m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 01:36
103
Эхнэрүүдийг баярлуулах энгийн санаа

Өглөө бүрийг хамтдаа
Өлөө бүрийг түүнтэйгээ хамт аз жаргалтай угт. Хэдий ажилдаа яарч байсан ч өглөөний цайгаа хамтдаа ууж дуусаад гэрээсээ гар. Хүндхэн өглөө байсан ч чи л байгаа учраас бүх зүйл сайхан болно гэдгийг түүнд мэдрүүлж хамгийн чангаар тэвэр. Түүнд амьдрал дэндүү сайхан санагдана. Энэ бол чиний эхнэртээ өгч чадах хайр гэдэг бэлэг.

Чадахаараа тусла
Ядаж өдөр бүр биш юм аа гэхэд нэг өдөр түүнийхээ ажилд чин сэтгэлээсээ тусал. Ядарч унатлаа өдөржин завгүй байдаг ч гэр ажил гээд бүх зүйлийг амжуулж чаддаг түүндээ нэг өдөр ч гэсэн амрах боломж олго. Энэ бол чиний түүнд өгч чадах халамж гэдэг бэлэг.

Түүнд л зориулагдсан онцгой өдөр
Зөвхөн өнөөдөр түүнд зориулж хамгийн сайхан хослолоо өмсөөд өөрийн гараар ширээ дүүрэн зоог бэлдэж гэрээ гялалзуулаад сууж байгаарай залуу минь. Тэр гайхсандаа бараг л ухаан алдаад унах вий. Тэсэлгүй нулимс унагаж энгэрт чинь наалдаад л авах биз. Энэ бол чиний түүнд өгч чадах хичээл зүтгэл гэдэг бэлэг юм.

Өөрийн гараар бүтээ
Түүндээ зориулж хэтэрхий үнэтэй эд авах гээд сэтгэл санаа тааруухан явна уу? Чи түүнд хэдэн зуун саяын үнэт эрдэнэс авлаа ч тэр өдөр бүр түүнийгээ энгэртээ зүүж чадахгүй. Харин чи өөрийнхөө гараар эвлэгхэн хийсэн бугуйвч, зургийн цомог эсвэл тавилга байвал тэр өдөр бүр хайрлан хэрэглэх болно. Хамтдаа хөгширч ач зээгээ тойруулах үедээ чиний өөрөө бүтээж дурсамж үлдээсэн зүйлийг л байн байн онилж ярих вий. Энэ бол чиний түүнд өгч чадах дурсамж гэдэг бэлэг юм.

Нисэхэд нь хөөргөх салхи бай
Тэр мөрөөдөлдөө умбаж нэг л өдөр хүрэх “бүтэшгүй” зорилгынхоо талаар ярьж, дүүлэх шахан хөөрч байна уу? Яг одоо л чи түүнд улам дээш тэмүүлж, өөртөө бүрэн итгэж, илүү их эр зоригтой болоход нь туслах хүч нь бай. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө тэнгэрт дүүлэх үед нь араас нь хүч нэмж өгдөг салхи бай. Энэ бол чиний түүнд өгч чадах урам зориг гэдэг бэлэг юм.

Алдааг нь хайрла 
“Амьдралд алдаж үзээгүй хүн байдаг бол тэр үнэндээ амьдарч үзээгүй хүн” гэж нэгэн суут хүн хэлсэн байдаг юм. Өөрөө өөрийнхөө гаргасан алдаанд өөрөө ч харамсаад аргаа барж суугаа эхнэртээ сэтгэлийн тэнхээ хайрла. Өөр бусад хүмүүс түүнийг чинь хүссэнээрээ буруутгаж болох ч чи түүнийхээ алдааг нь ч ойлгож хайрлах хэрэгтэй. Мөрөө түшүүл, аргадаж эрхлүүл, тайвшруулж энхрийл. Энэ бол чиний түүнд өгч чадах уучлал гэдэг бэлэг.

Хамгийн төгс бэлэг 
Түүнийхээ бүх л зүйлд итгэ. Хэлэх үг бүрт нь, хийх үйлдэл бүрт нь, алдаанд оноонд нь, мөрөөдөлд нь, найзуудад нь, гэр бүлд нь гээд бүхий л зүйлд нь итгэж хайрла. Заримдаа найзуудтайгаа наргих үед нь шөнөжин хүлээж ядарсан ч гэлээ эр хүн шиг зан гаргаж гэртээ халуун хоолтой, дулаан хөнжилтэй угтаж ав. Харанхуй шөнө эр нөхөр нь өөрийг нь ирж авна гээд битүүхэн хүлээж л суугаа. Хэлж чаддаггүй юм. Эмэгтэй хүн гуйж чаддаггүй дээ биш чамайг өөрт нь итгэж, бүгдийг мэдрээсэй гэж хүсдэг юм. Тиймээс л итгэ.