m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 00:40
98
Дархан аварга, их мастертай тэнцэв

Өчигдөр 5D фитнесс клубт нэгэн сонирхолтой шоу тоглолт боллоо. Тодруулбал Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Агваансамдангийн Сүхбат, шатрын их мастер Алтан-Өлзийн Энхтуул нар хүчний дасгал хийхийн зэрэгцээ шатрын түргэн тоглолтоор халз тоглосон юм. Тоглолтын цаг нь талдаа 10 минут байсан бөгөөд аварга, их мастер хоёр шатар тоглохын хажуугаар тодорхой тооны хүчний дасгалуудыг хийж өрсөлдлөө. Шоу тоглолт гэдэг утгаараа оролтын тоо цөөхөн байсан бөгөөд аваргын хувьд суниалтыг, А.Энхтуулын хувьд гэдэсний таталтыг нэг оролтондоо заавал 12 удаа хийх журамтай байсан юм. Биеийн хүчний спортыг оюуны спорттой хослуулсан энэхүү тоглолтыг олон улсад CrossFit Chess хэмээн нэрлэдэг ажээ. Ингээд цаг дуусахад дөрвөн минут дутуу байхад хоёр тал ноён, дөрвөн хүүний тэнцүүхэн төгсгөлд орж, эвийн гэрээ байгуулсан юм.

Тоглолтын дараа А.Сүхбат аварга “1984 онд Спорт сургалтын төвд бэлтгэл хийдэг байхдаа хүргэн дүү Б.Гантогтохын хамт Монгол Улсын гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн багшид шавь орж, шатрын А-г заалгаж байсан. Ер нь чөлөөт цагаараа шатар нүүх дуртай. Шатрын спортыг сурталчлах зорилгоор их мастер маань энэ тоглолтыг хийх санаачлага гаргасныг хүлээн авч өрсөлдлөө. Дүүдээ баярлаж байна” гэж ярив.

      

Харин их мастер Д.Энхтуул “Миний хувьд биеийн хүчний дасгалаа хугацаандаа амжиж хийвэл шатрын өрөг дээрээ хожчих байх гэж бодож байсан. Харин Сүхбат аварга сайн тоглодог юм байна. Бараг спортын мастерын хэмжээнд тоглож байна. Цагаанаар тоглосон аварга итали гараа сонгож, онолын дагуу нүүсээр тэнцүүхэн төгсгөлд орлоо” хэмээн өгүүлсэн юм.