m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.16 03:42
377
"Хүү төрлөө" брэнд монголчуудад маш их таалагдсан

Манай улсын жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид янз бүрийн бараа бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд дотооддоо хийж үйлдвэрлэдэг болсон. Эдгээрийн нэг нь “Бумбын улаан хонгор” ХХК юм. Тус компани нь хүүхдийн өлгий, баривчийг дотооддоо үйлдвэрлэдэг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Тиймээс бид энэ удаагийн “Баялаг бүтээгч” булангийнхаа зочноор урьсан бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал Д.Нандин-Эрдэнэтэй ярилцлаа.

-“Хүү төрлөө” брэндийг хэрхэн үүсгэн байгуулах болсон бэ. Нэрнээсээ л их өвөрмөц санагдлаа?

-“Бумбын улаан хонгор” ХХК нь өнгөрсөн оны зургадугаар сарын 29-нд байгуулагдсан. Харин “Хүү төрлөө” гэсэн брэнд маань өнгөрсөн оны есдүгээр сарын 20-ноос бий болсон. Яагаад заавал өлгий хийх болсон бэ гэвэл би өөрөө хоёр жаахан хүүхэдтэй. Тэгээд ажиглаад байхад хүүхдийн биед зөөлөн дулаахан үндэсний үйлдвэрлэлийн өлгий байдаггүй юм билээ. Тийм болохоор хүүхдээ хараад яг л ийм өлгий байвал гэж бодоод анх хийж байсан.

Тэгээд Монгол Улсад хүүхдийн өлгийний стандарт 2012 онд гарсан байдаг. Түүнд хонины ноосон өлгий хүүхдийн биед таарна гэж заасан юм билээ. Үүний дагуу олон даавуу материал сонгож, хийх гэж үзсэн ч дийлэнх нь хүүхдийг хөлөргөдөг, суналттай байсан. Тэгээд хүүхдийн биед эвтэйхэн, дулаахан материал юу байж болох вэ гэж бодоод, кашмер гэхэд 100 хувь кашмер биш, хүүхдийн биед илчтэй, сунадаггүй кашмер даавууг сонгож авсан. Кашмер дундаа 100 хувийн, 50 хувийн кашмер гэж байдаг бол кашмерин даавуу ч бас байдаг. Энэ нь даавууныхаа төрөлд ордог ч энгийн даавуунаас илүү дулаахан, зөөлөн байдаг болохоор сонгосон.

-Манайд худалдаалагдаж буй өлгий, баривчууд ихэвчлэн гаднаас импортоор орж ирдэг. Тэгвэл танай үйлдвэрлэж байгаа өлгий, баривч бусдаас юугаараа онцлог, давуу талтай вэ?

-Манайх гадна талын өлгийг л үйлдвэрлэдэг. Учир нь манай улсад хөвөн даавууг үйлдвэрлэдэггүй болохоор өлгий, баривчийг гаднаас оруулж ирж зардаг. Хэрвээ хөвөн даавуугаа дотооддоо үйлдвэрлэвэл түүхий эдээ 100 хувь дотоодоосоо хангах боломжтой. Эхний ээлжинд гадна талын өлгийг хийгээд үзье гэж бодсон.

-Түүхий эдээ дотоодоосоо 100 хувь хангаж чадахгүй байна гэсэн. Тэгвэл танайх түүхий эдээ хаанаас оруулж ирдэг вэ?

-Манайх Гуанжоугийн кашмерын үйлдвэрээс түүхий эдээ оруулж ирдэг.

-Танай үйлдвэр нийт хэдэн ажилтантай вэ. Манай улсад энэ чиглэлийн салбарын боловсон хүчин ямар түвшинд байна гэж бодож байна вэ?

-Нийт дөрвөн оёдолчинтой. Маркетингийн чиглэлээр нэг хүн ажиллаж байгаа. Харин боловсон хүчний хувьд их боломжийн чадварлаг гэж боддог. Манайд боломж нь л байдаггүй болохоос биш чадварлаг боловсон хүчин байдаг.

-Дотоодын үйлдвэрлэл чанар муутай, дээрээс нь их үнэтэй байдаг гэж шүүмжилдэг хүмүүс их байдаг. Мөн хүүхдийн өлгий хийж байна гэхээр чанарын шаардлагад нийцэхгүй гэж боддог?

-Дотооддоо үйлдвэрлээд удаагүй, үйл ажиллагаа нь жигдрээгүй байгаа болохоор хэтэрхий үнэтэй байна гэж хүмүүс боддог. Харин би гаднаас оруулж ирж байгаа, дотооддоо үйлдвэрлэж байгаа барааны үнийн хооронд тийм ч их ялгаа байдаггүй гэж бодож байна. Дотооддоо үйлдвэрлэж байгаа нь магадгүй зах зээлээ мэдрээгүй, хөлөө олох гээд явж байгаа учраас харин ч хямд байдаг гэж бодож байна.

-Компаниа байгуулаад 5-6 сар болж байгаа гэсэн. Тэгвэл энэ салбарын зах зээл хэр өрсөлдөөнтэй байдаг вэ?

-Яг одоогийн байдлаар манайхаа өөр өлгий үйлдвэрлэдэг жижиг дунд үйлдвэрлэл алга байна. “Говь” компани өлгий хийдэг боловч улирлын чанартай хийдэг юм шиг байна лээ. Харин ОХУ болон Хятадаас ихэвчлэн оруулж ирдэг бөгөөд бэлэн материалыг нь оруулж ирээд энд сав баглаа боодлыг нь хийдэг газрууд байдаг.

