m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.17 07:34
448
Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч "Хайнаг толгой" хоршоо

Тэтгэвэрт гарлаа гэж зүгээр суулгүй өөрсдийн чаддаг, мэддэг зүйлээ хамтран хийж, нэгэндээ зааж сургахын зэрэгцээ 15 айлын амьжиргааг залгуулж яваа өрхийн үйлдвэрлэгч “Хайнаг толгой” хоршооны тэргүүн Г.Гэрэлцэцэгтэй уулзахаар нийслэлийн баруун дүүргийг зорьсон юм. Хашаанд байх дөрвөн гэрт хүмүүс ямар нэг юм оёж урлаж эсвэл алх дөш нийлүүлэн тасралтгүй ажиллаж байлаа. Гэрэлцэцэг эгч "Баялаг бүтээгч"-дийг дэмжихээр очсон биднийг уриалгахан хүлээж авахын зэрэгцээ хэд хэдэн мэдээллийн байгууллага зэрэг ирж, ямар ч үнэ төлбөргүй нэвтрүүлэг, мэдээлэл хийх гэж байгаад ихэд гайхаж байгаагаа нуусангүй. Бид ч төсөл хөтөлбөрийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулаад ажилдаа орсон юм. 

-"Хайнаг толгой" хоршоог анх хэрхэн байгуулж байв. Одоо хэчнээн ажилчинтайгаар ямар үйлдвэрлэл явуулж байна?

-Эрүүл саруул, ажил хийж явсан хүн гэнэтхэн тэтгэвэрт гарч, гэртээ суухаар эдийн засгийн хувьд болон сэтгэл санаа их хэцүү болдог юм билээ. Тэгээд би гэр бүлийн хүн болон нэг нутгийн найзтайгаа "ингэж суухаар чаддаг зүйлээ хийе" гэж ярилцаад эхлээд бүлэг байгуулсан юм. Удалгүй хийх зүйлийн санаа нэмэгдээд, хүмүүс ч бас хамтарч ажиллая гэж ирэх нь их байсан болохоор хоршоо болгон өргөжүүлсэн.

Одоогоор залуучуудаас  эхлээд бидний насны хүртэлх 15 гишүүнтэйгээр гар урлал, дээл, гутал, блок үйлдвэрлэл, арвайн гурил үйлдвэрлэл зэрэг үйл ажиллагаа явуулж байна.

-Хоршооны 15 гишүүний ард хэчнээн гэр бүл байна. Тэд зөвхөн эндээс амьжиргаагаа залгуулдаг уу?

-Манай 15 гишүүний ард  4-12 ам бүл байдгаас ихэнх нь тэтгэврийн эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа. Харин таван залуу гишүүнийхээ нийгмийн даатгалыг төлөөд, аж амьдралд нь нэмэр болоод явж байна. Тэтгэвэр, халамжаас өөрөөр нэмэлт орлоготой гишүүн байхгүй. Тийм учраас жилийн дөрвөн улиралд гишүүдээ цалин мөнгөөр таслахгүйн тулд улиралдаа таарсан олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг хийдэг. Тэгэхдээ би бас борлуулалт захиалгаа таслахгүйн тулд гадуур их явж, тэрнийхээ хүчинд “Дэлхийн зөн” Олон улсын байгууллага, “Улаан загалмайн” хороо зэрэг байгууллага, хувь хүмүүсийн захиалгыг авч ажилчдаа ажлаар таслахгүй байж чаддаг юм. Эдгээр байгууллагууд ч бас мөнгө төгрөг, хоол унд зүгээр өгөөч гэж гуйж яваа биш болохоор их уриалгахан тусалж дэмжин, ажил л гарвал манайх руу утасдаад хэлдэг болсон.  Дээр нь бид нар ажлын байрны түрээсийн төлбөр төлдөггүй, хамгийн гол нь хүйтний улиралд нүүрс, түлээ авдаггүй болохоор зарлагаа хэмнээд тодорхой хэмжээнд ажилчдаа цалинжуулаад явахад дөхөм байдаг юм.

-Ингээд өрхийн үйлдвэрлэл явуулахад хүндрэлтэй тал байдаг уу?

