m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 07:05
47
Эдийн засгийн байнгын хороо ажлаа тайлагнав

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар тус байнгын хорооноос 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл хийв. 

Байнгын хорооны дарга Ж.Батсуурь, Эдийн засгийн байнгын хорооноос 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулсан ажлын дийлэнх нь төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийг тодорхойлох, эдийн засгийг эрчимжүүлэх, чөлөөт бүсийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх, эрх зүйн орчныг шинэчлэх, 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар Байнгын хорооны санал, дүгнэлт гаргаж, хэлэлцүүлэх зарим хууль, тогтоомжийн хэрэгжилтийг шалган танилцаж, үүрэг чиглэл өгөх зэрэгт чиглэгдлээ хэмээн онцолсон юм.

2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо нийтдээ 23 удаа, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хяналтын чиглэлээр байгуулагдсан ажлын хэсгүүд 83 удаа тус тус хуралджээ.

Байнгын хороо 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд давхардсан тоогоор 58 асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 49 санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 10 ажлын хэсэг байгуулан ажиллуулсан байна.

Ээлжит чуулганы хугацаанд 20 хууль, 17 тогтоолын төслийг эцэслэн батлуулж, эдийн засаг, зээлтэй холбоотой олон улсын 5 гэрээг хэлэлцэв 

Ээлжит чуулганы хугацаанд 20 хууль, 17 тогтоолын төслийг эцэслэн батлуулж, эдийн засаг, зээлтэй холбоотой олон улсын 5 гэрээ, хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлсэн хэмээн Байнгын хорооны дарга Ж.Батсуурь мэдээлсэн.

Ээлжит чуулганы хугацаанд Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн 18 хууль, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай, Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2015 оны төсвийн тухай зэрэг УИХ-ын тогтоолуудыг хэлэлцэн баталсныг байнгын хорооны дарга танилцуулав.