-Гаднаас оруулж ирж байгаа импортын барааны сав, баглаа боодол, дизайны хувьд маш шинэлэг дээрээс нь их гоё байдаг гэж ярьдаг. Харин дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн өнгө, үзэмж муутай гэж ойлголттой байдаг. Тэгвэл танайх дизайнаа хэрхэн гаргадаг вэ?

-Бид дөнгөж үйлдвэрлэлээ эхлээд явж байхдаа зах зээлээ мэдрэхийн тулд эхний ээлжинд 400 ширхэг өлгий үйлдвэрлэсэн. Тэгсэн маш хурдан борлогдсон. Хүмүүст ч их таалагдсан нь ажиглагдаж байсан болохоор бид урамшаад дахиад хийх хэрэгтэй юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Хамгийн гол нь бид сав баглаа боодлыг хурдан шийдээд, хэрхэн цэвэрхэн байлгах тал дээр анхаарах шаардлагатай болсон. Тэгээд ажиглаад үзэхээр дотоодын бараа бүтээгдэхүүн чанарын шаардлага хангадаггүй, цэвэрхэн бус гэсэн хандлага их гарч ирж байсан. Тийм болохоор юуны өмнө элдэв бактер, тоос шороо орохгүй ууттай байх ёстой юм байна, дээрээс нь өнгө дизайны хувьд илүү тансаг байх ёстой гэж бодоод хайрцагтай болгохоор шийдсэн. Үүний хүрээнд зураач Энхномингоор “Хүү төрлөө” гэсэн бүтээл хийлгэсэн. Энэ нь хамгийн гол гаднын үлгэрийн баатрын зурагтай биш харин монголын жаргалтай гэр бүлийг тодотгохыг зорьсон.

-Анх брэндээ гаргахад хүмүүс хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Хамгийн анх худалдаанд гаргахынхаа өмнө амаржаад удаагүй найз нөхөддөө үзүүлээд, санал бодлыг нь сонсоход их эерэгээр хүлээж авч байсан. Ер нь хүмүүс гаднах дизайн болон кашмер даавуунд их татагдаж байх шиг байсан.

-Тэгвэл үнэ ханшийн хувьд ямар байгаа вэ?

-“Хүү төрлөө” гэдэг брэнд маань багцын бүтээгдэхүүн юм. Жишээлбэл, аавын багцад кашмер өлгий, суран бүс, эсгий үнэг, “Хүү төрлөө” ном, ил захидал, шагай, тугалга багтаж байгаа. Энэ бүгд нийлээд 85 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Энэхүү багц нь зөвхөн аавуудад зориулсан. Яагаад гэвэл хүүхдээ төрөхөөр аавууд хүүхдийнхээ өлгий, бусад зүйлсийг бэлддэг шүү дээ. Тиймээс энэ бүгдийг нэг дор багтаасан багцаас авах боломжийг бүрдүүлж өгч байгаагаараа онцлог юм.

Дээрээс нь ээжийн багц гээд гурван сартайгаас нэг ой таван сартай хүүхдийн кашмерэн даавуун тоодон дээл, эмээ өвөөгийн багцад монгол цамцыг хийж байна.

-Бүтээгдэхүүнээ хэрхэн борлуулдаг вэ?

-Манайх “Sky” их дэлгүүр, “Angel baby” их дэлгүүрт тавьж байгаа. Саяхнаас “Ноён зууч” 1900-1950-д үнэгүй хүргүүлж байна. Бас “Номин” их дэлгүүртэй хамтарч ажиллахаар гэрээ хийсэн.

-Жижиг дунд үйлдвэрлэгчид дэлгүүрүүд дээр бараагаа тавиулж зарахаар тухайн дэлгүүр ашгаас тодорхой хэмжээний хувь авдаг?

-Манай бүтээгдэхүүнийг тавьж байгаа дэлгүүр ашгийн 30 хувийг авдаг. Энэ нь их хүнд тусдаг л даа.  Бараг үнийн 1/3-ний нэг гэсэн үг шүү дээ. Тиймээс цаашдаа өөрсдийн гэсэн дэлгүүртэй болохыг хүсэж байна.

-Төр засгаас жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих төсөл хөтөлбөр болон хөнгөлөлттэй зээлд хамрагдаж чадаж байгаа юу. Энэ нь хэр хүртээмжтэй байж чадаж байгаа вэ?

-Бид эхний бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаад, өөрсдийн гэсэн хэрэглэгчтэй болсон болохоор тиймэрхүү зээл тусламжийг хараахан авч чадаагүй байна. Харин өнгөрсөн оны төгсгөл дээр “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан” дээр очсон боловч хамрагдаж чадаагүй. Ер нь хамрагдах хүсэлтэй байгаа.

-Тэгвэл танай компанийн хувьд тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?

-Технологио илүү нарийн болгож, сайжруулах шаардлагатай байгаа. Үүний тулд мэдээж хөрөнгө санхүүгийн асуудал тулгардаг. Дээрээс нь бид хөвөн даавууг их судалж байгаа. Өөрөөр хэлбэл, хүүхдийн биед таарсан нимгэн хөвөн даавууг дотооддоо үйлдвэрлэдэг болгохоор зорьж ажиллаж байна. Хэдийгээр бид үйл ажиллагаагаа эхлээд удаагүй ч гэсэн өөрсдийн гэсэн харилцагчтай боллоо. Дараагийн удаа төрөх болон өрхийн эмнэлгийн эмнэлгүүдтэй холбоотой ажиллахыг зорьж байгаа.