m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 01:51
79
Д.Цэвээнравдан: Үйлдвэрлэл, бизнест ээлтэй аймаг болох зорилттой

Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан “Бид хамгийн гол нь хэтийн зорилтоо зөв тодорхойлж чадсан гэж бодож байгаа” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь энэ тухайгаа жаахан тодруулж ярина уу гэснээр бидний ярилцлага эхлэв.

-Сайхан хаваржиж байна уу?

-Сайхаан. Та бүхэн аятай тавтай явж ирэв үү?

-Танай аймагт сурвалжлах ажлаар ирээд байна. Ингээд Ховд нутгийнхан морин жилдээ чухам юу хийж амжуулсныг сонирхож байна?

-Бид морин жилд Ховд хотын ирээдүйн хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг бүгдийг батлуулж авсан. Тэр дотор Ховд хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, мөн Ховд аймгийн ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөө гэж бий.

Бас Ховд аймагт хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлогын баримт бичиг багтана. Дараа нь хэрэгжүүлэх ажлыг зөв гольдролоор эхлүүлээд байна. Үүний дүнд Ховд хотыг тэлж хөгжүүлэх суурь асуудлыг цогцоор нь шийдэж чадсан Монголын цорын ганц аймаг болох төлвийг бий болголоо гэсэн үг юм. Эдгээр том зорилтоо тодорхойлохын үүднээс ард иргэдийнхээ дунд санал, асуулга явуулсан. Үүний дүнд хэд хэдэн цогц асуудлыг шийдвэрлэх нь зүйтэйг олж харсан. Юуны өмнө Ховддоо хүн амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилт тэргүүн зэрэгт тавигдсан. Дараагийнх нь улсын хэмжээнд үйлдвэрлэл эрхлэхийг дэмжсэн зөв бодлоготой аймаг байх нь чухлыг тодорхойлсон байгаа. Мөн тогтвортой ногоон хөгжлийн загвар аймаг болох том зорилт тавьсан юм. Тэгээд бодлогын баримт бичгүүдээ аймгийнхаа хөгжлийг томъёолж үзэхдээ зөвхөн өнөөдрөө бодсон байдлаас огт өөрөөр хандсан. Огт өөрөөр гэдэг нь бид аймгийг удирдаж байгаа хугацаандаа хөгжлийн эх суурийг л сайн тавих арга замыг эрэлхийлсэн.

-Та бүхний өмнөө тавьсан зорилт нэлээд холыг харсан шинжтэй нь ойлгогдож байна. Тэрнийгээ хэрэгжүүлэх ажил морин жилд хэр явцтай болов доо?

-Бодлогоо хэрэгжүүлэх үйл явцыг засаглалын хувьд ил тод, нээлттэй, иргэдийн оролцоог дээд зэргээр хангах зарчимд үндэслэсэн байгаа. Ер нь тогтвортой хөгжлийн гол үндэс нь хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах явдал юм. Өнгөрсөн 2014 онд аймгийн хэмжээнд нийт 300-гаад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн дүн гарсан. Үүний 240 гаруй тэрбум нь гадаад, дотоодын хувийн хэвшлийн байгууллагаас оруулсан хөрөнгө оруулалт байсан бол үлдсэн хэсэг нь олон улсын байгууллагын тусламжаас бүрдсэн юм. Хөрөнгө оруулалт гайгүй болохоор бүтээн байгуулалтын ажил ч ахицтай болж ирлээ. Тухайлбал аймгийн нутаг дэвсгэрт 2014 оны эцсийн байдлаар 900 гаруй км хатуу хучилттай сайн чанарын автозам баригдсан. Зам дагаж хөгжил ирдэг гэдэг. Тийм болохоор бид замын ажилд нэлээд анхаарсан. Одоо манай аймгийн 16 сумын 12 нь хатуу хучилттай замд холбогдож, ойртлоо. Замаас арай алс дөрвөн сум байна. Ер нь Ховд аймаг автозамын бүтээн байгуулалтаар аль ч аймгаас илүү болж эхэллээ. Нэг гол зам бол Ховд аймгаас Алтайг давуулаад баруун хил хүрсэн 470-аад км хатуу хучилттай замыг ашиглалтад оруулсан. Орос-Хятадыг холбосон Азийн босоо тэнхлэгийн зам манай аймгийн нутгаар дайрч өнгөрдөг. Эдгээр замын бүрэн баригдсанаар Алтайг тойрсон автозамын алтан цагираг бий болж, тэр нь Монгол орны баруун бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөтгөх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг нээж өгөх юм. Манай аймагт 2015 онд 400 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж ирэх тооцоог бид хийсэн. Тэр дотор автозамын бүтээн байгуулалт гол байрыг эзэлж байгаа. Энэ онд Ховдоос Өлгий хүрэх 162 км замын ажил эхэлнэ. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр баригдах юм. Мөн манай Дарви сумаас Говь-Алтайн чиглэлийн замын ажил концессийн гэрээгээр энэ хавраас хэрэгжиж эхэлнэ. Бас Манханы гүүрээс Сар хайрханы гүүр хүрэх замын ажлыг гүйцээх ажил бий.

-Үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар ямар ажил амжуулсан бол?

-Одоо манай аймагт 100-гаад жижиг дунд үйлдвэр байна. Сүүлийн хоёр жилд дийлэнх нь бий болсон. Ер нь аймгийн зүгээс үйлдвэрлэлийг дэмжих бодлого барьж ирснээр барилгын материалын 20 гаруй, дээр нь малын ноос, ноолуурыг боловсруулж эд зүйл хийдэг үйлдвэрүүдийн тоо нэмэгдлээ. Тэр дотор нэг удаад 400 мянган тоосго үйлдвэрлэх хүчин чадалтай томоохон үйлдвэр ашиглалтад оруулсан юм. Тэжээлийн үйлдвэр хэд хэдтэй болсон. Хүн амын өргөн хэрэгцээний бүтээгдэхүүн тухайлбал гутал, хувцас өргөн үйлдвэрлэх боллоо. Нөгөө талаар манайх чинь нутаг дэвсгэртээ цахилгаан үйлдвэрлэдэг аймаг. Баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээний бараг 30 хувийг Дөргөний усан цахилгаан станц хангадаг. Жилдээ 37-38 сая киловатт эрчим хүч үйлдвэрлэж байгаа юм.

-Орон сууц нэлээд барьжээ дээ?

-Тийм шүү. Өнгөрсөн оны сүүлчээр 200 гаруй айлын орон сууцыг ашиглалтад орууллаа. Уг нь 720 айлын орон сууц баригдчихаад байгаа юм. Хувийн хэвшлийнхний хөрөнгө, хүчээр гол нь боссон доо. Ер нь бид дөрвөн жилд 1000 айлын орон сууц барих юм. Энд нэг хэлэх зүйл нь иргэдийн маань орон сууц худалдан авалт их сайн байгаа. Сүүлийн хоёр жилд 100 гаруй тэрбум төгрөгийн орон сууц худалдан авсан мэдээ бий.

-Худалдан авалт сайн байгаа гэдэг нь иргэд мөнгөтэй байна гэсэн үг гэж ойлгож болох нь ээ дээ?

-Тооцож үзэхэд жилдээ иргэдийн гар дээр 300 гаруй тэрбум төгрөг бэлэн мөнгөөр очиж байна. Хадгаламж 14 хувь нэмэгдсэн байгаа. Мөн газар тариалан эрхлэгчид, бизнесийнхний ашиг орлого ихээхэн өссөн. Бас малчдын маань орлого нэмэгдэж байгаа шүү дээ.

-Бизнесийг дэмжих бодлогоор нэлээд зүйл хийлээ гэж Та дээр хэлсэн. Энэ тухайгаа жаахан тодруулна уу?

-Ховд хотод үйлдвэрлэл, үйлчилгээний таатай орчин бүрдүүлэхийн тулд 500 га газрыг бэлдсэн. Энэ нь манай давуу тал. Энэ газартаа зам, цахилгаан гээд дэд бүтцийн асуудлыг шийдчихсэн. Одоо тэнд үйлдвэрээ бариад үйлдвэрлэлээ эхлэхэд бэлэн гэсэн үг. Бид үйлдвэрлэл бизнес эрхлэгчдээ газраар дэмжиж байна. Төсөл сонгон шалгаруулалтаар үйлдвэр байгуулах найман обьектод газрыг олгоод байна. Нэг том ажил бол баруун бүсийн ХАА-н үйлдвэрлэл, технологийн паркыг байгуулахаар болсон. Энэ хүрээнд мах, ноос, ноолуур, арьс шир, цаашлаад дайвар бүтээгдэхүүн, яс боловсруулах найман үйлдвэр барих юм. Одоогоор дөрвийнх нь санамж бичгийг байгуулчихсан. Мөн цэвэрлэх байгууламжийнх нь тоног төхөөрөмжийг татаж авчихаад байна. Цаашлаад хонь, тэмээний ноосоор утас хийж даавуу үйлдвэрлэхийг холын биш ойрын зорилго болгоно гэсэн бодол бий. Эцэст нь үйлдвэрлэл бизнест ээлтэй аймаг болох эрхэм зорилгоо хэрэгжүүлнэ. Бизнес эрхлэгчдэдээ хуульд заасан хөнгөлөлтүүдийг эдлүүлэхээс гадна аймгийн зүгээс өөрийн гэсэн бодлоготой ажиллахаа хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлогодоо тодорхой тусгасан.

