m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.17 15:16
660
Төрийн хан хуурч Ц. Цэрэндорж: Дэлхий дахинд монголчуудын хүрээгүй газар гэж үгүй

Монгол түмэн морин жилээ үдэж, хонин жилээ угтан, айл хотол, төрөл садангаараа мэндийн сайхан үг хэлэлцэн золгож буй сар шинийн нэгний билэгт сайн өдөр "Масс Зочин"-ны хоймортоо Монгол төрийн хан хуурч Ц. Цэрэндорж гуайг урин оролцуулж байгаа билээ.

- Энэ сайхан ярилцлагыг өгөх завшааныг тохиолдуулан монголчууддаа баярын мэнд хүргэе. Дэлхийд монголчуудын мөр хүрээгүй газар гэж үгүй. Эзэн их Чингис хаан маань  энэ дэлхий дээр ямар их орон зай эзлэж байсныг Монголын ард түмэн мэднэ ээ. Монгол туургатнууд болон, нутаг нутаг, таван тив, дөрвөн далайд дуугаа өргөж, ажил үйлсээ бүтээж, арвин сайхан эрдэм сурч, аливаа бүхнийг санан бодож эргээд сайхан Монголдоо ирэх ийм сайхан хүмүүс та бүгдийн минь ажил үйлс дэлхий дахинаа дуурсаж байх болтугай гэж ерөөгөөд Сар шинийн мэнд хүргэе!

-Жил жилийн цагаан сарын шинийн 1-нд та Төрийн хан хуурыг татаж улс орныхоо тухайн жилийн жаврыг үргээдэг билээ. Тиймээс таныг монголчууд төрийн хан хуурч Ц.Цэрэндорж гэдгээр нь илүү мэддэг. Та аль нутгийн хүн билээ. Таны мэргэжил юу вэ. Ер нь та хэрхэн хуурч болсон бэ?

- Би Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутгийн хүн. Төрж өссөн нутагтаа бага сургууль төгсөөд ар гэрийн гачигдлаар малчин болж байлаа. Дараа нь өргөж авсан ээжийнхээ хамт аймагт шилжин ирээд барилга дээр ажиллах болов. Аймагт ажиллаж байх үед маань нэгэн урлагийн үзлэг болж түүнд дуу бүжиг хоёроороо оролцсон юм. Урлагийн үзлэгээс сарын дараа нэг өдөр аймгийн соёлын хэлтэст дуудаж би ч  очлоо. Соёлын хэлтсийн дарга нь Баян-Овоо суманд бага сургуульд байхад багшилж байсан Бадамгарав багш маань байв. Багш минь намайг суулгаад “ За чи сая болсон урлагийн үзлэгээр хөөрхөн дуулж бүжиглэж, морин хуур татлаа. Миний шавь сайн явж байгаад баяртай байна. Бага байхын хөөрхөн дуулдаг байсныг чинь багш нь мэднэ. Чамайг Соёлын ордондоо гурван сар жүжигчнээр авч ажиллуулах саналтай байна. Удахгүй намын баярт зориулсан тоглолт концерт болно. Энэ хугацаанд сайн байвал Соёлын ордондоо авъя” гээд багш минь инээж байсан нь санагддаг юм.

Ингээд би аймгийнхаа Соёлын ордонд жүжигчин болж 15 жил жүжигчний ажил хийж байгаад МУИС-д Монгол хэл утга зохиолын ангид шалгалт өгч тэнцээд таван жил шамдан сурсан хүн дээ.

Бадамгарав дарга маань сайхан хүн дээ. Миний амьралд том байр суурь эзлэж явдаг юм. Ингээд би аймгийнхаа Соёлын ордонд жүжигчин болж 15 жил жүжигчний ажил хийж байгаад МУИС-д Монгол хэл утга зохиолын ангид шалгалт өгч тэнцээд таван жил шамдан сурсан хүн дээ. Монгол хэлний ангид сурах болсон нэг шалтгаан маань багаасаа ерөөл магтаал зохиодог байсан явдал юм. Тэр сайхан сургуульдаа боловсрол эзэмшиж, магтаал зохиох, яруу найраг бичих арга барил эзэмшиж, нэгэн шат ахисан юм даа. Сургуулиа төгсөөд Монголын Зохиолчдын эвлэлийн хороонд ажиллаж эхлэв.

