m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 08:35
52
Эрдэс баялгийн салбарыг ашиглан тогтвортой өсөлтийг бий болгоно

Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү ажиллагаанд Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, GIZ хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Ульрике Эбелинг, тус хөтөлбөрийн захирал ДР.Штефан Ханселманн нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцжээ. Тус хөтөлбөр нь Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны үндсэн гурван чиглэлийн хүрээнд хэрэгжиж байгаа аж.

Мөн хөтөлбөрийн зорилго нь үндэсний болон орон нутгийн түнш байгууллагуудын чадавхийг сайжруулснаар эрдэс баялаг, түүхий эдийн салбарын чадамжийг ашиглан өргөн цар хүрээтэй, тогтвортой өсөлтийг бий болгоход орших юм. 

Эрдэс баялгийн салбарыг ашиглан тогтвортой өсөлтийг бий болгоно

Дашрамд дурдахад, тус хөтөлбөр нь өнгөрсөн 2011-2014 онд ХБНГУ-ын  Канцлер хатагтай Ангела Мэркэлийн 2011 онд Монгол Улсад айлчлах үеэр байгуулсан Монгол-Германы Ашигт малтмал, технологийн салбарын хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа аж. Мөн эдийн засгийн сайн засаглал, компанийн нийгмийн хариуцлага, жижиг дунд үйлдвэрийн хөгжил, Япон улстай чөлөөт худалдааны гэрээг байгуулах багийг чадавхижуулах, төрийн хөрөнгө оруулалтын төслүүдийн үр ашгийн тооцоо, дүн шинжилгээ хийхэд хүний нөөцийг бэлтгэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, Монгол Улсын төмөрлөгийн салбарын судалгаа хийхэд чиглэж үйл ажиллагаа явуулж иржээ.