-Танай аймгийн Хөшөөтийн уурхайн талаар хэл ам, хэрүүл маргаан нэлээд байдаг байсан. Одоо уг уурхайн асуудал ямаршуухан байгаа вэ?

-Бид өнгөрсөн оны аравдугаар сард “МОНЭКО” компанитай байгуулсан гэрээг үзэглэсэн. Түүнээс хойш хөрөнгө оруулалт нь өссөн. Хуурай баяжуулах үйлдвэртэй болсон. Хөрс хуулах компаниа тендерийн журмаар шалгаруулж авсан. Уурхайн удирдлага жилийн ажлын тайлангаа аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулж хэлэлцүүлсэн. Мөн уурхай өөрийн хөрөнгөөр хил хүртэлх 315 км автозамыг барьсан. Энэ мэтээр үйл ажиллагаа нь жигдэрч байгаа гэж болно. Гэвч одоо хүндрэлтэй юм нь нүүрсний зах зээлийн үнэ унасан. Бас хятадууд нүүрс авах болохоороо янз бүрийн болзол шаарддаг. Тиймээс борлуулалтын асуудал тун хүндхэн байгаа даа. Урьд нь хэл ам их гарсан нь тухайн үед худалдаж авсан компани хөрөнгө, санхүүгийн асуудлаасаа болж уурхайн ажил нэлээд хугацаанд зогссоноос болсон юм. Одоо бол уурхай 100 хувь гадаадын компанийн мэдэлд байгаа.

-Танай аймагт шатахууны үнэ хамгийн өндөр санагдлаа. Үүнийг өөрчлөх боломж бий юү?

-Янз бүрийн арга зам хайж байна л даа. Засгийн газраас манайд баруун талаас оруулж ирэх бензин шатахууны үнэд НӨАТ нэмээгүй. Гэвч Улаанбаатарынхаас 350-400 төгрөгөөр илүү байгаа. Зарим төрлийн бензиний үнэ 2000 төгрөг хүрч байгаа тохиолдол бий. Ер нь бол дундаж үнэ нь 1950 төгрөг байна. Шатахууны үнэ өндөр учир Улаанбаатараас буюу 1500 км-ын цаанаас татаж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байдаг.

-Ховд хот өглөө, оройд их утаатай юмаа даа?

-Тийм ээ. Улаанбаатараас дутахааргүй байгаа биз. Хөгшчүүл ярих нь 50, 70, 80-аад онд ч утаатай байсан гэдэг. Тэгвэл сүүлийн үед бүр хүнд хэлбэрийн утаатай боллоо гэсэн асуудал санаа зовоох болсон. Ер нь бол Ховд хот уулаар хүрээлэгдсэн хонхор газарт байрладаг учир салхи бага. Гэхдээ гол нь энэ биш утаа ихийн гол шалтгаан нь дулааны хангамжийг голдуу уурын зуухаар шийддэгээс болж байгаа. Иймээс 16 тэрбум төгрөгийн хөрөнгөөр дулаан түгээх найман төвтэй, бүрэн хэмжээний магестраль шугамтай цахилгаан станц барьсан. 2014 онд хоёр дахь өргөтгөлийг хийсэн. Үүний дүнд аймгийн төвд ажиллаж байсан 120 гаруй уурын зуухыг арай цөөлөөд байна. Уурын зуухуудыг зогсоох Засаг даргын албан даалгавар гаргасан. Мөн албан байгууллагуудаас агаар бохирдуулсных гэж төлбөр авч эхэлсэн.

-Хүн амын нийгмийн асуудлыг шийдэх талаар ямар ололт байна вэ?