-Төрийн хан хуурыг 1992 онд Төрийн хүндэтгэлийн өргөөнд залснаас хойш та энэ хуурыг татдаг болсон билээ. Та төрийн хан хуурын билэгдлийн тухай болон энэ хуур хэрхэн бүтсэн талаар ярьж өгөхгүй юу?

- Монголын ард түмэн эрт дээр үеэсээ хуур хөгжмөө дээдлэж ирсэн. Эзэн Чингис хааны үед төрийн өргөө ордонд алтан хуурыг залж, Аргусан хуурч хуурдаж байсан түүх байдаг. Тэр хуур дайн тулааны хөлд үрэгдээд ор сураггүй болсон болов уу. Үүнээс хойш төр маань 700-800 гаруй жил хуургүй явж иржээ. Ийм учраас хуур залах нь зүйтэй гэж бодоод П.Очирбат Ерөнхийлөгчид сонордуулан саналаа оруулж байлаа. П. Очирбат Ерөнхийлөгч миний гаргасан саналыг хүлээн авч хуур залах болсон билээ. Хуур урлаач Уламбаяр гэдэг хүн сайхан урлаж өгч хуурандаа би “Төрийн их хан хуур” гэж нэр өгөөд төрийнхөө ордонд залж байсан түүхтэй. Анх залж байснаас хойш 22 жил төрийн хан хуурыг цэнгүүлэн татаж байна даа.

Төрийн хан хуур маань хүндэтгэлийн хувьд гэвэл Монгол маягийн ширэн цартай, суран татуургатай, ногоон толгойтой, үндэсний хээгээр чимэглэсэн Монгол хуурын уламжлалыг баримтлаж хийлгэсэн хуур байгаа юм. Үүний дараахан Ерөнхийлөгч Н. Багабанди хуураа дээдэлье гэж зарлиг гаргаж, хуурын дэг жаяг, хэмжээ, хуурыг цэнгүүлэн татахад төр түмэндээ өргөх айлтгал магтаал гэдгийг би бас зохиож зарлигаар батламжлуулж, хан хуур маань хүндэтгэлийн хувьд сайхан болж байлаа.

- Та түрүүн хэллээ л дээ. Соёлын ордонд дуу бүжгээр оролцоод хуур татсан гэж. Тэгэхээр та их багаасаа хуур татдаг байсан хэрэг үү. Та морин хуурийг яаж сурч байсан бэ?

-Манай гэрт төмөр цартай морин хуур миний ухаан орсон цагаас л байдаг байсан. Тэр хуураар өргөж авсан ээж минь хөөрхөн жононгийн ая тоглодог хүн байсан. Хамгийн анх тэр жоног л татаж сурсан даа. Говь нутагт бол жонон хар морины явдал гэдэг юм.

- Тэгэхээр таны хуурын анхны багш өргөж авсан ээж тань байжээ дээ?

-Тийм ээ. Өргөж авсан ээжийнхээ хуурын аяыг чагнаж, жонон хар мориных нь аяыг сурч байлаа. Хуурыг татдаг арга ухааныг ээжээсээ л өвлөн, монгол аргаар л сурсан хэрэг. Одоо ч мөн төрийн хан хуурыг зохиолын дуу, аялгуу хийж дараагүй. Ерөнхийлөгчийн зарлигт зааснаар үндэснийхээ их аялгуу, морины явдлыг цэнгүүлнэ гэж байгаа юм.

- Хөхөө Намжил хайртай морио дурсаж морины толгойтой хуур сийлж хуурдаж байсан домгийг багадаа сонсож, хуурын тухай анх мэддэг болж билээ. Дэлхийн соёлын өвд Монголын хэмээн бүртгэгдсэн энэ хосгүй хөгжмийн зэмсэгийн үүсэл болон төрлийн талаар та хуучлахгүй юу. Морин хуур түүхэн цаг үеийн явцад өөрчлөгдөж байсан болов уу?

