m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.15 07:26
37
Граммаас Грэмми хүртэл...

Хип хопын ертөнцөд 1990-ээд оноос од болон танигдаж, 50 сая цомог борлуулж чадсан гайхалтай реппер бол мэдээж Жэй Зи гэдэгтэй маргах хүн үгүй биз. Тэрээр хамгийн баян репперүүдийн нэг бөгөөд 2010 онд “Форбес” сэтгүүлээс шалгаруулсан дэлхийн хамгийн баян хип хоп оддын жагсаалтыг тэргүүлж байсан удаатай. Түүнчлэн өнгөрсөн онд “Форбес” сэтгүүлээс түүний жилийн орлогыг 520 сая ам.доллар давсан хэмээн гаргаж байжээ. Тэр бол бүхий л цаг үеийн хамгийн шилдэг цомгийн борлуулалттай уран бүтээлчээр шалгарч байсан бөгөөд 100 саяас илүү цомог борлуулж, нийт 19 удаа шалгнал хүртэж байсны дотор Грэмми болон Биллбоард багтаж байгаа юм байна. Мөн 2006 онд MTV телевизээс түүнийг бүхий л цаг үеийн гайхалтай хөтлөгчөөр шалгаруулж байсан аж.

Мөн тэрээр олон салбарт амжилттай бизнес эрхэлж яваагийн дотор шоу бизнес тэр дундаа продюсерийн чиглэлээр өндөр амжилтад хүрч, Рианнагаас эхлээд олон оддыг гаргаж ирсэн авьяаслаг продюсер юм. Түүнийг Америкийн хамгийн ядуусын хороололд төрж өссөн гэдгийг мэдэхгүй хүн үгүй. 13-хан насандаа кокейн зарж амьдралаа залгуулж байсан бяцхан хүү 30 насандаа хамгийн баян репперүүдийн тоонд багтаж чадсан юм.

Ингээд түүний намтар түүхээс товч танилцуулья. Түүний нэрийг Шон Кори Картер гэдэг бөгөөд 1969 оны арванхоёрдугаар сарын 04-ны өдөр Нью Йорк хотын Брүүклинд төрж өсчээ. Тэрээр ээж болон гурван ахтайгаа өссөн бөгөөд түүний аав 11 настай байхад нь хаяж явж байжээ. Анх 13 настайдаа хар тамхины наймаачидтай хамтран кокейн болон бусад төрлийн хар тамхийг наймаалдаг байсан байна.

Багаасаа сагсан бөмбөгт дуртай байсан боловч есөн настайгаасаа хип хоп хэмээх урсгал руу татагдан орсон гэнэ. Энэ талаараа тэрээр Опрагийн ток шоуны үеэр ярьж байсан бөгөөд Жаз-О /Жэй-Зигийн зөвлөх байсан менежер/ түүнтэй гэрээ хийхийг санал болгож, Лондон руу явж, анхны цомгийг нь бичүүлж байсан байна. Тэгж л Мэрси хэмээх харуудын хорооллын нийтийн байранд өссөн Жэй Зи анх Лондоны орон сууцанд хоёр сар амьдарч үзсэн хэмээн ярьж байжээ.

Харамсалтай нь эхний цомог нь бүтэлгүйтэж, тийм ч их амжилтыг олж чадаагүй байна. Түүний дараа дахин Мэрси хороололдоо буцаж ирж байжээ. Харин түүнийг “Reasonable Doubt” цомог нь яах аргагүй энэхүү алдар нэрд хүргэх эхлэлийг нь тавьсан аж. 1996 оны долдугаар сарын 25-нд анх худалдаанд гарсан уг цомог нь 18 долоо хоногийн турш Америкийн “Billboard 200” жагсаалтын 23 дугаар байрт жагссан бөгөөд Америкт нийтдээ 1.5 сая хувь борлогдсон нь тухайн үедээ хамгийн их борлуулалттай цомгоор удаа дараа шалгарч байсан байна.

Түүнчлэн Жэй Зигийн 1996 оны “Reasonable Doubt”, 2001 оны “The Blueprint”, 2003 оны “The Black Album” хэмээх гурван цомог нь одоог хүртэл бүхий л цаг үеийн шилдэг борлуулалттай 500 цомгын жагсаалтад дээгүүр байрт жагсаж байгаа гэнэ.

Харин 2008 онд Америкийн дуучин Бейонсетэй гэрлэж, 2012 оны нэгдүгээр сарын 07-нд Blue Ivy Carter хэмээх охинтой болсон байна.

Дэлхийн хамгийн алдартай хосын тоонд зүй ёсоор ордог дуучин Бейонсе болон Жэй Зи нар Биллбоардын Хүчирхэг 100-ийн жагсаалтыг өнгөрсөн онд тэргүүлж байжээ. Үүнд, Рок Нэйшн, Парквүүд энтэртайнмэнд гэсэн өөр өөрсдийн хөгжмийн компанийг байгуулсан нь Биллбоардыг тэргүүлэхэд нь гол нөлөөлөл үзүүлсэн аж.

Түүнчлэн Жэй Зи хамгийн алдартай дуучидтай хамтарч ажилладаг гэдгээрээ алдартай бөгөөд үүний тоонд Рианна, Жастин Тимбэрлэк, Кени Вест, Ашер нар багтаж байгаа аж.