m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.12 03:13
376
Т.Баярхүү: Зээлийн хугацаа урт байвал бидэнд хэрэгтэй

“Масс агентлаг”-ийн санаачилсан “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөр хөдөө орон нутагт хэрэгжиж эхлээд буй. Төслийн хүрээнд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд үйл ажиллагаа явуулдаг “Жинстийн өгөөж” талх, нарийн боовны цехтэй танилцлаа. Ингээд тус цехийн ажилтан Т.Баярхүүтэй хийсэн ярилцлагаа хүргэе.

- Юуны өмнө “Жинстийн өгөөж” гэсэн нэрний утгыг тайлбарлахгүй юу?

- Бидний энэ ажиллаж, амьдарч байгаа газрыг “Жинст” хэмээн нэрлэдэг юм.  Тиймээс цехийнхээ нэрийг “Жинстийн өгөөж” хэмээн гэр бүлээрээ ярилцаж байгаад өгсөн.  

- “Жинстийн өгөөж” талх, нарийн боовны цех хэдэн онд байгуулагдсан бэ?

- Манай цех 2013 оны арванхоёрдугаар сард байгуулагдаж, нэг охинтойгоо хамт үйл ажиллагаагаа эхлүүлсэн.     

- Тэгвэл одоо хэдэн ажилтантай вэ?

- Дахин нэг охиноо  сургаж одоогоор гурвуулаа ажиллаж байна.

- Гэр бүлийн бизнес гэж хэлж болох уу?

- Тэгэлгүй яахав. Би хоёр охинтойгоо ажилладаг.

- Өнөөдрийн байдлаар  хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?

- Талх,нарийн боов нийлээд 20 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

- Өдөрт хэдэн кг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?

- Өдөрт 50 кг гурилаар  100 уут нарийн боов үйлдвэрлэдэг.

- Удахгүй сар шинийн баяр болно. Танай цех ул боов үйлдвэрлэж байгаа юу?

- Захиалгаар хийдэг. Одоогоор 300 гаруй ширхэг ул боовны  захиалга аваад байна.

- Та ямар мэргэжилтэй вэ?

- Би өөрөө малчин хүн. Хүүхдүүд маань энэ чиглэлээр сурч өрхийн үйлдвэрлэлээ үргэлжлүүлж байна.  

- Бүтээгдэхүүнээ хаагуур борлуулдаг вэ?

- Бид бүтээгдэхүүнээ цэцэрлэг болон сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт өгч, 100 хувь хангаж байна. Мөн сумын төвийн дэлгүүрээр заримдаа борлуулдаг. Цаашид зэргэлдээ сумд болон аймгийн төвийн хэрэглэгчдэд борлуулах зорилготой.

- Тоног төхөөрөмжийн хүчин чадал хэр байна. Олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хүрэлцдэг үү?

- Тоног төхөөрөмж багаддаг ч боломжоороо олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.  

- Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгооор төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг. Төсөл хөтөлбөрт хамрагдсан уу?

- Сум хөгжүүлэх сангаас хоёр сая төгрөгийн зээл авч өрхийн үйлдвэрлэлдээ нэмэрлэсэн. Талх нарийн боовны цехээ 10 гаруй сая төгрөгөөр байгуулсан.

- Тэгвэл та бүгдэд ямар бэрхшээл тулгарч байна?

- Тодорхой хэмжээгээр бэрхшээл тулгардаг. Жишээ нь зээлийн хугацаа  хоёр жил байдаг. Дөнгөж байгуулагдсан бидний хувьд энэ нь маш богино хугацаа. Тиймээс зээлийн хугацаа урт байвал бидэнд арай дөхөм болно. Дахин зээл авч ажлын байраа өргөжүүлэн, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлбэл сумаа талх нарийн боовоор бүрэн хангах боломжтой. Гэвч одоогоор хүчин чадал багатай учир зөвхөн сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр болон цэцэрлэгийн нарийн боовны хэрэгцээг хангаж байна.

- “Үдийн цай” хөтөлбөрт нэг өдөрт хичнээн төрлийн бүтээгдэхүүн өгч байна?

- Бид “Үдийн цай” хөтөлбөрт найман төрлийн бүтээгдэхүүн өгдөг. Өдөрт төрлөөсөө хамаарч харилцан адилгүй бүтээгдэхүүн сургууль, цэцэрлэгт нийлүүлдэг. Жишээ нь сургуульд тосонд чанасан нарийн боов, цэцэрлэгт хөөмөл бүтээгдэхүүн өгдөг.

- Сумаас та бүгдийг хэр дэмждэг вэ?

- Сум,орон нутаг биднийг маш сайн дэмждэг.

- Бүтээгдэхүүнийхээ сав, баглаа, боодол, шошгыг хаана хийлгэдэг вэ?

- Шошгоо суман дээр захиалгаар хийлгэдэг.  Харин уутыг нь аймгаас захиалж авдаг.

- Жижиг дунд бизнес эрхлэгчдэд мэдээж цаашдын зорилго гэж бий. Таны хувьд ямар зорилготой байна?

-Тэгэлгүй яахав. Намраас Баруунбаян-Улаан сумаа 100 хувь талх, нарийн боовоор хангах зорилготой ажиллаж байна. Мөн цаашид эзргэлдээ сумдууд болон Арвайхээр хот руу бүтээгдэхүүнээ нийлүүлэх зорилготой. Ингэхийн тулд тоног төхөөрөмжөө шинэчилж, ажлын байраа өргөжүүлнэ дээ.

- Баярлалаа. Цаашдын ажилд тань амжилт хүсье?

    - Баярлалаа. Танай хамт олонд ч мөн ажлын амжилт хүсье.