- Монголын ард түмний оюун санаагаар үүссэн хуур хөгжим их эрт үеэс үүссэн гэж боддог юм. Монгол хүн морио унаж, наадмаа хийж байх үедээ энэ хуур гэдэг хөгжмөө уулынхаа сайхан модоор урлаж, мориныхоо сайхан сүүлээр хялгаслаж, энэ хоёр зүйл яахын аргагүй бүрэлдэхүүн болж ирсэн түүхтэй болов уу. Манайхаас өөр оронд хялгасаар хийсэн хөгжмийн хөвч бол байхгүй. Хийл хөгжмийг сүүлийн үед заримдаа хялгасаар хийх болсон. Бусдаар бол нийлэг эд шүү дээ. Хуур хөгжим яг төдийд үүссэн гэсэн баримт нотолгоо бол байдаггүй юм. Ер нь хуур их эртний уламжлалтай. Эзэн Чингис хааны үед морин толгойтой байсан байхаа гэж боддог. Яагаад гэхээр би нэгэн түүх ярья л даа. Оюутан байхдаа хэсэг нөхдийн хамт Якутад очиж Амар мөрний эрэг дээр сайхан амрангаа тэр нутгийн ард олонд туслаж явлаа.

Монголын ард түмэн Манжийн дарлалаас гараад тэр зүйлийг нь устгаад дахин морин толгойтой болгосон нь ойлгомжтой юм.

Якутад байшингийн гурвалжин дээвэр дээр өөд өөдөөс нь харуулсан хоёр морин толгой хадсан байхтай таарч байв. Учрыг асууваас Өгөөдэй хааны үед морийг шүтдэг байснаас улбаатай, морины уяа ч бас морин толгойтой гэж хэлж байсан юм. Өгөөдэй хаан маань тухайн үедээ Якут орчимд байлдан дагуулж явсан хүн шүү дээ. Энэ морин толгой тэгэхээр танай энд их дэлгэр байдаг хэрэг үү гэж асууваас, дээр үед бүр морин толгойтой хөгжим байсан гэдэг юм билээ. Тэр хөгжим нь манай Якутад дэлгэрээгүй, харин та энэ морин толгойтой хөгжим дээр тоглож байгаа нь их баярлууштай сайхан байна. Тэр дээр үеийн хуур хөгжим ийм л хуур байсан байхаа гэж хэлж байж билээ. Тэгэхээр Яагаад эзэн Чингис хааны үеэс хуур маань морин толгойтой байх байсан билээ гэдэг ярианы маань үндэс энэ болж байна. Түүнээс хойш Манжууд манайхыг 200 гаруй жил эрхшээлдээ оруулж байх үед хуурны морин толгойг луу толгой, хун толгой болгосон байгаа юм. Монголын ард түмэн Манжийн дарлалаас гараад тэр зүйлийг нь устгаад дахин морин толгойтой болгосон нь ойлгомжтой юм.

- Үнэхээр сайхан түүх байна. Тэгэхээр Монголын түүхэнд олон сайхан хуурчид байсан болов уу. Та тэр сайхан хуурчид болон хүндэлж явдаг хуурчдынхаа талаар ярьж өгөхгүй юу?

