m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 02:11
89
С.Батцэцэг, С.Цэрэнчимэд нар Дэлхийн цомд зодоглоно

Ирэх сарын 7-8-нд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болох эмэгтэй бөхийн Дэлхийн цомын тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн тодорчээ. Тэмцээний 48 кг-ын жинд ОУХМ Э.Нарангэрэл /Хангарьд/, 53 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумьяа /Замчин/, 55 кг-д ОУХМ С.Бямбацэрэн /Аврагч/, 58 кг-д ОУХМ Б.Шоовдор /Цастын барс/, 60 кг-д гавьяат тамирчин, дэлхийн аварга С.Цэрэнчимэд /Алдар/, 63 кг-д гавьяат тамирчин, дэлхийн аварга С.Батцэцэг /Хилчин/, 69 кг-д гавьяат тамирчин, ДАШТ-ий гурван хүрэл медальт О.Насанбурмаа /Гацуурт-Олимп/, 75 кг-д гавьяат тамирчин О.Бурмаа /Гацуурт-Олимп/, Азийн наадмын аварга ОУХМ Г.Наранчимэг /Хилчин/ нар барилдана. Баг тамирчдыг МЧБХ-ны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Алтай констракшн”-ий ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ нар ахалж, дасгалжуулагчаар Б.Батбаяр, З.Дүвчин, Т.Сүхбаатар, шүүгчээр Б.Төмөрбаатар нар явах ажээ. Сонирхуулахад Дэлхийн цомын тэмцээнд Г.Наранчимэг, Б.Шоовдор нар анх удаа, Э.Сумьяа хоёр, Э.Нарангэрэл, С.Цэрэнчимэд нар гурав, С.Батцэцэг дөрөв, О.Бурмаа, С.Бямбацэрэн нар тав, О.Насанбурмаа долоо дахиа оролцох гэж байна.

Манай баг “В” хэсэгт ОХУ, Украин, Шведийн багуудтай өрсөлдөнө. Харин “А” хэсэгт Япон, Польш, АНУ, Азербайжаны багууд оноолт таарчээ. Өнгөрсөн жил Узбекистаны Ташкент хотноо болсон ДАШТ-д VI байр эзэлж, энэ эрхийг авсан манай эмэгтэй баг Дэлхийн цомын тэмцээнд 2009 оноос хойш тасралтгүй оролцож байна. Энэ хугацаанд II, VII байранд нэг удаа, V, VI байранд тус бүр хоёр удаа орж байжээ.