m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 06:21
47
"School police", "Оюутан цагдаа" төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хурал боллоо. 
Нийслэлд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургуулийн орчин болон хүүхэд ихээр цугладаг үзвэр, үйлчилгээний газар, тоглоомын талбай зэргийг олон нийтийн хараа хяналтад байлгаж эргүүлийг оновчтой зохион байгуулах “School police” төсөл, олон нийтийн цагдаа, оюутан цагдаа хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Мөн гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх, гэм буруутай этгээдийг нотлон тогтооход шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ мэдээлэл түгээж, сургалт сурталчилгаа хийх зэрэг ажлыг гүйцэтгэж байгаа гэдгийг нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Энхболд хэллээ.
Харин энэ онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд уг зөвлөлийн гишүүдээс ирсэн саналын дагуу Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлтгэсэн мэдээ мэдээллийг иргэдийн гар утсанд зурвасаар хүргэж, цагдаагийн байгууллагатай холбоотой мэдээллийг хүлээн авах зорилгоор SMS-MT үйлчилгээг шинээр нэвтрүүлж, “Ухаалаг цагдаа” цахим өргөдөл гомдлын системтэй холбох юм.

 “Ухаалаг цагдаа” цахим өргөдөл гомдлын системтэй холбоно

Мөн “School police” эргүүлийн үйл ажиллагааг идэвхижүүлж, олон нийтийн цагдаа, оюутан цагдаа хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ.
Хурлын үеэр НИТХ-ын дарга, нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Баттулга “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гол ажил бол иргэдэд сурталчлах, таниулах, соён гэгээрүүлэх  юм. Энэ ч үүднээс бид өнгөрсөн онд олон чухал ажлыг хийсэн. Оюутан, сурагч, эцэг, эхчүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулж иргэдэд гэмт хэргийн хор уршиг, түүнээс хэрхэн сэргийлэх талаар мэдээлэл, сурталчилгаа түгээж байна. Аюулгүй Улаанбаатарыг бий болгоход бидний хийж буй ажил, явуулж байгаа үйл ажиллагаа чухал. Тийм учраас Та бүхэн хариуцаж байгаа ажлаа сайн гүйцэтгэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллах хэрэгтэй” гэлээ.