m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 01:53
94
Ж.Батсуурь: Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг хянана

Эдийн засгийн байнгын хороо өчигдөр ажлаа тайлагналаа. Энэ үеэр тус байнгын хорооны дарга Ж.Батсуурьтай ярилцлаа.

-Энэ удаагийн УИХ-аар эдийн засгийн чиглэлийн хуулиуд цөөхөн батлагдсан гэсэн шүүмжлэл байгаа. Эдийн засгийн байнгын хороо хэрхэн ажилласан гэж дүгнэж байна?

-Эдийн засгийн байнгын хороо давхардсан тоогоор 80 гаруй асуудал хэлэлцэж, 50 орчим санал дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргасан байна. Чуулганы хугацаанд байнгын хороогоор хэлэлцэгдсэн 20 гаруй хууль, 17 тогтоолыг эцэслэн батлуулсан. Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолыг гаргасан. Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон түүнийг дагалдаж 10 гаруй хуульд өөрчлөлт оруулсан. Чөлөөт бүсийн тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Түүнчлэн чуулганы хугацаанд хяналтын чиглэлээр хоёр ажлын хэсэг шинээр байгуулагдаж ажиллав. Хамгийн сүүлд Төсвийн байнгын хороотой хамтраад Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр ажиллаж байна.Тодруулбал, “Чингис”, “Самурай” бондын  хөрөнгийн зарцуулалт болон үүнтэй холбоотой ямар гэрээ хэлэлцээр хийсэн талаар хяналт шалгалт хийж байгаа. Шалгалтын ажлын хэсэгт мэргэжлийн байгууллага, Аудитын газар болон УИХ-ын найман гишүүн багтсан.

-Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн ажлын эхний дүгнэлт энэ сардаа багтаж гарах ёстой байсан. Юунаас болж хойшлоод байна вэ?

-Одоогоор ажлын хэсгийн ажил нэлээд сунжрах төлөвтэй байна. Уг нь энэ сард багтаан эхний дүгнэлт гарах ёстой байсан. Энэ чиглэлээр маш их материалтай танилцах шаардлагатай болоод байгаа. Аж ахуйн нэгж болгонтой бондын хөрөнгийн зарцуулалтын гэрээ байгуулж ажилласан. Тиймээс нэг бүрчлэн шалгаж, нягтлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, богино хугацаанд дүгнэлт гаргах боломжгүй байлаа. Ажлын хэсэг ажиллаж байгаа. Гэхдээ Эдийн засгийн байнгын хороо хяналтын байгууллага биш. Хууль тогтоох үйл ажиллагаанд гол анхаарлаа хандуулж ажилладаг байгууллага. УИХ-ын зарим гишүүн бондын хөрөнгийн зарцуулалтын талаар шалгалт хийх хэрэгтэй гэсэн санал гаргасны дагуу ажиллаж байгаа гэдгийг тайлбарлах хэрэгтэй.  Мөн энэ нь нууц материал биш. Л.Энх-Амгалан гишүүн ажлын хэсгийг ахлаад ажиллаж байгаа.

-Нөгөө талаасаа танай байнгын хороо Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тогтоолын төслийн хэрэг­жилтэнд хяналт тавих үүрэгтэй ажиллаж байгаа?

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг батлан гаргасан нь гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, төлбөрийн тэнцлийн алдагдлыг нөхөх хэмжээний хөрөнгө босгох, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, эдийн засагт үүссэн хүндрэлийг даван туулахад чиглэгдсэн чухал шийдвэр. Мөн энэхүү тогтоолыг хэрэгжүүлснээр гадаадын хөрөнгө оруулалт нэ­мэг­дэн, хөрөнгө оруу­лагчдын итгэл сэргэж, олон тооны мега төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажил эрчимжин, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжсэн арга хэмжээ. Энэ тогтоолын дагуу Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо хамтраад хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж ажилдаа орсон байх ёстой. Тогтоолын төслийн хэрэгжилтэд манай байнгын хороо хяналт тавьж ажиллана. Мөн Засгийн газраас төлөв­лөгөө гаргаад ажиллана. Гол яам, агентлагууд мөн оролцох юм. Тэгэхээр Эдийн засгийн байнгын хороо төдийгүй тал талаасаа анхаарч ажиллаасай гэж хүсч байна. Засгийн газрын зүгээс одоогийн нөхцөл байдлыг сайжруулах талаар нэлээд анхаарч ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй. Дэлхийн банк, Олон улсын валютын сангийнхан Засгийн газар, Монголбанк, Сангийн яамтай  хамтраад Монголын эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа тухай бодитой дүгнэлт гаргана. Үүний дараа хэрхэн ажиллавал үр дүнд хүрэх талаар санал солилцон хамтран ажиллах талаар ойрын хугацаанд арга хэмжээ авна гэж бодож байна.

-Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлтээр тусгай төлбөр төлөх байдлаар тусгай эзэмшилд шилжүүлж авах утга бүхий заалт орсон. Энэ нь тодорхой нэг ордтой холбоотой гаргасан өөрчлөлт үү?

-Саяхан Гацууртын ордыг стратегийн ордод нэмж оруулсан. Өмнөх стратегийн ордууд болох Оюутолгой зэрэгт энэ хууль эргэж үйлчлэх боломжгүй. Засгийн газар зөвхөн төр хувь эзэмших замаар стратегийн ордыг шийддэг байсан. Харин одоо хувь эзэмших байдлаар биш өсөн нэмэгдэх роялти татварыг нь өөрчлөх замаар стратегийн ордыг шийдэх юм. Өөрөөр хэлбэл, олон хувилбартай болсон. Өмнө нь тодорхой хувь эзэмших л гарц байдаг байсан бол цаашид өсөн нэмэгдэх роялти байдлаар сонголттой болгож өгснөөрөө энэ хуулийн өөрчлөлтийн давуу тал юм. Тухайлбал, тухайн стратегийн орд ДНБ-ий тав орчим хувиас дээш нөөцтэй буюу энэ хэмжээний нөөцтэй ордыг стратегийн ордод бүртгэж болно гэж заасан байгаа. Ер нь цаашид ганцхан ордод чиглээд байхгүй. Олон стратегийн ордод үйлчлээд явах юм. Харин Оюутолгой, Тавантолгой зэрэг ордод энэ хууль эргэж үйлчлэхгүй.