m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 06:41
163
С.Билгүүн: Татвараас болж ял шийтгэж буй тогтолцоог өөрчлөх хэрэгтэй

Татвараас зайлсхийх гэмт хэрэг, түүнд холбогдох эрх зүйн зохицуулалт, бусад улс орны сайн туршлага, цаг үеийн зарим асуудлаар хуульч, судлаач С.Билгүүнтэй ярилцлаа.

-Сүүлийн үед татварын маргаантай холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл саяхан "Улс төрийн тойм" сонинд өгсөн ярилцлагадаа Монгол Улс татварын маргааныг эрүүгийн хэрэг болгодог эрх зүйн орчноо өөрчлөх ёстой гэж хэлсэн байна лээ?

-Улс орны эдийн засгийг хүнд байдлаас гаргах арга замыг  янз бүрийн талаас нь эрж  хайж, хүмүүс санаа зовниж байна. Үүний нэг илрэл нь таны хэлсэн ярилцлагыг гэж ойлгож байна. Баялаг бүтээгчдэд таатай орчин бүрдүүлэхийг бас Монголын эрх ашиг шаардаж байх шиг байна. Ер нь татварын маргааныг ял шийтгэлийн хатуу чанга аргаар шийддэг байсан  хандлага дэлхий нийтэд өөрчлөгдөж байгаа нь үнэн. Ялангуяа Европын улс орнуудад гэмт хэрэгт тооцохгүй байх  чиг хандлага  нэгэнт бий болсон байна. Үүнийг Швейцарь, Франц зэрэг орны  хууль тогтоомж нотолдог. 

-Татвараас зайлсхийх хэрэгт гаднын иргэд холбогдож, шүүхээс ял шийтгүүлсэн. Манай эрх зүйн зохицуулалт ямар чиг хандлагатай байгаа вэ?

Манай орны тухайд ял шийтгэлийн хатуу чанга бодлоготой, нэг хүнд ял завшуулахаар зуун хүнийг... гэсэн  нэг муухай  хандлагатай улс

-Улс орон бүр эрүүгийн хууль тогтоомжоороо ямар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэж үзэх, тэдгээрт тохирсон ял шийтгэл, хариуцлагын оновчтой бөгөөд үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлэх ёстой. Манай орны тухайд ял шийтгэлийн хатуу чанга бодлоготой, нэг хүнд ял завшуулахаар зуун хүнийг... гэсэн  нэг муухай  хандлагатай улс. Энэ бол пост-социалист орны нэг эмгэг юм. Үүний улмаас хорих ялыг их хэрэглэдэг. Эдийн засгийн гэмт хэрэгт  хорих ял өгөх нь ялын зорилго бус гол нь хохирлыг барагдуулах асуудал. Дэлхий нийтийн ялын бодлогын чиг хандлагыг судлаад үзвэл засарч өөрчлөгдөхөөргүй хүмүүсийг нийгмээс тусгаарлаж хорьдог. Бусад хүмүүст эргэн нийгэмшүүлэх бололцоотой хариуцлагын бусад арга хэмжээг хэрэглэдэг. ХБНГУ-д гэхэд татвараас зайлсхийх гэмт хэргээ сайн дураар илчилж, дутуу мэдүүлсэн орлогоо нөхөн мэдүүлсэн, татвараа нөхөн төлсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байх жишээтэй.

Энэ үүднээс үзвэл татварын гэмт хэрэгт хорих ял шийтгэж байгаа өнөөгийн тогтолцоог боловсронгуй болгох, өөрчлөх зайлшгүй шаардлага гарч байгаа.  Ер нь хорих ялын сөрөг үр дагавар ямар их болохыг олон орны туршлага бэлхэн харуулж байгааг энд тэмдэглэх хэрэгтэй.

ХБНГУ-д гэхэд татвараас зайлсхийх гэмт хэргээ сайн дураар илчилж, дутуу мэдүүлсэн орлогоо нөхөн мэдүүлсэн, татвараа нөхөн төлсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байх жишээтэй

-Эрүүгийн хуулийн шинэ төсөлд хуучин хандлагаа засах, олон улсын жишигт нийцүүлэх зохицуулалт хийсэн болов уу?

 -Эрүүгийн хуулийн төсөлд татвараас зайлсхийх гэмт хэрэгт торгох эсхүл нэг жил хүртэл хорих ял, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар энэ хэргийг үйлдсэн бол гэрийн хорионд байлгах, торгох, нэгээс таван жил хүртэл ял шийтгэхээр заасан нь дэлхийн жишигт харьцангуй ойртсон байна гэж судлаачийн хувьд үзэж байна. Нөгөө талаас Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа компани, хуулийн этгээдэд татварын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн зөвлөгөө өгдөг хуульч мэргэжилтэн хомсдолтой байгаа нь Монголын болон гадаадын иргэд энэ төрлийн хэрэгт холбогдох нэг нөхцөл болж байгааг үгүйсгэхгүй.

-АНУ-ын иргэн Жастин Капла, Филлиппин улсын хоёр иргэний хэргийг шүүхээс хянан шийдвэрлэж, хорих ял шийтгэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн тухай мэдээлэл гарсан. Энэ талаар таны бодол?

-Монгол Улсын шүүхээр ял шийтгүүлж, ял шийтгэлээ эдэлж байгаа ялтан ямар ч этгээд Ерөнхийлөгчөөс уучлал хүсэх эрхтэй. Уучлал үзүүлэх нь Ерөнхийлөгчид Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрх юм. Нөгөө талаас гадаадын хөрөнгө оруулагчийг татах, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлж, эдийн засгаа хямралаас гаргах хүнд сорилтын өмнө  байгаа өнөөгийн нөхцөлд уучлал үзүүлэхийг хүлээж байгаа хүн олон байж мэднэ.