m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 02:33
112
Шагайн харвааг ЮНЕСКО бүртгэн авлаа

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит есдүгээр хуралдаан Парис хотноо 2014 оны арваннэгдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд болсон бөгөөд хуралдаанаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн 50 орчим соёлын биет бус өвийг хэлэлцсэн ба энэ үеэр Монголын уламжлалт шагайн харвааг олонхийн саналаар бүртгэн авсан билээ.

Уг конвенцид дэлхийн 150 орон нэгдэн орсон ба жагсаалтад одоогоор нийт 314 өв бүртгэгдээд байгаа юм. Манай улс ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцид 2005 онд нэгдэн орсон бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсаас ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад долоо, Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад тав, Дэлхийн дурсамж хөтөлбөрт гурав, Дэлхийн соёлын өвд хоёр, Дэлхийн байгалийн өвд нэжгээд өвийг тус тус бүртгүүлээд байгаа юм.

ЮНЕСКО-гийн Соёлын Биет бус өвийн жагсаалтад

Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад:

- Монгол үндэстний баяр наадам, 2010 онд
- Монгол үндэстний хөөмийн урлаг, 2010 онд
- Бүргэдийн баяр буюу шувуучлахуй, 2010 онд (Ази, Европ, Арабын 12 улстай хамтран)
- Монгол ардын уртын дуу, 2009 онд 
- Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, 2008 онд 
- Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл 2013 онд
- Монгол шагайн харваа, 2014 онд

Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтанд:

- Монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил-битүү амьсгаа, 2011 онд
- Монгол тууль, 2009 онд
- Монгол ардын бүжгийн урлаг: бий биелгээ, 2009 онд 
- Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг, 2009 онд 
- Монгол уран бичлэг, 2013 онд

Ийнхүү ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн шагайн харвааны батламжийг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газарт гардуулах ёслолын үйл ажиллагаа 2015 оны хоёрдугаар сарын 27-ны (баасан гараг) 11.40 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрт болох гэж байна.

Уг ёслолын үйл ажиллагааны үеэр “Дэлхийд данстай монгол өв” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулах ба “Шагайн харваа” соёлын биет бус өвийн тухай баримтат киног үзүүлж сонирхуулна.

Шагайн харваа нь XIII зууны үед үүссэн бөгөөд 2001 оноос үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж, албан ёсны дүрэмтэй болсон. Бөх барилдвал бяртай, морь унавал эрэмгий, сур шагай харвахдаа мэргэн болно гэж эртнээс монголчууд хүндэтгэсээр ирсэн ба шагайн харваа нь ухаан төвлөрүүлэхээс гадна баг хамт олноо хүндэтгэх, нөхөрлөлийг батжуулдаг сайн талтай .