлхийн цомын тэмцээний финал. Англи-ӨАБНУ

Хамгийн амжилтгүй дайралт. Олон тооны саад хашилтыг даван, цагдаа нарын нүдийг хариулан доош бууж ирсэн Маркет яг талбай дээр гүйн гардгийн даваан дээр баригдаж, цэнгэлдэхээс хөөгджээ.

2008 оны зургадугаар сарын 25. “Евро-2008”-ын хагас шигшээ тоглолт. Герман-Турк

Бээжинд олимпийн наадам зохиохыг эсэргүүцэгч Жимми “Түвдийг чөлөөл” гэсэн футболка өмсөн талбайд гарч ирэв.

2009 оны зургадугаар сарын 7. “Ролан Гаррос”-ын финал. Рожер Федерер-Робин Содерлинг

“Солитой эр” шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр Рожер Федерерт алдартай улаан малгайгаа өмсүүлэх гэж оролдов. Үүнийхээ “шанд” 12 сар шоронд суух шийтгэл хүлээсэн ч удалгүй суллагдсан аж.

2010 оны тавдугаар сарын 29. “Eurovision” уралдаант шалгаруулалтын шувтаргын шат

Испанийн Даниэль Дигасыг дуулах үед Жимми хэдийнэ тайзны ард гарсан байв. Ингэснээрээ тэрбээр шууд нэвтрүүлэгт 15 секундын турш үзэгдсэн бөгөөд камер өөрийг нь чиглэхэд гараараа даллан инээмсэглэж байжээ. Иймэрхүү юманд бэлтгэлтэй байгаагүй зохион байгуулагчид Дигасыг ахиж дуулуулсан бөгөөд испани залуу 26 хүнээс 15 дугаар байр эзэлжээ.

2010 оны долдугаар сарын 11. “South Africa-2010” ДАШТ-ий финал. Испани-Голланд

Түрүүлсэн багт олгох ёстой FIFA-гийн алтан цомд нөгөөх улаан малгайгаа өмсгөх гэж оролдоод амжилтад хүрсэнгүй.