m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 02:05
85
Ж. Капла өршөөгдөж, Н.Энхбаяр дахин байцаагдаж эхэллээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр зарлиг гаргаж “Саусгоби сэндс” компанийн ажилтан, АНУ-ын иргэн Ж.Капла нарт уучлал үзүүлэв. Тэд Монгол Улсад төлөх ёстой 35.2 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн учир шүүхээс хорих ялаар шийтгүүлээд байсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн уучлалын дараа Монгол дахь АНУ-ын Худалдааны танхимаас мэдэгдэл гаргав. Уг мэдэгдэлд “...гадаадын зарим бизнес эрхлэгчийн хилээр гарах эрхийг хязгаарласны улмаас бусад олон ажил хэрэгч хүмүүс Монгол руу зорчих болон Монголд бизнес эрхлэхээс татгалзаад байгаа үед энэхүү уучлалыг үзүүллээ” гээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархсанаа илэрхийлсэн байна.

Ерөнхийлөгчийг ингэж Америкийн худалдааны танхимаас талархлын үг дуулж байх зуур харин  АТГ-ын мөрдөн байцаагчид МАХН-ын байранд  ажиллаж завгүй өнжжээ. МАХН-ын дарга Н.Энхбаярыг асууж байцаах ажлыг  АТГ-ынхан өчигдрөөс эхэлжээ. Н.Энхбаярын хувьд сар шинийн битүүнд Монголдоо ирсэн. Аав, ээжтэйгээ золгож, шинэлэхээр ирснээ хэлж байсан. Хоригдож байх хугацаандаа олон хоног хуурай өлсгөлөн зарласан учраас бие нь төдийлэн тэнхэрч, илааршаагүй. Өөрөөр хэлбэл, Солонгос дахь эмчилгээ нь өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа, эмчээс чөлөө аваад ирсэн гэдгээ ч хэлж байсан.

Өчигдрийн хувьд АТГ-ын мөрдөн байцаагчид Н.Энхбаярыг намынх нь байран дээр ирж уулзаж асуусан байна. Харин чухам ямар асуудлаар байцааж, тодруулсан нь тодорхойгүй байгаа юм. АТГ-ын мөрдөн байцаагчид түүнийг өнөөдөр үргэлжлүүлэн байцаана мэдэгдсэн гэнэ.

АТГ-ын өчигдрийн МАХН-ын байран дээр ирж ажилласан ажиллагаа нь Н.Энхбаярын ээжийнхээ 80 насны ойг ёслож, цайлахаар бэлдэж байсантай нь давхцсан байна.

Ер нь Н.Энхбаярыг 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалаас бууснаас нь хойшхи зургаан жилийн хугацаанд энэхүү хардлага сэрдлэг, асуулт байцаалт, элдэв хэрэг тохох, гүтгэх гүжирдэх байдал тасраагүй гэдгийг уншигчид санаж буй биз ээ. Эцэстээ Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн хэлсэнчлэн “...үхрийн бөөр шиг хэдэн юм нийлүүлээд” хэрэг болгон хорьж цагдсан юм.

Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө АТГ-ын дэд даргаар Ц.Нямдорж томилогдсоноос хойш баривчилгаа, байцаалт илт ихэсч байгаа бололтой. Ц.Нямдорж дэд дарга болохоосоо өмнө АТГ-таа Гүйцэтгэх албаны даргаар ажиллаж байжээ. Гүйцэтгэх албаны дарга гэдэг ажил үүрэг нь тов тодорхой. Барих хорих, тагнах чагнах ажлыг гардан гүйцэтгэдэг гэсэн үг. Ц.Нямдорж 2012 оны хавар экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчлах ажиллагаанд голлож оролцсон гэх мэдээлэл ч гадуур тарсан байна билээ. 

Уржигдар “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийг баривчилж хорьсон. Өчигдөр экс Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг ийн хоргоож өнжлөө. Өнөөдөр өөр хэнийг яах бол...

АТГ-ын даргын томилгооны үеэр УИХ дээр гишүүд тус газрыг “Улстөрждөг, хуучны До яам болсон”, “улс төрийн захиалгаар ажилладаг” гэх мэтээр баримттайгаар шүүмжилж байсан билээ. АТГ-ын ээлжилт улстөржилт нь Н.Энхбаяр уу...