m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.24 06:52
448
Д.Отгонням: Өөрсдийн гэсэн дэлгүүртэй болохоор ажиллаж байна

Бид “Баялаг бүтээгч” буландаа ажлын хувцас үйлдвэрлэдэг “Алхам оёдол” оёдлын цехийн эрхлэгч Д.Отгоннямтай ярилцлаа.

-Та цехээ танилцуулахгүй юу. Яаж яваад энэ салбарт орсон бэ?

-1985 онд анх Багануур дүүрэгт ирээд оёдлын нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчноор ороод одоог хүртэл эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажиллаж байна. Анх “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв” байгуулагдахад бид ажлын хувцасны тасаг байгуулж байсан.

Тасгаа байгуулчихаад уул уурхай, зам тээвэр, нийгмийн хамгааллын газрын хөдөлмөр аюулгүй хамгааллын хувцсыг оёж эхэлсэн.

Хүмүүс ажлын хувцсыг орон нутагт үйлдвэрлэж байна гэхээр огт итгэдэггүй. Итгэсэн ч чанаргүй л хувцас байгаа гэдэг. Дээрээс нь өнгө дизайн их муу гэлцдэг.

Манай оёдлын тасгийн бусдаас ялгарах давуу тал гэвэл ганцхан ажлын хувцас гэлтгүй төрөл бүрийн загварын хувцас оёдог. Сүүлийн үед сар шинийн баяр тохиосон учраас үндэснийхээ хувцсыг түлхүү оёсон. Дээрээс нь оффисын хувцас, хавар намрын гадуур хувцас, гоёлын даашинз зэргийг үйлдвэрлэдгээрээ онцлогтой.

Ажлын хувцасны хувьд захиалагчийн хүссэн дизайн, өнгө төрхөөр нь хийдэг. Материалын хувьд нормын хувцасны материалыг стандартын дагуу үйлдвэрлэж байна.

-Ажлын хувцсанд тогтсон стандарт гэж байдаг. Ялангуяа уул уурхайн ажилчдын хувцас хөдөлмөр, аюулгүй байдлыг дээд зэргээр хангахуйц байх хэрэгтэй байдаг байх. Энэ стандартыг хэрхэн тогтоодог вэ?

-Уул уурхайн хувьд цаанаасаа тогтсон стандарт байдаг юм билээ. Жишээлбэл, уул уурхайн ажилчдын хувцас нийлэг, цахилгаанжсан материал байх ёсгүй, харин дан даавуун материал байх ёстой.

Харин бусад ажлын хувцсыг захиалагч нар материал, өнгө дизайныг нь захиалгаар хийлгэдэг. Ер нь хөдөлмөр хамгааллын хувцас бүр өөр өөрийн онцлогтой. Бас хэтэрхий загварлаг, дээрээс нь хүнд байж болдоггүй. Янз бүрийн дэгээ, гогцоо байх шаардлагагүй гэж үздэг юм билээ.

Тэгээд өнгөрсөн онд 30 орчим оёдолчинтой хамтран “Багануур” ХХК-ийн зуны ажлын 1538 ширхэг хувцсыг цаг хугацаанд нь түргэн шуурхай, чанартай хийж гүйцэтгэсэн. Дараа нь 520 ширхэг өвлийн хувцас хийсэн.

-1538 ширхэг хувцсыг 30 орчим оёдолчинтой хамтарч оёсон гэсэн. Тэгвэл танайх үйлдвэртээ нийт хэдэн оёдолчинтой вэ?

-Тогтмол дөрвөн оёдолчин ажиллаж байна. Хэрэв олноор хувцас хийх захиалга ирвэл гэрээрээ оёдол хийдэг хүмүүстэй гэрээ байгуулж ажилладаг. Бас өрх толгойлсон, орлого багатай айлын гэрийн эзэгтэй нартай хамтардаг.

-Ажлын хувцаснаас гадна гоёлын даашинз, үндэсний зээл зэргийг хийдэг юм байна. Харин загвар дизайныг хэрхэн гаргадаг вэ?

-Загварыг голдуу захиалагчийн хүсэлтээр гаргадаг. Харин технологийн хувьд би өөрөө эсгүүрээ гаргаад явдаг.

-Үнэ ханш ямар байдаг вэ. Жишээлбэл, уул уурхайн нэг ажилчны хувцас хэдэн төгрөгийн үнэтэй вэ?

-Боломжийн гэж боддог. Нэг их үнэтэй ч биш, тэгсэн хэрнээ тийм хямд ч биш. Учир нь манайх хүний биед харшил өгдөг, нийлэг материалаас аль болох татгалзахыг эрмэлздэг.

Тухайлбал, ажилчны хувцасны ширхэгийн үнэ нь загвараасаа шалтгаалаад 65-110 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг. Харин уул уурхайн нэг ажилчны хувцас 50700 төгрөгийн үнэтэй. Яагаад гэвэл, үүнд нь зориулаад хөрөнгө мөнгө төсөвлөхөөр үүндээ багтаадаг, дээрээс нь олноор нь оёхоор үнэ ханш нь ч бага гардаг.

-Материалаа хаанаас авдаг вэ. Хотоос оруулж ирдэг үү?

-Ихэвчлэн Хятадаас оруулж ирдэг. Бас Улаанбаатар хотод байдаг “Үлэмж” гээд ажлын хувцасны материал зардаг тусгай дэлгүүрээс бараагаа татаж авдаг.

