m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 05:07
291
Гандантэгчилэн хийдийн ойр орчимд ийм байна

Монголчууд сар шинийн 15-нд багтаан тухайн жилийнхээ заслыг хийлгэдэг уламжлалтай. Энэ жил ч энэ уламжлал хэвээр мөрдөгдөж сүм хийдүүд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Гандантэгчилэн хийдээр үйлчлүүлэгсэд ямар ном уншуулж, хэрхэн засал хийлгэж буйг сурвалжлахаар зорив.

Монголын бурхан шашинтны төв Гандагтэгчилэн хийдэд засал номоо хийлгэх олны хөл тасрахгүй байгаа нь илт. Гандангийн хаалгаар оронгуут хэд хэдэн цагдаа нар эргүүл хийж байгаа нь содон харагдав. Тэднээс асуухад буян номын газар гэмт хэрэг гарах нь бага ч хулгайн гэмт хэрэг гардаг.

Иргэд уншуулах номоосоо шалтгаалаад өөр өөр хэмжээний хөлс төлж байсан юм

Түүнээс гадна олон хүн ирдэг болохоор автомашин хоорондоо мөргөлдөх тохиолдол бишгүй гардаг тул тухайн үед нь яаралтай арга хэмжээ аван зохицуулалт хийдэг гэсэн юм. Гандагтэгчилэн хийдийн хувьд тогтсон үнэ хөлс байдаггүй гэх боловч иргэд уншуулах номоосоо шалтгаалаад өөр өөр хэмжээний хөлс төлж байсан юм. Гэвч номын нэрсийг бичээд ард нь үнэ хөлсийг нь  бичсэн самбар өлгөөтэй байв. Харин арц, аршааныг жижиг уутанд савлан зарах бөгөөд хэдэн төгрөгөөр борлуулж байгааг лавлахад сүсэгээрээ өгөөд авч болно хэмээн хэлж байлаа.

 

Тус хийдийн хувьд 10 бичээч зэрэг ажиллаад ч  дараалал барагдах шинж алга. Хонь жилийн заслаа хийлгэхээр очсон иргэд нэг гэр бүлийн засал хийлгэхэд дунджаар 30 орчим мянган төгрөг тусгайлан засалтай бол үүнээс илүү их хэмжээний мөнгө төлж буйгаа дуулгав.

М.Бянаа “Өглөө эрт ирсэн болохоор дараалал харьцангуй бага байлаа. Үнэ өртгийн хувьд нэмэгдсэн зүйл алга. Гандангийн лам нар их сайхан тайлбарлаж, хэлж өгч байна. Энэ жил бүх үр хүүхдээ даатган ном бичүүлж, уншууллаа нийт 35 мянган төгрөгийн ном бичүүлж, уншуулав” хэмээв.

Гандагтэгчилэн хийдийн хувьд 13 бага том хийдэд  600 гаруй лам нар 09.00-12.00 цаг хүртэл заслын ном хурж байна 

Номоо бичүүлсэнийхээ дараа уншуулах лам дээрээ мөн л удаан дугаарлан зогсоно. Гандагтэгчилэн хийдийн хувьд 13 бага том хийдэд  600 гаруй лам нар 09.00-12.00 цаг хүртэл заслын ном хурж байгаа бол 14.00-19.00 цаг хүртэл ерөөлийн ном айлдаж байгаа хэмээн тус хийдийн Их Шанзодба тэргүүн айлдсан юм. Тэрбээр сүсэгтэн олны хувьд шинийн 15-ны дотор засал номоо хийлгэх ёстой хэмээн бодож, дараалал үүсгэдэг. Ер нь хэдийд ч уншуулж болно. Харин шинийн 15-ны дотор номын ёсоор ажил, амьдралаа эхлэх ёстой. Энэ өдрүүдэд бусдад ерөөлтэй, нүгэл үйлдэхгүй, буян сайн хийх хэрэгтэй гэсэн юм.

 

Номоо уншуулж дуусаад тухайн ламдаа сүжгээрээ мөнгө өгч буй хүн олон харагдав. Иргэдийн хувьд хүслийн модонд хүслээ шивнэн, Жанрайсэг бурхандаа мөргөн, өргөлөө өргөн гарч байв. Харин Жанрайсэг бурхны үүдэнд шашны сургуулийн шавь нар “Ганжуур номыг 10000 төгрөгөөр уншиж байна” хэмээн сүсэгтэн олноос төрсөн он, жил, нэрийг нь хэлүүлэн бичиж байлаа. Түүнчлэн таван төрлийн тарнитай мөнгийг 1000 төгрөгөөр борлуулж харагдав. Хэрхэн тарнитай гэдгийг мэдэх вэ гэж асуутал “Мөнгөний ард талд таван төрлийн тарни бичсэн байгаа. Мөн ламд номоо уншуулахдаа  мөнгөө тарнитай болгож болно шүү дээ” гэв. Ламаахай нарын хэлснээр Шашны сургууль ортол цөөн хэдэн хүн Ганжуур ном хурж байгааг сонсож адис хүртэж байв.

Таван төрлийн тарнитай мөнгийг 1000 төгрөгөөр борлуулж харагдав

Гандантэгчилэн хийдийн ойр орчимд байрлах хувийн жижиг хийдээр ортол мөнгө илүү төлж байгаа болохоор ч тэрүү нэг лам дээр тусгайлан засал номоо хийлгэж байгаа харагдав. Хийдийн үүдээр гарангуут шашны эд зүйлсийн дэлгүүр байх бөгөөд хийморийн дарцаг 1500-2000 төгрөгөөр борлуулж байсан бол тухайн жилийн ээлтэй чулууг 1500 төгрөг хэмээн зарж байлаа.