m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 08:09
101
“Энх мэндийн хадаг” тоглолтыг хүссэн хүн бүр үнэ төлбөргүй үзэх боломжтой

Өвөр Монголын өөртөө засах орны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан “Энх мэндийн хадаг” нэртэй тоглолт зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа “Энх мэндийн хадаг” тоглолтонд оролцохоор Өвөрмонголын 50 гаруй уран бүтээлч Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна. Тоглолтонд Өвөрмонголын нэрт дуучин Цэцэгмаа, Халин, АНУ, ОХУ-д тоглолтоо хийж байсан “PTS” хамтлаг мөн Өвөрмонголын Хүрээ хошууны бүжгийн чуулгын бүжигчид оролцох юм байна.

“Энх мэндийн хадаг” тоглолт энэ сарын 28-ны өдөр 17 цагаас Соёлын төв өргөөнд болно. Энэхүү тоглолтыг зохион байгуулж байгаа ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Суртал ухуулгын газрын дарга Д.Баянжаргал “Монгол ахан дүүстээ ая дуугаараа сар шинийн мэндчилгээ дэвшүүлэхээр ирсэн учраас энэхүү тоглолт үнэ, төлбөргүй болж байгаа. Тиймээс энэ тоглолтыг хүссэн хүн бүр ирж үзэх боломжтой” хэмээн ярьж байсан юм. Мөн ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба нь ирэх гуравдугаар сарын 2-ны өдөр Хятад Монголын орчуулагчдын Их хурлыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Хятад Монголын орчуулагчдын Их хуралд нийтдээ 80 гаруй орчуулагч оролцоно.