m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 03:38
70
Суаресын дубль, Мессигийн алдаа

Аваргуудын лигийн 2014/15 оны улирлын шөвгийн 16 багийн тулаанууд үргэлжилж байгаа билээ. Урд шөнө тун ч сонирхолтой хоёр тоглолт боллоо.

 

МАНЧЕСТЕР СИТИ – БАРСЕЛОНА 1:2

Гоол: Суарес 16 (0:1). Суарес 30 (0:2). Агуэро 69 (1:2)

Манчестер Сити (Англи): Харт, Сабалета, Компани, Демикелис, Клиши, Насри (Фернандинью 62), Фернанду Режес, Милнер, Сильва (Санья 78), Жеко (Бони 68), Агуэро

Барселона (Испани): Тер Штеген, Даниэл Алвес (Адриану 75), Пике, Машерано, Жорди Альба, Ракитич (Матье 71), Серхио Бускетс, Иньеста, Месси, Суарес, Неймар (Педро 80)

Шар хуудас: Ракитич 41. Даниэл Алвес 45. Клиши 59. Адриану 88. Фернанду Режес 90

Улаан хуудас: Клиши 74

Шүүгч: Брих (Герман)

Ялангуяа Манчестер хотноо болсон Английн аварга “Манчестер Сити”, Испанийн алдарт “Барселона” багуудын тоглолт олны анхаарлын төвд байлаа. Өнгөрсөн жил энэ хоёр баг яг энэ шатанд учраа таарахад каталончууд өрсөлдөгчөө хоёр тоглолтын нийлбэрээр 4:1-ээр илүүрхэн хожиж байсан юм. Харин энэ удаа “Сити” үхлийн хэсгээс “Рома”, “Бавари Мюнхен” багуудыг хожиж гарч ирсэн, Евроцомын тэмцээний багагүй туршлагатай болсон учраас үзэгчид төдийгүй мэргэжилтнүүд тэнцүүхэн өрсөлдөөн өрнөнө хэмээн таамаглаж байв. Тэгээд ч Месси ба түүний нөхөд хамгийн сүүлд “Малага”-д гэртээ хожигдсон бол “Хотынхон” эсрэгээр “Ньюкасл”-ыг 5:0-ээр бутниргэж, сэргэлт аваад байлаа. “Сити”-гийн тоглогчид ч хэвлэлээр ноднин өрсөлдөгчөө хэт хүндэлж, айснаас болж хожигдсон, энэ удаа үхэх сэхэхээ үзнэ ухааны юм ярьж байлаа.

Гэхдээ Аваргуудын лигийн дунд шөвөгт найм дахь жилдээ дараалан шалгарах зорилго тээн Англид ирсэн “Барселона” ямархуу туршлагатай баг болохоо, хэр зэрэг шилдэг хөлбөмбөгчидтэй вэ гэдгээ хангалттай нотолж чадлаа. Тэд тоглолтын нэгдүгээр үеийн турш өрсөлдөгчөөсөө илт илүүрхэж, уругвай довтлогч Луис Суарес ердөө 30-хан минутын дотор дубль хийх нь тэр. Тэрбээр эхлээд “Сити”-гийн ахлагч Венсан Компанигийн алдааг ашиглан солгой хөлийн оновчтой цохилтоор эхний бөмбөгийг оруулсан. Дараа нь Альбагийн хөндлөн дамжуулалтыг амжилттай хатгасан юм. Ер нь зочид өрсөлдөгчийнхөө хамгаалалтыг хялбархан сэтэлж, хаалгач Жо Хартад ихээхэн төвөг учруулж байлаа.   