Өдий хүртэл 300 гаруй магтаал, 30-аад төрлийн ерөөл зохиогоод байна даа

- Аргусан хуурч гэж алдартай сайхан хуурч байсан. Эзэн Чингис хааны хуурч, шүлэгч хүн л дээ. Шихихутаг бас л сайхан хуурддаг байсан гэдэг. Тэр үеэс л хуур хөгжмийн тухай яригдаж, толгой нь хэсэг хугацаанд өөрчлөгдсөн ч гэсэн хуур хөгжим маань найман зууныг туулж иржээ. Миний хувьд гэвэл монгол аргаараа нутагтаа өөрөө сураад л, хуурдаж ирсэн хүн л дээ. Шүтдэг, хүндэлдэг хүний тухайд гэвэл аймгийн Соёлын ордонд маань хөгжмийн багш Сүрэнгийн Чулуундорж гэж хуур ч хөөрхөн дарчихдаг, ая ч гоё зохиочихдог хүн байсан. Аймгийн Соёлын ордонд ирснийхээ дараа би “Алтан говийн магтаал” гэж магтаал өөрөө зохиогоод хууран дээрээ уншсан юм. Магтаал уншиж эхэлсэн үүсгэвэр маань энэ. Үүнээс өмнө 1958 онд Бүх ард түмний урлагийн анхдугаар наадам гэж болж байсан юм. Тэр наадамд аймагтаа “Ар хөвчийн унага”-ыг дуулж хуурдаж оролцож байсан удаатай. Тухайн үед үг өөрөө зохиож чадахгүй байсан байх л даа. Анх удаагаа л дуулж хуурдахыг хамт хийсэн минь тэр. Ингэж дуулж хуурдсан минь сүүлд өөрөө үг зохиоход их хэрэг болсон гэж би боддог юм. Тэр үед үзэл суртлын шалгуур гэж байлаа. Намайг дуулж хуурдсны дараагаар нэг хүн дуулж, өөр хүн хуурдах юмыг хамт нэг хүн хуурдаж дуулах чинь эвгүй юм биш үү гэж хүмүүс хэлэхэд нь харин нэг хүн дуулж хуурдах чинь сонирхолтой байна шүү дээ гэж Бадамгарав дарга маань хэлж байсансан. Ар хөвчийн унагаараа тэр урлагийн наадмаар байр шагналд орж байлаа.

- Таныг төрийн хан хуурч гэдгээс гадна Монголын Ерөөлч магтаалчдын төвийн тэргүүн гэж хүмүүс мэдэх байх. Та ч бас яриан дундаа магтаалынхаа тухай дурьдлаа. Монголын ард түмний аман зохиолын нэгэн гайхамшигт төрөл болох магтаал тантай ер нь ямар шижмээр холбоотой болов?

- Магтаалын тухайд Өмнөговийнхоо “Алтанговийн магтаал” гэдгийг эхэлж зохиосон цаг үеэс л магтаал зохиох болсон. Өдий хүртэл 300 гаруй магтаал, 30-аад төрлийн ерөөл зохиогоод байна даа. Магтаал бол элбэг. Янз бүрийн зүйлийг магтаж магтаал хэлж болно. Настан буурлын магтаал, уул ус гээд нэрлэж болох юм. Энэ бүхнээрээ нэгэн ном гаргах гэж төлөвлөж, зохиолоо бүрдүүлж, ангилж байна даа. Магтаал бол Монголын ард түмний зан заншил, эртнээс өвлөн авсан бүх л зүйл, уул ус, газар тэнгэр, мал сүрэг, хүний аз жаргал, хурим найр бүхэнд магтаал ерөөлийн бүх сэдэв байдаг юм. Нэгэн хөөрхөн халзан хурга байсан ч магтан бичиж болдог. Жижгээсээ том хүртлээ магтаж болдог. Гадаадад очиход ч тэр сайхан улс орныг магтах Гонгконгийн магтаал, Парисын магтаал ч юм уу, дэлхий дахины энх амгалан сайн сайхныг магтах, дэлхийд амгалан байх болтугай гэж магтах зэрэг байж болно.

Биднийг ярилцаж суух зуур Цэрэндорж гуайн утас дуугарч төрсөн нутаг Өмнөговь аймгаас нь саяхан төрсөн Монгол Улсын гурван сая дахь иргэдэд зориулж сайхан магтаал хэлж өгөх хүсэлт ирлээ. Цэрэндорж гуай ч аятайхан сайхан магтаал хэлж өгвөл гурван сая дахь иргэндээ билэгдэлтэй байх болов уу хэмээн ярьж дотроо нэгийг тунгаан суулаа.