-Орон нутагт ажиллаж буй ажилчдын хувцасны дийлэнхийг хотоос авчирдаг. Учир нь хөдөө, орон нутагт ажиллах боловсон хүчин болоод бүтээгдэхүүний чанар муу гэсэн ойлголттой холбоотой байх. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Хэрэв үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжээд, орон нутагт ажиллаж буй боловсон хүчнээ Төр засгаас дэмжиж ажиллавал хамаагүй ашигтай гэж боддог. Яагаад гэхээр бид хэрэв өөрсдөө зах зээлээ бий болгоод, өөр хоорондоо өрсөлдөж чадвал дагаад чанар нь ч сайжирна. Тэгэхгүй орон нутагт хийсэн болгон чанаргүй гэж ойлгоод байвал хэн ч бидний бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байсаар байгаад дампуурна. Ингэснээр эргээд ажилгүйчүүд нь ихэснэ гэсэн үг.

Түүнчлэн Улаанбаатар хотоос оруулж ирэхээр их үнэтэй байдаг. Бас заавал хотод үйлдвэрлэсэн бүхэн чанартай байдаггүй.

-Хотоос хэр их захиалга ирдэг вэ?

-Хувь хүмүүсийн захиалга ирдэг. Голдуу интернэтээр захиалга авдаг. Сар шинийн баяраар нэлээд захиалга авсан.

Тэгээд ч Багануур дүүрэгт зах зээл муу шүү дээ. Тухайн хамтарч ажиллах байгууллагадаа тал засаж байж бүтээгдэхүүнээ борлуулна уу гэхээс олон нийтийг хамрах боломж бололцоо их бага байдаг. Сая манайд Засаг даргын дэмжлэгээр “Дүнжингарав” худалдааны төвд гурван сарын хугацаатай лангуу гаргаж өгсөн. Тэгээд хотод борлуулалт хийхээр үнэхээр өөр юм билээ. Зах зээл нь ч том, хамаагүй хурдан эргэлтэд орж чаддаг.

-Үйл ажиллагаагаа явуулж эхлээд тодорхой хугацаа өнгөрсөн байна. Уул уурхайн компаниас гадна өөр захиалга орж ирж байна уу?

-Сүүлийн үед ойр хавийн сумдаас хувцас оёулах хүсэлт ирж байгаа. Тэгээд ч ажлын хувцсыг бэлэн оёод тавьсан байхад хэзээд эрэлттэй байдаг.

-Ажлын хувцас болоод жирийн хувцасны ялгаа хэр их байдаг вэ?

-Материалын хувьд ажлын хувцас тогтсон нэг материалтай. Тэр нь улсын хэмжээнд стандартаар тогтоож өгсөн байдаг. Харин өдөр тутмын хувцасны хувьд янз бүр өөр өөрийн онцлогтой.

Мөн оёдлын хувьд ажлын хувцас нь өдөр тутмын хувцастай их ойролцоо болоод байгаа. Урьд нь оёход хялбар, нэг хэвэнд цутгасан юм шиг ижил байсан бол одоо илүү нарийн ажиллагаатай болсон. Жишээлбэл, өмд гэхэд л хоёр талдаа халаастай, нарийн оруулгатай, суудал нь өндөр, нам, гаднах хувцас нь салдаг нэхий дотортой гэх мэтчилэн.

-Ажлын хувцас улирлын чанартай байдаг гэсэн. Тэгэхээр өвөл, зунаас бусад улиралд ажил зогсох хандлага их байдаг байх?

-Мэдээж шүү дээ. Уул уурхайн 1538 ширхэг ажлын хувцсыг гэхэд 45 хоног оёж дуусгасан. Үүний дараа заавал тодорхой хугацаанд завсардана. Мөн “Авто жим” гэхэд 100 хүрэхгүй л хувцас хийлгэдэг. Тэгэхээр дараагийн улирлыг хүлээхээс өөр аргагүй.

Гэхдээ завсардаж байх хугацаандаа бид зүгээр байхыг хүсдэггүй. Хажуугаар нь ширээстэй өмд оёж зарахаас авахуулаад оффисын хувцас хийдэг.

-Танайх дүүргийнхээ жижиг, дунд үйлдвэрлэлийн дэмжих төв дээр үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Байрны түрээс, хураамж төлдөг үү?

-Түрээс төлдөг. Гэхдээ 50 хувийн хөнгөлөлттэй. Тэгээд ус, цахилгааны мөнгө төлөхгүй гэхээр бидэнд үнэхээр их тус болдог. Дээрээс нь саруулхан, тохилог, цэвэрхэн, өвөлдөө дулаахан байдаг.

-Та бүхэнд үйлдвэрээ өргөтгөх бодол бий юу. Ингэхийн тулд ямар бэрхшээл тулгарч байгаа вэ?

-Мэдээж тийм бодол байлгүй яахав. Би хоёр удаа төсөл бичиж үзсэн ч аль нь ч дэмжигдээгүй. Би анх энд гурван оёдолчин, нэг жижиг оёдлын машинтай л орж ирсэн. Харин одоо үйлдвэр маань жигдрээд, нэг оёдлын машин маань 5-6 боллоо. Ажлын байрны тоо ч нэмэгдсэн. Тийм болохоор элдэв асуудал алга. Харин Багануур дүүрэгт борлуулалтын цэг их тааруу байдаг. Тэрийг л шийдээд өгчихвөл бүх юм бүтэх гээд байна.

Цаашдаа өөрийн гэсэн дэлгүүртэй болоод, бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх зорилт тавиад ажиллаж байгаа.

-Та бүхний ажилд улам их амжилтыг хүсье

-Баярлалаа.