m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 01:31
266
Төлбөрийн тэнцэл алдагдалтай гарчээ

Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оноос сайжирч байгаагаас төлбөрийн тэнцлийн барааны тэнцэл ашигтай гарсан ч үйлчилгээний тэнцэл ихээхэн алдагдалтай гарснаар урсгал данс 985 сая ам.долларын алдагдалтай гарсан гэж Сангийн яамнаас мэдээлэв. Харин хөрөнгө ба санхүүгийн данс 753 сая ам.долларт хүрч, нийт дүнгээр төлбөрийн тэнцэл өнгөрсөн онд 471 сая ам.долларын алдагдалтай гарчээ.

Түүнчлэн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 87.9 хувийн, нийт зарлага 92.4 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 808.0 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.

Харин төсвийн орлогын өсөлт, бууралт нь эдийн засгийн өсөлтөөс илүүтэй манай экспортын гол бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлт бууралтаас ихээхэн хамаарч байгаа аж. Тухайлбал, 2006 болон 2008 онд эдийн засгийн өсөлт 9.0 орчим хувьтай байсан бол зэсийн үнийн өсөлт өндөр байсан 2006 онд төсвийн орлогын өсөлт харьцангуй өндөр байв. Түүнчлэн 2012-2013 онд эдийн засгийн өсөлт 12 орчим хувьтай байсан ч дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ бууралттай байсан (экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний үнэ бууралттай байсан)-аас төсвийн орлогын өсөлтийн түвшин бага байна.