m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.12 00:38
84
Ч.Даваабаяр : Хэрэглэгч бус үйлдвэрлэгч улс болоход хөрсөн дээр буусан бодлого чухал

 

 

“Масс" агентлагийн хамт олон “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хэрэгжүүлж эхэлжээ.Төслийн талаар "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төслийг санаачлагч Ч.Даваабаяртай ярилцлаа.

-Та  бүхэн “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн байна.  Энэ төсөл ямар  зорилготой  юм бэ?

- Монгол Улсын  эдийн засаг хүндэрч , инфляци 11 хувьд хүрч, 50 мянга орчим аж ахуй нэгж хаалгаа барихад хүрсэн энэ үед “Масс Агентлаг” -аас санаачлан “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийг  өнгөрсөн нэгдүгээр сард нийслэл Улаанбаатарт хэрэгжүүлж эхэлсэн.  Харин энэ сараас хөдөө орон нутагт хэрэгжүүлж эхэллээ. Тодруулбал  бид Монголын дөрвөн зүг найман зовхист жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа баялаг бүтээгчдээ дэмжих ажлыг Өвөрхангай аймгаас эхлүүллээ. Энэ удаа бид Арвайхээр,  Богд, Тарагт, Баруунбаян- Улаан сумын үйлдвэрлэгчдээ дэмжлээ.  Цаашдаа 21 аймаг, олон улсад үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа иргэдээ дэмжих юм. “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийн зорилго нь  жижиг дунд, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг бодитой, үнэ төлбөргүй дэмжиж, тэдний ашиг орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийн хүндрэлийг  аж ахуй нэгжүүд даван туулах, Монгол Улсад жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой юм.  

- “Масс Агентлаг” үйлвэрлэгчдээ хэрхэн дэмжих вэ ?

- Статистикаас гаргасан мэдээллээр  улсын хэмжээнд 90 гаруй мянган аж ахуй нэгж бүртгэлтэй. Үүнээс  65 мянга нь аж ахуй нэгж , жижиг дунд үйлдвэрүүд байна. Үүнээс 50 хүртэл ажиллагсадтай аж ахуйн нэгж 97.1 хувийг эзэлж байна. Эдгээр аж ахуйн нэгжийн 66.5 хувь нь Улаанбаатар хотод, 33.5 хувь нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. Жижиг дунд үйлдвэрлэгч баялаг бүтээгчид  ажлын байр бий болгохоос гадна, бүтээгдэхүүн нь иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасаар байна. Тиймээс бид  баялаг бүтээгчдийнхээ  бараа бүтээгдэхүүнийг ард иргэддээ сурталчлан таниулж, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдсэнээр дотоодын мөнгөний эргэлт өсөх боломжтой юм. Ийнхүү монголчууд баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авснаар тэдэнд бодитой хувь нэмрээ оруулж байна гэсэн үг .  Гаднын улс орны барааг худалдан авч гадаадын зах зээлд хөрөнгө оруулдаг  байдлаасаа татгалзах цаг болсон.   Манай улс эдийн засгийн хүндэрлийг даван туулахад иргэн бүрийн оролцоо чухал. Тиймээс “ Масс" агентлагаас ард иргэдээ Баялаг бүтээгчдийнхээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэцгээе гэж уриалмаар байна.   

-  Төсөл хөтөлбөрийг ямар хугацаанд  хэрэгжүүлэх вэ ?

- “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл 2015 оны турш  нийслэл, орон нутаг, олон улс гэсэн бүсчлэлээр хэрэгжинэ.Масс Агентлаг”-ийн ETV телевиз, Масс телевиз, Инфо сэтгүүл, Масс.мн сайт, Масс офишил төслийг хэрэгжүүлэхдээ газар дээрээс нь мэдээ, сурвалжлага, нэвтрүүлэг,ярилцлага төлбөргүй бэлтгэхээс гадна хэлэлцүүлэг хийж, иргэд үйлдвэрлэгчийнхээ санаа бодлыг эфирийн шууд утсаар холбогдож солилцох юм. Баялаг бүтээгчид  “Масс Агентлаг”тай хамтран ажиллах боломжтой юм.   

- Үе үеийн   Засгийн газрын тэргүүн нар  үйлдвэрлэгчээ дэмжихийг уриалдаг.  Гэтэл өнөөдрийг хүртэл  Монгол Улсад жижиг дунд үйлдвэрлэл шинэ шатанд хөгжөөгүй учраас  манай улс импортоос хараат  хэвээр байна. Та үүнд санал нэгдэх үү?

- Манай улс хэрэглээнийхээ 80 хувийг импортоор авч байгаа. Импортын хараат  бус байдлаас гарахын  тулд  яг одооноос төрөөс жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлоготой болмоор байна.Энэ бодлого нь  хөрсөн дээр буусан, шинжлэх ухааны үндэстэй, судалгаа шинжилгээ   сайтай байх нь хамгийн чухал. Ингэхгүйгээр жижиг дунд үйлдвэрийг дэмжиж байна гээд  бага хүүтэй мөнгө тараах нь зохисгүй. Харин ингэхийн оронд үйлдвэрлэгчдийн тоног төхөөрөмжийн импортын татварыг багасгах, ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаднаас авахад тодорхой хэмжээний квот тогтоож ажиллах шаардлагатай байна.  Баялаг бүтээгчийн үйлдвэрлэж байгаа ижилхэн нэр төрлийн барааг гаалиар оруулж ирэхэд хэмжээ тогтоож өгөх хэрэгтэй. Мөн боловсролын салбараас Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн боловсролын системийг чамбайруулах шаардлагатай байгаа юм. Учир нь  жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллах мэргэшсэн боловсон хүчин дутагдалтай байна. Тиймээс баялаг бүтээгчид өөрсдөө ажилтнаа сургаж ажиллуулдаг болжээ. Манай улс хэрэглэгч биш үйлдвэрлэгч орон болохын тулд богино  хугацаанд үйлдвэрлэлээ  хөгжүүлсэн бусад орны туршлагыг судлан хөрсөн дээр буулгах нь үйлдвэрлэлээ хөгжүүлэх чухал алхам болно. Манай улсад жижиг дунд үйлдвэрлэл  хөгжсөнөөр  дотоодынхоо хэрэгцээг хангах,  цаашлаад импортыг орлох экспортыг дэмжих бараа бүтээгдэхүүнийг гаднын зах зээлд нийлүүлж, валютын урсгалыг нэмэгдүүлнэ. Уул уурхай салбараас хараат Монгол Улсад үйлдвэрлэл хөгжсөнөөр  ажлын  байр бий болж  айл өрх бүр тогтмол орлоготой болох юм.  

-Та бүхний ажилд улам их амжилт хүсье !

​                                                                                                                                  Эх сурвалж :Өнөөдөр сонин