-Ховдын ард түмний амьдрал сүүлийн жилүүдэд дээшилж байгаа. 2014 оны эцсийн байдлаар аймгийн төсвийн орлогын төлөвлөгөө давж биелсэн. Энэ бол эдийн засгийн гол үзүүлэлт. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүн урьд оныхоос 25 хувиар өссөн байгаа. Тэгснээр нэг хүнд ногдох үзүүлэлт ч нэмэгдсэн. Манай аймагт нэг үе жил бүр хүн амын тоо цөөрч байсан бол 2013 оноос хойш өсөлттэй гарлаа. Энэ нь шилжилт хөдөлгөөн эрс саарч Улаанбаатар болон бусад нутагт очсон уугуул иргэд буцаж ирж байна. Тэр нь юуг харуулж байгаа юм бэ гэвэл аймгийн удирдлагын зүгээс хүн ам зүйн зөв бодлого явуулж байгаагийн баталгаа гэж хэлж байна. Бас хүн амын дундаж наслалт нэмэгдэж улсын дунджаас хоёр насаар илүү байна гэсэн судалгаа гарсан байна лээ. Энэ нь юутай холбоотой вэ гэвэл Ховд нутаг байгаль нь сайхан, ус нь цэнгэг. Нөгөө талаар энэ олон ястан угсаатнуудын өв соёл уламжлалаа өнөө хүртэл тээж ирсэн тэр орчинд хүүхдүүд өсч хүмүүжиж байна. Мөн ууж, идэж буй хүнсний зүйл нь өөрсдөө үйлдвэрлэсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн голлож байдаг.

-Малын талаар ямар бодлоготой байдаг вэ?

-Аймгийн эдийн засагт мал аж ахуй гол суурь эзэлдэг болохоор хамгийн зөв бодлого, зүг чиг хэрэгтэй байгаа юм. Өнгөрсөн онд манай аймаг 2.6 сая илүү мал тоолууллаа. Энэ нь түүхэндээ хамгийн олон малтай боллоо гэсэн үг. Тэгэхээр энэ эрчээр мал өсөөд байвал энэ нутагт бэлчээрийн даац хүрэлцэхгүйн аюул тулгарч, эргээд хүндрэл учрах магадлалтай юм. Иймээс бид малын тоог гурван саяд хүргэхгүй байх нь зөв гэж байгаа. Харин өнөөдөр ашиг шимтэй малын эзлэх жинг өсгөж тооноос чанарт гэсэн зарчмыг барих бодлого бий. Аймгийн үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний 58 хувийг мал аж ахуйгаас авч байна.

-Ховд аймагт олон ястан, угсаатан амьдардаг онцлогтой нутаг. Тэдний амьдралын хэв маяг, ахуй заншил харилцан адилгүй байдаг. Энэ байдал орон нутгийг залж удирдахад нөлөөлдөг үү. Бодоход зохицуулах юм их байх болов уу?

-Энэ бол амин чухал асуудлын нэг л дээ. Засаг дарга болсноосоо хойш баримталдаг миний нэг зарчим бол энэ олон ястан угсаатны эв нэгдлийг хангах явдал байсан. Олон угсаатны эв нэгдэл гэдэг онцгой зүйл. Дэлхий нийтийн хандлага ч энд л чиглэгддэг шүү дээ. Бид энэ талын зорилтоо хангахын тулд тэр угсаатны бүлэг бүрээс удирдлагын бүрэлдэхүүнд төлөөлөл оруулахыг санал болгоод хэрэгжүүлж байна. Тухайлбал манайдаа хамгийн цөөнх нь Тува монголчууд. Аймгийн хэмжээнд 300-гаад өрх 800 гаруйхан хүн байдаг. Гэвч тэдний бүлгээс хоёр хүн аймгийн удирдах бүрэлдэхүүнд багтсан байгаа. Дээр нь бүх сумын болон улс төрийн намуудын төлөөлөл ч бий. Яагаад гэхээр монголчууд цөөхүүл. Тиймээс тэр нам, энэ нам бас би казах, чи дөрвөд гэхгүйгээр бие биенийхээ ажлыг дэмжиж нэг зорилгын төлөө явахад эв нэгдэл тусална. Энэ нь аймгийн ажлын ерөнхий эрх ашигт нийцнэ гэж үзэж байгаа юм. Ерөөс Ховд нутгийн олон ястан түмэн нутагтаа олуулаа амьдаръя гэсэн нэг л уриатай ажилладаг юм. Ер нь манай аймгийнхны бусдаас ялгарах нэг онцлог бол хүн ард нь ажил хөдөлмөр шүтдэг. Алив ажлыг хүнд бэрх гэж шантардаггүй, их дай­чин чанартай. Энэ бүхэн л хязгаар нутгийн ард түмний өмнөх хүндрэл бэрхшээл, зовлон зүд­гүү­рийг зөөллөж өгдөг юм.