m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 04:54
492
Гарын бэлгийн талаар ташаа мэдээлэл тараасан нь харамсалтай байна

 Сар шинийн баярын үеэр олон нийтийн сүлжээгээр тарсан зарим мэдээллийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүйгээс тодрууллаа.

-Сар шинийн баярыг тохиолдуулан өндөр настан ахмад буурлуудад Төрийн тэргүүний илгээсэн гарын бэлгийг хэтэрхий хямдхан байна гэж зарим хүн олон нийтийн сүлжээгээр тараажээ. Энэ талаар та тайлбар өгнө үү?

-Ийм мэдээлэл түгээж байгаа хүмүүс олон нийтийн сүлжээгээр бодит байдлаас зөрүүтэй ташаа мэдээлэлийг олон нийтэд хүргэж байгаа нь харамсалтай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргын хувьд бэлгийг бэлтгэх, тушаал шийдвэр гаргах, гүйцэтгэлийг хангуулах ажлыг хариуцсаны хувьд тайлбар хийж, тодруулга өгөх нь миний үүрэг юм.

Ерөнхийлөгчийн гарын бэлэгт уламжлал ёсоор 9-ийн тоог бэлгэдэж есөн төрлийн зүйл багтаадаг.

Ахмад настны нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Цагаан сарын баярыг тохиолдуулан 100 болон түүнээс дээш нас зооглосон өндөр настай ахмад буурлуудад жил бүр Төрийн тэргүүний мэндчилгээ, гарын бэлэг хүргүүлдэг уламжлалтай.

-Гарын бэлэгт юу юу багтдаг вэ?

-Ерөнхийлөгчийн гарын бэлэгт уламжлал ёсоор 9-ийн тоог бэлгэдэж есөн төрлийн зүйл багтаадаг. Энэ жилийн бэлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн хонин жилийн шинийн 1-нд зориулсан мэндчилгээ, алд цэнхэр хадаг, цаг тооны бичиг, Алтан говь” шоколад, цагаан  идээний дээж ааруул, ёотон, “Стимо” компанийн савлагаатай ногоон цай, “Монгол нэхмэл”  компанийн цэвэр хонины ноосон дээлийн даавуу, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бэлэг-2015” гэсэн бичигтэй бэлгийн хайрцаг зэрэг багтсан. Нэг бэлгийн үнэ ойролцоогоор 118 орчим мянган төгрөг болсон.

Нэг бэлгийн үнэ ойролцоогоор 118 орчим мянган төгрөг болсон.

Гарын бэлгэнд ийм зүйлс багтжээ.

 

-Бэлгийг настан буурлуудад яаж хүргүүлдэг юм бэ?

-Энэ жил аймаг, орон нутаг, нийслэлийн өндөр настнуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөлөл биечлэн хүргэж өгсөн. Хаягандаа байхгүй, хаягийн шилжилт хөдөлгөөн хийлгээгүй ганц, хоёр ахмадын бэлгийг тухайн дүүрэг, хорооны Засаг даргын Тамгын газарт өгөөд байна. Олон нийтийн сүлжээгээр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэн, 108 настай Хоовон гуайн зургийг тараасан байна. Энэ хүний бэлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтан Т.Дэлгэрдалай, Г.Туяацэцэг нар 2 дугаар сарын 17-нд биечлэн хүргэж өгсөн. Тэр үеэр Хоовон гуайн охин баярлаж талархсанаа илэрхийлж зураг аваад олон нийтийн сүлжээнд “Баярлалаа” гэсэн үгтэй тавьсан байдаг. Гэтэл үүнийг хөндлөнгөөс зориуд санаатайгаар мушгин гуйвуулж тараасан нь харамсалтай.

Тэгээд ч аливаа асуулалд гоомой хандаж, цаашилбал Төрийн тэргүүний болон Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэн 108 настай настан буурал Хоовон гуайн нэр төрд халдаж болохгүй шүү дээ. Тэр хөгшин өөрийнх нь бэлэг авч буй зургийг тавьчихаад элдэв зүйл бичиж байгааг мэдээгүй л байгаа байх. Өөрөө мэдвэл их л гомдоно доо. Худал мэдээлэл тарааж буй хүмүүс албан ёсоор уучлал хүсэх чадвартай ёс суртахуунтай гэдэгт бид найдаж байна.

Төгсгөлд нь  хэлэхэд нийт хэдэн бэлэг, хэдэн төгрөгөөр бэлтгэж хаанаас худалдан авалт хийснийг хүссэн хүн бүр Ерөнхийлөгчийн Тамгын газрын шилэн данснаас харж болно. Бид мэдээлэл, шийдвэрээ хуулийн дагуу шилэн дансанд байршуулсан байгааг  энэ дашрамд хэлье.