- Морин хуурын хосгүй хөг аялгууг дэлхий дахинд таниулах үйл хэрэгт таны оруулсан хувь нэмэр арвин их болов уу. Дэлхийн хэмжээний олон тоглолтонд оролцож явсан болов уу та?

- Олон улс орноор аялан тоглож явлаа. Хонгконгод болсон Ази тивийн наадамд Хонгконгийн тухай магтаалаараа оролцож дуу хуураа өргөж явлаа. Солонгост олон улсын Урлагийн наадам, Парис дахь Баруун Европын урлаг соёлын төвд гэх мэт газруудад тоглож байлаа. Тоглолт маань амжилттай сайхан болбол хэрэг бүтэж байгаа нь тэр. Ардын урлагаар бол уралдаан тэмцээн гэж бол болохгүй л дээ. Зүгээр сайхан оролцоод ая дуугаа өргөөд л явна шүү дээ.

- Магтаал ер нь хэдий үеэс эхлэлтэй бол. Магтаалын хувьд таны багш гэмээр хүндэлж явдаг хүмүүс олон болов уу?

- Магтаалыг аялгуулан хэлэх гэдэг бас л дээхэн үеэс эхлэлтэй л дээ. Дээр үед Лувсаншарав гэдэг хүн магтаалыг аялгуулан хуурдаж хэлдэг байсан гэдэг. Дараагаар нь Норов хуурч гэж магтаалч шүлэгч хүн хуурдаж хуучирдаж уншдаг сайхан хүн байсан. Монголын ард түмэн мэдэлгүй яахав Дагийранз гэж сайхан жүжигчин хүн Монголын Ард түмний I, II наадмаар дуулж хуурдаж алтан медаль хүртэж байсан даа. Дагийранз маань домог аялгуулан хуурддаг талаараа гайхалтай хүн дээ. Энэ сайхан хүмүүсийг би бас хүндэлж явдаг юм байгаа юм. Дагийранзийнхаа тэр урлагийн наадамд уншиж хуурдаж байсан номерийг бас хоёуланг нь цээжилж уншиж, Дагийранзтайгаа сайхан найз явлаа.

- Сая та хэллээ магтаал ерөөлөөрөө сайхан ном гаргана гэж.  Энэ бол хойч үедээ ардын өв уламжлалаа үлдээж сургаж байгаа соёлын өв, эх сурвалж болж байна гэж би ойлгож байна. Энэ сайхан эрдэмээ хойч үедээ сургах үйлсэд харамгүй зүтгэж яваа хүний хувьд шавь нарынхаа тухайд ярихгүй юу?

- Шавь нар олоон олон. Ноднин жил төрсөн нутаг Баян-Овоо сумандаа очихдоо хуурддаггүй, магтдаггүй 10 хүүхдэд ерөөл магтаал заагаад “Манай нутгаар зочилон очоорой” гэдэг аялгуут магтаал сургаад ирсэн. Тэр мэтээр Улаанбаатар хотод ч таниас хуур суръя, магтаал суръя гэсэн хүүхэд залуус ирэх болгонд магтаалын дөртэй, хуурын дөртэй болгоод л өгдөг дөө. Сонирхол ихтэй хүн бол тэгээд л цаашаа явна даа.

- Айл бүр хуураа дээдлэн хоймортоо залж уламжлалаа дээдлэх болсон өнөө үед морин хуур татаж сурах эрмэлзэлтэй залуус олон болсон болов уу. Тэдгээр залуус маань төрийн хан хуурчаасаа сургаал сонсох хүсэл байдаг байх.

Хуур дуугарсан газар чөтгөр тогтдоггүй ч гэж ярьдаг. Хуурыг татаж гэрийн жавар үргээнэ ч гэдэг.

