m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 08:45
76
УИХ-ын дарга З.Энхболд Японы “Шинжлэх ухааны ирээдүй” ордонтой танилцав

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Японы Шинжлэх ухааны ордонд зочилж, “Шинжлэх ухааны ирээдүй” музейг үзэж сонирхов.    

“Шинжлэх ухааны ирээдүй” музейг Японы анхны сансрын нисгэгч  Dr.Мамору Мори /1992 он, 2000 онд сансарт нисч байсан/ УИХ-ын даргад танилцуулж тайлбарлав. “Шинжлэх ухааны ирээдүй” музей нь 1995 оны арваннэгдүгээр сард батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн суурь хууль”, 1996 оны зургадугаар сард батлагдсан “Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн дагуу “Олон улсын шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний тосгон” хэмээх нэртэй шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний цогцолбор хотхон байдлаар 1998 онд Токио хотын дэргэдэх "Одайба" хиймэл арал дээр байгуулагджээ.

“Шинжлэх ухааны ирээдүй” музейг Японы анхны сансрын нисгэгч  Dr.Мамору Мори З.Энхболдод тайлбарлажээ

2000 онд уг хотхонд нийтэд зориулсан музей байгуулах шийдвэр гарсны дагуу “Шинжлэх ухааны ирээдүй” буюу японоор “Кагаку Мирай Кан”, англиар The National Museum of Emerging Science and Innovation хэмээх нэртэйгээр 2001 оны гуравдугаар сард байгуулагдаж ашиглалтад орсон.

Энэхүү музей нь дэлхийн шинжлэх ухаан, технологийн гол гол нээлтүүд, ирээдүйн дүр зураг, төсөөллийг харуулсан сэдэвчилсэн үзмэрүүдтэй бөгөөд музей тайлбарлагч болох эрдэм шинжилгээний залуу ажилтнууд үзмэрийг тайлбарлах, үзэгчидтэй хамт туршилт хийх, тоглож наадах зэргээр үзэгчдэд шинжлэх ухаан, технологийг илүү ойлгомжтой, хялбаршуулсан аргаар тайлбарлаж ойлгуулах, биеэр нь мэдрэх боломж олгодог. Мөн Монголын шинжилгээний ажилтнуудыг энэхүү музейд ажиллуулах боломж бий хэмээн УИХ-ын даргад хэлж байв.

Монголын шинжилгээний ажилтнуудыг энэхүү музейд ажиллуулах боломж бий

 

Дэлхий үүсэл хөгжил болон манай дэлхий 50 мянган километрийн зайнаас хэрхэн харагддагийг энэхүү музейд үзэж сонирхож болох аж. Мөн Японы анхны сансрын нисгэгч Dr. Мамору Мори өөрийн нисч байсан сансрын хөлгийг үзүүлсэний зэрэгцээ тухайн хөлгийг ирж үзэж сонирхон гарын үсэг зурж байсан Монгол Улсын сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн гарын үсгийг УИХ-ын дарга болон дагалдан яваа төлөөлөгчдөд танилцуулав.

 “Шинжлэх ухааны ирээдүй” музей нь Японы эрдэмтдийн олон жилийн хөдөлмөрөөр гаргаж авсан зарим туршилтыг ашиглах эсэх талаар иргэдээс санал асуулга явуулдаг

Мөн “Шинжлэх ухааны ирээдүй” музей нь Японы эрдэмтдийн олон жилийн хөдөлмөрөөр гаргаж авсан зарим туршилтыг ашиглах эсэх талаар иргэдээс санал асуулга явуулж, хэлэлцүүлэг өрнүүлдэг байна. Хамгийн сүүлийн жишээ бол хүний арьсны эд эсийн тусламжтайгаар хиймэл эрхтэн ургуулах туршилтын талаар санал асуулга явуулж байгаагаа танилцууллаа.

Дэлхий ертөнцийн гарал үүслээс авахуулаад, эд эс, сансар огторгуй, газарзүй, физик, хими, робот гээд бүхий л салбарыг хамарсан энэхүү сонирхолтой үзэсгэлэнг АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама болон Япон Улсад өндөр дээд хэмжээний айлчлал хийсэн дэлхийн төр, засгийн тэргүүн, олон улс төрчид үзэж сонирхдог байна. Иргэд энэхүү “Шинжлэх ухааны ирээдүй” музейн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг http://www.miraikan.jst.go.jp/en/ сайтаас харж болно.