m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 02:36
60
Хүндэтгэлийн концерт тоглоно

Монголын орчин цагийн хөгжмийн тулгын чулууг тавилцаж, ард түмнийхээ урлан ургуулах их авьяас билгээр бүтсэн олон зууны хөгжмийн хөгжлийн уламжлалыг өрнө дахины соёл иргэншлийн гол ололт болсон "сонгомол" хөгжмийн дэвшилтэй холбож, манай хөгжмийн урлагийг шинэ түвшинд авч ирсэн шинэчлэгчдийн нэг нь хөгжмийн зохиолч Сэмбийн Гончигсумлаа юм. Тэрбээр 1915 оны хоёрдугаар сарын 18-нд Баянхонгор аймгийн Өлзийт сумын "Ихэн хашаатын худаг" гэдэг газар төржээ. Монголын соёл урлагийн хөгжлийг шинэ түвшинд хүргэсэн нөр их хөдөлмөрийг нь үнэлж 1961 онд "Ганхуяг" бүжгэн жүжгээр БНМАУ-ын Төрийн шагнал, 1965 онд БНМАУ-ын Урлагийн гавъяат зүтгэлтэн, 1971 онд БНМАУ-ын Ардын жүжигчин цолыг тус тус олгосон байна. Түүний мэндэлсний 80 насны ойгоор Улаанбаатар хотын Хөгжим бүжгийн коллежийг хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн нэрэмжит болгожээ. Энэ жил 100 жилийн ойг нь ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр хэд хэдэн ажлыг Хөгжим бүжгийн коллежоос зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр түүнд зориулсан хүндэтгэлийн концерт Дуурь бүжгийн эрдмийн театрт болох юм.