-Бид нар 2012 онд ажлын байраа өөрсдөө барьсан. Өмнө нь гэр гэртээ юмаа хийдэг байсан ч ажлын байртай болсноор бүтээмж их нэмэгдсэн. Харамсалтай нь халаалтаа шийдэж чадаагүйгээс өвлийн цагт тэндээ ажил хийх ямар ч боломжгүй болж, гэр гэртээ юмаа хийнэ. Энэ л их хүндрэлтэй байдаг.

Уг нь ажлын байрандаа үйлдвэрлэлээ явуулбал ажлын бүтээмж, шинэ санаа оноо гаргахад хамаагүй өндөр үр ашигтай байдаг. Бид нар угаасаа нэг хүн нэг гутал дангаараа хийнэ гэж байдаггүй, дамжлагаар хийдэг учраас бүтээл их өндөр байхын зэрэгцээ илүү богино хугацаанд олон бүтээгдэхүүн хийх боломжтой байдаг.

Бид нар ямар нэг зээл тусламж авч байгаагүй. Угаасаа материал юмаа бүрдүүлээд өгөхөөр тэр цаад талынх нь шаардлагад нийцдэггүй юм шиг байна лээ. Нэг төсөлд материалаа өгсөн ч шаардлага хангаагүй гээд буцаасан байсан.

-ЖДҮ-ийг дэмжих сангаас танай хоршоонд ямар нэг байдлаар дэмжлэг үзүүлдэг үү?

-Хамтарч үзэсгэлэн худалдаанд оролцох болон захиалгат ажил олж өгөх зэргээр дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төвтэй хамтарч ажилладаг. Тийм үед борлуулт нэлээд сайжирдаг. Ер нь улсын баяр, цагаан сар хоёроор л бүтээгдэхүүнээ сайн борлуулж чаддаг юм.  Бусад үед бол захиалгын дагуу болон улирлын чанартай бараа бүтээгдэхүүн хийж зардаг.

-Хоршоондоо их олон төрлийн эдлэл үйлдвэрлэдэг юм байна. Бүтээгдэхүүнээ хийх арга, зааврыг яаж сурдаг вэ. Ямар нэг сургалт явуулдаг уу?

-Хааяа шаардлагатай үедээ сургалт явуулдаг. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон залуус маань заагаад өгөөч сурмаар байна гэж ирэх нь байдаг. Тэр тохиолдолд сургалт явуулаад   хүсвэл хоршоондоо элсүүлээд ажлаар хангадаг юм.

-“Хайнаг толгой” хоршооны үйлдвэрлэдэг арвайн гурилыг нэлээд эрэлттэй байдаг гэж дуулсан. Түүхий эдээ хаанаас авдаг, бүтээгдэхүүний онцлог юундаа байдаг вэ?

-Онцлог гэвэл цэвэрлэгээ сайтай, амтлаг болохоор иргэд сайн худалдаж авдаг юм. Түүхий эдээ Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудаас авчирдаг. Өмнө нь гар аргаар тээрэмддэг байхад өдөрт найман кг гурил л үйлдвэрлэдэг байсан ч саяханаас  өдөрт 80 кг хүртэл гурил үйлдвэрлэх хүчин чадалтай тээрэм авсан. Борлуулах тал дээр санаа зовох зүйлгүй. Учир нь манай арвайн гурилыг Макс болон Номингийн сүлжээ дэлгүүрүүд худалдан авч борлуулах саналаа ирүүлсэн.

-Цаашдаа үйлдвэрлэлээ хэрхэн өргөжүүлэх төлөвлөгөө байна?

- Одоогоор бүх л бүтээгдэхүүнээ захиалгаар голдуу хийж байгаа. Хэрвээ үйлдвэр барих газартай бол хамгийн их ирээдүйтэй, хүмүүст хүрсэн бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх юмсан гэж боддог. Тэгэхдээ юу юунаас өмнө бэлэн байгаа ажлын байраа халаалттай болгочихвол одоо хийж байгаа бүтээгдэхүүнүүдийнхээ зах зээлийг өргөжүүлж, ямар ч байсан монгол үндэсний хувцасаа иж бүрнээр нь сайхан хийдэг болчих л бодолтой байгаа.

"Хайнаг толгой" хоршоог үүсгэн байгуулагчдын нэг болох оёдолчин Д.Жаамаа 

-Та хоршоондоо ямар ажил эрхэлдэг вэ. Энэ хоршоо таны амьдралд хэр ашиг тусаа өгч байна?

