m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 06:10
48
Тээврийн хэрэгслийн татвараа зургадугаар сараас өмнө төлөх гэнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын автотээврийн хэрэгслийн албан татвар төлөх, хураах ажлыг шинэ системээр явуулах болсонтой холбогдуулан өнөөдөр Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал, Нийслэлийн замын цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлын газрын холбогдох хүмүүс мэдээлэл хийлээ.

Энэ журмын дагуу одоогоор хүчин төгөлдөр мөрдөж байгаа  хуулийн жил бүрийн зургаадугаар сарын 1-ны дотор авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын хураамж, зам ашигласны татвар, төлбөр хураах ажлыг мөрддөг байсныг өөрчлөн тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор дараах байдлаар тухайн оны зургаадугаар сарын 1-ний дотор багтаан зохион байгуулахаар журамласан байна.

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоор тухайн сард татвараа төлнө 

Үүнд,

1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард

2, 7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард

3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард

4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард

5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард тус тус төлөхөөр заажээ.

Уг журмыг НЗД-ын хоёрдугаар сарын 17-ны захирамжаар баталсан тул нэг, хоёрдугаар сард төлөх ёстой байсан  иргэд ирэх зургадугаар сарын 1-нээс өмнө төлж болох гэнэ. Тээврийн хэрэгслийн албан татвараа хугацаанд нь төлөөгүй эзэмшигчийг хууль, тогтоомжинд заасан хувь хэмжээгээр торгууль ноогдуулах юм байна. Харин хуулийн хугацаанд буюу зургадугаар сарын 1-нээс хойш татвараа төлөөгүй бол тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авах гэнэ.

Ийнхүү тээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацааг улсын дугаарын сүүлийн оронгоор ангилж өгснөөр зургаадугаар сард үүсдэг ачааллыг багасгаж чадна хэмээн үзэж байгаа юм. 

 Автотээврийн хэрэгслийн татварын хэмжээнд ямар нэгэн байдлаар өөрчлөлт ороогүй

Мөн  албан татвараа  төлбөрийн олон төрлөөр төлдөг тогтолцоонд шилжүүлэхээр ажиллаж байгааг албаныхан дуулгалаа. Ингэснээр иргэд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө зөвхөн Улаанбаатар банк гэлтгүй арилжааны бусад банкуудад төлөх боломжтой болох юм. 

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр нь нийслэлийн Авто замын санд буюу нийслэлийн төсөвт хувиарлагддаг бөгөөд уг мөнгийг нийслэлийн замын засвар, арчилгаа, гэмтэл, тэмдэглэгээ, нөхөөсөнд зарцуулдаг аж. Мөн автотээврийн хэрэгслийн татварын хэмжээнд ямар нэгэн байдлаар өөрчлөлт ороогүй аж.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө зөвхөн Улаанбаатар банк гэлтгүй арилжааны бусад банкуудад төлөх боломжтой болно