- Одоогоос хэдэн жилийн өмнө телевизээр хуурын хэдэн цуврал хичээл зааж байлаа. Тэндээс маань сонирхсон хүмүүс ямар ч байсан жононгийн цохилготой болсон байгаа юм. Тэр нэврүүлэг үр өгөөжөө өгч хүмүүсээс талархсан болон дахиж хичээлээ заахгүй юу, дахин нэврүүлж өгөөч гэсэн хүсэлт тухайн үед ирж байсан нь сайхан үр нөлөөтэй хэрэг болсоон. Говь нутагт маань айл болгон л морин хууртай байдаг байсан даа. Хуурыг сурах хүсэлтэй залуус маань юун түрүүн өөртөө хууртай байх ёстой юм байгаа. Ер нь ч хууртай айлыг бүтэн айл гэдэг шүү дээ. Хуур дуугарсан газар чөтгөр тогтдоггүй ч гэж ярьдаг. Хуурыг татаж гэрийн жавар үргээнэ ч гэдэг. Жавар гэдэг нь хүйтний жавар гэсэн утгатай биш шүү дээ. Муу муухайг үргээнэ арилгана гэсэн санаа. Өндөр уулын орой дээр гараад хуур татаж байхад сэрвэлзэж байсан салхи хуураа татаад дуусахад намддаг нь үнэхээр агаар тэнгэр, уул усны холбоо хуур хөгжимд байдаг юм байна гэж санагддаг юм.

-Таны хүүхдүүдээс таны хуурыг, магтаалыг өвлөн авсан хүн байгаа юу?

- Миний хүү Соёл-Эрдэнэ хуур гайгүй тоглож магтаал хэлнэ ээ. Одоо Японы хөгжимчидтэй хуур магтаалаараа тоглолт хийж явна даа.  Бид хоёр хамтдаа гадаадын улс орнуудаар тоглолт их хийдэг дээ.

 

- Таны сайхан өргөө гэрт орж ирэхэд энэ сайхан монгол ахуй, сийлбэр их өвөрмөц санагдлаа. Хүнд хобби, хийх дуртай зүйл гэж байдаг. Энэ бүхэн таны хоббины нэг хэсэг болов уу гэж бодлоо.

- Монгол хүн монголоороо байх юмсан гэж л боддог л доо. Ингээд сайхан монгол гэр бариатай байна гэдэг нь гаднын хүн ирээд монгол гэрт ороод иржээ гэж ойлгогдоно, монгол ахуйг мэднэ. Тиймээс амьдран сууж байгаа байраа дандаа монгол гэрийн хийцтэй болгодог. Хороололд байсан анхны байранд минь Очирбат Ерөнхийлөгч гэргийтэйгээ очиж үзэж сонирхож бас их сайхан ач холбогдол өгч баярлуулж байлаа.

-Таньд сар шинэдээ сайхан шинэлээд, ирэх жилдээ уран бүтээлийг олз омог ихтэй байж, өөдлөн дэвжиж яваарай гэж өөрийн зүгээс болон дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчуудынхаа өмнөөс хүсье. Сар шинийн эхний энэ сайхан өдөр та Монголын ард түмэндээ зориулж нэгэн сайхан ерөөл өргөөч?

- Монголын ард түмэн морин жилээ үдэж хонин жилтэйгээ золгож байнаа. Морин жил өөдрөг сайхан жил байлаа. Монголын ард түмэн улам олон болж 3 сая дахь иргэнээ хүлээж авлаа.

Ирж байгаа шинэ ондоо Монголын ард түмэн  минь

Алтай таван богдоосоо Дорнын их уул хүртэл

Алтанговийн уудмаасаа хилийн их овоо хүртэл

Эх орон даяараа сар шинэдээ сайхан шинэлэх болтугай.

Ирж байгаа ондоо ихийн их амжилттай

Үдэж байгаа ондоо үлдсэн сайхан баяртай

Энэ сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Идээ цагаа нь бялхан байх болтугай.

Адуу мал нь хөдөөгөөрөө налайж байх болтугай.

Айраг сүү нь хөхүүрээрээ дүүрэн байх болтугай.

Ирж байгаа зун нь ногоон тал дээрээ наамдаа наадсан

Дэлгэр сайхан зун болох болтугай гэж ерөөе дөө.

 

- Сайхан ерөөл тань бат орших болтугай. Хурай хурай хурай. Танд баярлалаа.