m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 01:27
67
Шинийн 08-ний билэгт сайн өдөр Дорнод аймгийн ахмадууд золголоо

XVII жараны Хөхөгчин хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 08-ний билэгт сайн өдөр 9-р багийн ахмадууд золголтоо хийлээ. Тус багийн ажлын алба, Ахмадын зөвлөлтэйгөө хамтран энэхүү золголтыг уламжлал болгон 3 дахь жилдээ зохион байгуулж байна. 9-р багийн 50 гаруй ахмадууд хүрэлцэн ирсэн золгоонд тус багийн иргэн, Аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар оролцлоо. Тэрээр ахмадуудтайгаа золгон, Сар шинийн мэнд дэвшүүлж, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөлөө. Ахмадуудын золгоонд тус багийн хамгийн өндөр настан 89 настай Цэгмид гуай хүрэлцэн ирж, ерөөл хайрлав. 
Мөн аймгийн Чөлөөт ахмадын холбооны даргыг урьж оролцуулсан.  Тэрээр хэлсэн үгэндээ О.Бумчин даргатай 9-р багийн ахмадын зөвлөлийг идэвхтэй сайн ажилладгийг нь онцлон дурдав. Золголтоо хийсэн ахмадууд гарч буй жилийн өнгийг ярилцан, билэгтэй үгсийг хэлэлцэн байлаа.
Хэрлэн сумын 9-р баг өнгөрч буй морин жилээ амжилт дүүрэн үдэж, хонин жилтэйгээ золгож байна. Тус багийн Ахмадын зөвлөл Хэрлэн сумын тэргүүний ахмадын зөвлөлөөр шалгарч, багийн ажлын алба нь сумандаа дэд байранд шалгарсан амжилт үзүүлжээ.

9-р баг нь дэргэдээ Ахмадын чөлөөт цагийн танхимтай. Энэхүү танхимыг анх 2013 онд ашиглалтад оруулжээ. Ахмадын чөлөөт цагийн танхимыг байгуулахад чухал хувь нэмэр оруулсан, багийн Ахмадын зөвлөлийг дэмжин ажиллаж ирсэн аймгийн ИТХ-ын даргад ахмадууд талархаж явдгаа энэ дашрамд илэрхийлж байсан юм.  Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Ахмадаа ачлая” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаад ахмадууд туйлын талархалтай байлаа.