Харин завсарлагааны дараа Мануэль Пеллегринигийн шавь нар шал өөр тоглолт үзүүлэх болов. Үр дүнд нь Агуэро гоолдож, багтаа итгэл найдварыг авчрав. Тэрбээр үүний өмнө Машераног хэд хэдэн удаа аргалсан ч сүүлийн мөчид Пике дээр очоод бүтэлгүйтээд байснаа ийнхүү цайруулж чадав. Хэрэв тоглолт энэ чигээрээ үргэлжилвэл “Сити” удахгүй тэнцээний гоолыг оруулах мэт. Гэвч “Барса”-гийн дасгалжуулагч Луис Энрике хамгаалалтдаа хүн нэмж, Агуэрод хууртагдаад байсан Машераног үндсэн “цэвэрлэгч”-ийнх нь байрлалд тавьснаар каталончууд урьдын адил бөмбөгийг илүүтэй эзэмшиж, тоглолтыг хянах болов. Улмаар шүүгчийн мэдлийн цаг дуусч байх мөчид “Ман Сити”-гийн баруун жигүүрийн хамгаалагч Пабло Сабалета шигшээгийн анд Лионель Месси дээр алдаа гаргаж, 11 метрийн цохилтоор торгуулах нь тэр. Багийнхаа эхний хоёр гоолд гар бие оролцсон аргентин залуу энэ сайхан боломжийг ашиглаж чадсангүй. Тэрбээр пенальтиа Жо Хартад хаалгуулсан бөгөөд ойсон бөмбөгийг нэмж мөргөсөн ч байгаа оносонгүй.


 
Тоглолтын дараах хэвлэлийн бага хурал дээр “Сити”-гийн дасгалжуулагч Мануэль Пеллегрини “Хартын хаасан 11 метрийн цохилт бидэнд бага ч атугай итгэл найдвар авчирлаа. Хэрвээ тоглолт 1:3-аар зочдын ялалтаар өндөрлөсөн бол бид дараагийн шатны тухай мөрөөдөөд ч хэрэггүй байсан байх” хэмээсэн бол “Барса”-гийн коач Луис Энрике “Бид хожил авах үндсэн зорилгоо биелүүлсэн. Тооны харьцаа тийм ч чухал биш. Хүн болгон л алддагийн адилаар өнөөдөр Мессид аз тохиосонгүй” хэмээн өгүүлжээ.
 

ЮВЕНТУС – БОРУССИ ДОРТМУНД 2:1

Гоол: Тевес 13 (1:0). Ройс 18 (1:1). Мората 43 (2:1)

Ювентус (Итали): Буффон, Лихтштайнер, Бонуччи, Кьеллини, Эвра, Пирло (Пирло 37), Видаль (Падоин 86), Маркизио, Погба, Тевес (Коман 89), Мората

Борусси (Герман): Вайденфеллер, Пищек (Гинтер 32), Сократис (Кирх 46), Хуммельс, Шмельцер, Гюндоган, Шахин, Обамеянг, Мхитарян, Ройс, Иммобиле (Блащикоски 76)

Шар хуудас: Видаль 48. Перейра 79

Шүүгч: Матеу Лаос (Испани)

Нөгөө хос “Ювентус”-“Борусси Дортмунд”-ын тоглолт ч сонирхолтой болсон. Хоёр баг Евроцомын тэмцээнд хэд хэдэн удаа таарч тоглож байсан бөгөөд хамгийн сүүлд 1997 оны Аваргуудын лигийн финалд Дортмундын баг 3:1-ээр хожсоноос хойш ахин уулзалдаагүй байсан юм.

Хоёр жилийн өмнө “Бавари”-тай үзүүр түрүү булаалдаж байсан "Борусси"-гийн хувьд улирлыг тун тааруу эхлүүлж, саяхныг хүртэл хүснэгтийн сүүлчийн байрт бичигдэж явсан ч сүүлийн гурван тоглолтдоо дараалан хожсон нь бага зэргийн найдлага төрүүлж байлаа. Хэдий тийм ч дөрөв дэх жилдээ дараалан Италийн аварга болох магадлал өндөртэй яваа “Ювентус” талбай дээрээ илүүрхэж Карлос Тевес, Альваро Мората нарын гоолоор хожив. Хэдхэн хоногийн өмнө багтайгаа гэрээгээ сунгасан Марко Ройс хариу нэг бөмбөг хийсэн байна.