m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.25 14:06
231
“Монголд үйлдвэрлэв” дэлхийн брэнд болох цаг ойрхон

Сар шинийн баярын өмнөхөн “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” гэсэн уриан дор үзэсгэлэн худалдааг олноор  нь зохион байгуулж, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд таниулах, ойртуулах арга хэмжээ өргөн хүрээтэй боллоо. Жилээс жилд сонголт, хийц сайжрах үндэсний бүтээгдэхүүнээ худалдан авах хэрэглэгчдийн тоо өсөн нэмэгдэж байгаа нь нэн сайшаалтай. Сар шинийн баяр гэлтгүйгээр өдөр тутмын хэрэгцээндээ та бид үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ хэрэглэж хэвшил болгох нь  зүйтэй санагдана. Ингэснээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд зогсохгүй гадагшаа урсах мөнгөний урсгалыг зогсоож, доройтоод байгаа эдийн засагтаа хүн бүр хувь нэмрээ оруулах нэгэн хэлбэр юм. Далайд дусал нэмэр гэдэг шиг өчүүхэн ч болов хувь нэмэр багадна гэж үгүй. Монголын газар нутагт өвөг дээдэс маань 2000 гаруй жилийн тэртээ төрт улсаа байгуулах үеэсээ мал аж ахуйд тулгуурласан өөрийн онцлогтой бүтээгдэхүүнээ жингийн цуваанд тээн алсыг зорин арилжин солилцож байсан торгоны замын түүх тодхон. Дэлхий дахинаа таашаан хэрэглэдэг брэнд хэмээн нэрлэгддэг нэр хүндтэй бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц ноос ноолуур, арьс шир, эсгий болон хүнсний бүтээгдэхүүн Монгол оронд маань ч олон байдаг билээ.

Үнэндээ бид дотооддоо байнгын эргэлтэнд байдаг үндэсний баялагийг бий болгож чадаж гэмээ нь хөгжлийн гол түлхүүр болох нь дамжиггүй.  2001 оныг Монгол Улс үндэсний үйлдвэрлэлийг дэмжих жил болгож байсан ч төдийлөн дорвитой ажил хийгдэлгүй хэдийнээ олны танил болсон цөөн хэдэн үндэсний үйлдвэрлэлээсээ хэтрэхгүй байсан цаг саяхан. Уул уурхайн олборлолт, гадаадын хөрөнгө оруулалтын үр нөлөө эдийн засагт хөгжил авчирах мэтээр найдах нэгэн хэсэг байдаг ч шавхагддаг баялагаа ухаж олборлох, гаднын бизнесийнхэнд таатай боломж олгох нь түр зуурын өнгөцхөн эдийн засгийн өсөлт авчрах уу эсвэл үнэхээрийн хөгжил авчрах уу гэдийг бодох л асуудал. Аажим аажмаар доройтсоор аль хэдийнээ хямралд хүрсэн эдийн засгаа жаахан ч болов сэргээх найдлагыг Засгийн газар дотоодын бизнес эрхлэгчиддээ тавьж байгааг өнгөрсөн оны босгон дээр Ерөнхий сайд  Ч. Сайханбилэгийн бизнес эрхлэгчидтэй хийсэн уузлалтын өнгө аясаас болон удаа дараа төрийн эрх баригчдын хэлсэн үг уриалганаас мэдэх билээ.

Шавхагддаг баялагаа ухаж олборлох, гадны бизнесийнхэнд таатай боломж олгох нь түр зуурын өнгөцхөн эдийн засгийн өсөлт авчрах уу эсвэл үнэхээрийн хөгжил авчрах уу гэдийг бодох л асуудал.

2011 онд Засгийн газраас Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих талаар авах арга хэмжээний талаар  тогтоол гаргаж төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, үйлчилгээг тэргүүн ээлжинд дотоодын үйлдвэрлэлээс авахыг үүрэг болгон бүх төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүн, савхи, ноолууран болон хөдөлмөр хамгааллын, дүрэмт хувцас хэрэглэл, эсгий, сүү, хүнсний ногоо гэх мэт бүтээгдэхүүнүүдийг жагсаалтаар батлаж өгсөн нь зүйтэй алхам болжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн гэлтгүй өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага, зоогийн газар, үйлдвэр, үйлчилгээний газрууд төдийгүй өрх гэр бүр боломжоороо үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ түлхүү хэрэглэхийг дор бүрнээ ухамсарлаваас хөгжил дөт бизээ. Өнөөдрийн өөхөөс маргаашийн уушиг дээр гэж алсын хараатай өвөг дээдэс маань ярьдаг байсан. Өнөө маргаашийн хэдэн зуун төгрөгийн үнийн ялгаа эсвэл брэнд гэсэн нэр, бусдыг дууриах сэтгэлгээгээр сонголт хийлгүйгээр үндэснийхээ бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшцгээе.

Өнөө маргаашийн хэдэн зуун төгрөгний үнийн ялгаа эсвэл гадны брэнд гэсэн нэр, бусдыг дууриах сэтгэлгээгээр сонголт хийлгүйгээр үндэснийхээ бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшцгээе.

Үнэндээ та бидний дэлхийн брэнд хэмээн сайшаан хэрэглэдэг бүхэн маань тухайн үйлдвэрлэгч хийгээд тухайн үйлдвэрлэлийг дэмжигч үнэнч худалдан авагчдын олон жилийн хичээл зүтгэлээр өнөөгийн төвшинд хүрснийг та тунгаан бодох буй за. Үүний нэгэн адилаар “Монголд үйлдвэрлэв” бүтээгдэхүүнүүд олноороо дэлхийн брэнд болох цагийг ойртуулах нэгэн хүч нь та билээ. 

“Монголд үйлдвэрлэв” бүтээгдэхүүнүүд олноороо дэлхийн брэнд болох цагийг ойртуулах нэгэн хүч нь та билээ.