-Би монгол дээл хувцас голдуу урладаг. Залуучууд маань сүүлийн үеийн загварын дээл хийдэг бол би энгийн монгол дээлээ хийдэг. Ажил хийж байсан хүн тэтгэвэртээ гарахаар их хэцүү байдаг юм байна лээ. Тэгээд энэ хоршоогоо байгуулалцаад ажилтай, хамт олонтой, амьдралдаа нэмэртэй болоод сайхан л байна. Хоршоо маань ашиг орлого сайтай үедээ 400-500 мянган төгрөг олчихдог. Заримдаа бага орлого олох үе ч байна. Тэгсэн ч хэн нэгнээс цалинждаггүй болохоор ажил хайж, орлогоо өсгөх гэж өөрсдөө л гадуур гүйдэг юм.

Хоршооны тэргүүн Г.Гэрэлцэцэгийн нөхөр, хүү, бэр гээд бүгд л хоршоондоо ямар нэг ажил эрхэлдэг байна. Эндэхийн мужаан, барилгачин, блокны үйлдвэрийн ажилтан, жолооч гээд олон ажлыг амжуулдаг хүн бол П.Дамбажамц гуай юм. Тэрбээр арвайн гурилаа тээрэмдэж, модоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хаягдал ашиглан сандал, цэцгийн мандал, хашаа хүртэл хийдэг аж.  Мөн дулаан орж барилгын ажил эхлэх үед блок үйлдвэрлэж зардаг бөгөөд тус хоршооны хамгийн сайн гүйлгээтэй байдаг энэ ажлаа эхлэхээрээ гэрээгээр хүн нэмж аван ажилуулдаг юм байна.

Түүнчлэн зуны цагт хүлэмжийн ногоо тарьж, намартаа ургацаа хураан хоршооны гишүүдийнхээ хүнсний ногооны хэрэгцээг хангахын зэрэгцээ зарж борлуулдаг байна. Дамбажамц гуай одоогоор агар хувин, зэс домбон халуун сав хийгээд завгүй суух бөгөөд цагаан сарын хамгийн сайн гүйлгээтэй бүтээгдэхүүнээр тодроод байгаа гэнэ.

-Та хоршоондоо нэлээд хэдэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна. Агар хувин зэс домбоо хэрхэн хийдэг вэ?

-Хүнсний бүтээгдэхүүн хийх учраас ямар нэг цавуу огт хэрэглэдэггүй. Маш сайн харуулдаж, өөлж шахаж завсаргүй болгодог юм. Тэгээд хэвлэж бэлдсэн хувингаа гадуур нь зэс бүслүүрээр орооно. Бүх зүйлийг нь гар аргаар хийдэг болохоор ажиллагаа ихтэй. Хоёр хүн нийлээд гурван өдөр ноцолдож байж нэг хувин гаргадаг. Харин энэ зэс халуун савны хувьд түүхий эд нь элбэг ч үнэтэй байдаг. Мөн л зэсээ нимгэн хавтгайлж бэлдэх, хэвийг нь хийх гээд бүгдийг гар аргаар хийнэ. Тийм болохоор жаахан үнэтэй байдаг юм.

Мөн барилгын ажил эхлэхээр хамгийн сайн гүйлгээтэй байдаг бүтээгдэхүүн блок байдаг. Би улирлын чанартай ажилтан нэмж аваад өдөрт дор хаяж 500 гаран блок үйлдвэрлэж захиалагч нартаа нийлүүлдэг. Блокоо хийж хатаахад хашаа маань жижигдээд байдаг болохоор илүү хийх ч боломж байдаггүй.

Дамбажамц гуай мөн үртсэн пийшин хийдэг бөгөөд хашаандаа байх дөрвөн ч айлын түлшний асуудлыг бүрэн шийдэж өгсөн нь ажил үйлчилгээ явуулахад маш их дөхөм болдог аж. Үртсээ модны захаас авчихдаг ба савлаж бэлдсэн нэг торх үртэс 3-5 цаг дулаанаа барьдаг. Энэ үртэсний хүчээр л энэ олон айлын халаалтыг шийдэж өгч байгаа аж. Хэрвээ нүүрсээр халдаг зуухтай байсан бол түлшиндээ хамаг мөнгөө зарцуулаад эдийн засгийн хувьд хүндрэлтэй байх байсан шүү гэсэн юм. 

Ийнхүү тал бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг "Хайнаг толгой" хоршоог "Баялаг бүтээгчдийг дэмжинэ" төсөл онцоллоо.