m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.26 08:50
51
Ж.Элбер: Дэлхийн аваргад оролцож үзээгүйдээ харамсдаг

Шинэ зууны эхэн үед Мюнхений “Бавари” багийн бүрэлдэхүүнд тоглож байсан Бразилийн довтлогч Жоване Элбер Бундеслигт дөрвөн удаа түрүүлж, 2001 оны Аваргуудын лиг аваргалж, Германы хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг легионеруудын нэг болж чадсан юм. Түүний нэгэн ярилцлагыг толилуулъя.


НЭРИЙН ХУУДАС:

Бүтэн нэр Жоване Элбер де Соуза. 1972 оны долдугаар сарын 23-нд Бразилийн Лондрина хотод төрсөн. Биеийн өндөр 182 см. Довтлогч. 2006 онд зодог тайлсан.

ТОГЛОЖ БАЙСАН БАГУУД:

1990-91 Милан (Итали) 0 тоглолт (0 гоол)

1991-94 Грассхопперс (Швейцарь) 69 (41)

1994-97 Штутгарт (Герман) 87 (41)

1997-03 Бавари (Герман) 169 (92)

2003-05 Лион (Франц) 30 (11)

2005 Борусси.М (Герман) 4 (0)

2006 Крузейро (Бразил) 21 (6)

Бразилийн шигшээд 1998-01 оны хооронд 15 тоглож, долоон бөмбөг оруулсан.

БАГИЙН АМЖИЛТ:

1994 оны Швейцарийн цом, 1997, 1998, 2000, 2001, 2003 оны Германы цом, 1997, 1998, 1999, 2000 оны Германы лигийн цом, 2004 оны Францын супер цом, 1999, 2000, 2001, 2003 оны Германы АШТ, 2004, 2005 оны Францын АШТ-д тус тус түрүүлсэн. Мөн 2001 оны Аваргуудын лиг, Тивийн хоорондын цомд аваргалжээ.

ХУВИЙН АМЖИЛТ:

1994 оны Швейцарийн лиг, 2003 оны Бундеслигийн мэргэн буучаар шалгарч, Германы хөлбөмбөгийн бүх үеийн түүхэн дэх шилдэг гадаадын довтлогчоор тодорчээ.


-Жоване, та Аваргуудын лигт одтой тоглодог байсан. “Champions League” таны хувьд ямар байр суурь эзлэх тэмцээн вэ?

-Аваргуудын лигийн цомыг өргөх нь дэлхийн аварга болохтой адилхан. Би ядуу гэр бүлд төрсөн. Над шиг гарал үүсэлтэй бразил хөлбөмбөгчдийн хувьд өөрийгөө олонд таниулах ганц боломж нь “Бавари”, “МЮ”, “Барселона” зэрэг том багтай гэрээ байгуулан Евроцомын тэмцээнд тоглох явдал. 2001 оны финалд “Валенси”-г хожсоныхоо дараа бид хоорондоо “Жинхэнэ ялалт гэж энийг хэлдэг юм байна” гэж ярилцаж байлаа.

-Харин 1999 оны Барселоны финал сайнаар дурсагддаггүй нь лавтай?

-Би гэмтлийн улмаас шигшээ тоглолтод оролцож чадаагүй ч тэр хожигдлыг маш хүндээр хүлээж авсан. Тийм болохоор Барселоны “хар финал”-ыг дурсах дургүй.

-“Бавари” 2010 улирлын шигшээ тоглолтод бас л “Интер”-т хожигдсон. Шилдэг бүрэлдэхүүн нь байгаад ч бараагүй…

-Иймэрхүү хүч тэнцүү өрсөлдөөнд санамсаргүй явдал л бүхнийг шийддэг. Сайхан тоглолт, хүчтэй бүрэлдэхүүн бол түрүүлэхэд хангалттай шалтгаан биш.

-“Бавари”-гийн удирдлагуудын баримтлах бодлого өөрчлөгдсөнөөс болж таныг явуулсан. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?

-Тийм ээ, “Бавари”-д би болон бразилчууд хэрэггүй болсон учир надад орон зай үлдээгүй. Нэг зүйлийг хэлэхэд үүнээс хойш “Бавари” хоёрдугаар зэрэглэлийн баг болсон.

-Өнгөрсөн дэлхийн аваргын үеэр та юу хийж байсан бэ?

-Телевизийн тайлбарлагч.

-Мундиальд оролцож үзээгүйдээ харамсдаг уу?

-Тэгэлгүй яахав. Уг нь “Франц 98”-д оролцох боломж байсан юм. Даанч миний байрлал дээр Роналдо, Ривалдо, Бебето нарын дэндүү сайн довтлогчид өрсөлдөж байсан.

-Таныг бас бүжигчин болсон гэж сонссон юм байна?

-Тийм ээ, “Let’s Dance” шоунд мэргэжлийн бүжигчин Изабелла Эдвардсоны хамт оролцож, гуравдугаар байр эзэлсэн.

-Дасгалжуулагчийн авьяасаа сорьж үзэх юмсан гэж боддог уу?

-Би төрөлх хотынхоо “Лондрина” клубийн гүйцэтгэх захирал, дасгалжуулагчийн албыг зэрэг хашдаг. “Лондрина”-гийн өсвөрийн багийн 55 хүүхдэд хөлбөмбөг заадаг ажилтай. 15 настайдаа эндээс хөлбөмбөгийн гараагаа эхэлж, “Милан” явах хүртлээ тоглосон юм. Ядуу буурай, өнчин хүүхдүүдэд тусалж, хөлбөмбөгчийнх нь хувьд гарыг нь ганзаганд хүргэх нь миний үүрэг.