m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 03:25
600
Ж. Батсайхан: Бухарест хотын Цэргийн эмнэлгээс ажлын гараагаа эхэлж байлаа

Хорвоог тольдон харах нүд хэмээх чухал бөгөөд эмзэг эрхтний эрүүлийг хамгаалах ариун үйлсэд зүтгэж яваа “Гранд Мед” эмнэлгийн нүдний их эмч, НҮБ-ын итгэмжлэгдсэн эмч, Анагаах ухааны доктор Ж.Батсайханыг энэ удаагийнхаа “Масс Зочин” буландаа зочноор урьж сонирхолтой яриа өрнүүлснээ толилуулъя.

- Нүд бол хүний хамгийн чухал мэдрэхүйн эрхтэн.  Энэ нарийн эмзэг эрхтний эмч болно гэдэг амаргүй байсан болов уу. Та яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ. Хаана ямар сургууль дүүргэв?

- Анагаахын их сургуульд сурч байхаасаа нүдний эмч болно гэж мөрөөддөг байсан. Анагаахын VI курст нүдний эмгэг судлалын хичээл ордог байсан нь хамгийн сонирхолтой хичээл минь байсан бөгөөд тэр үеэс л нүдний эмч болохыг зорьсон. Миний хувьд Румын улсын Бухарест хотын Кароль Давилийн нэрэмжит Анагаах ухааны их сургуульд зургаан жил суралцан 2003 онд сургуулиа амжилттай дүүргэж тус улсын Гадаад Харилцааны яамны сургалтын албанаас цааш сурах тэтгэлэг авч байлаа. Ингээд Румын улсын нүдний торлог шилэнцрийн мэс засалч, алдарт профессор Бенонэ Кирсточиа багш дээрээ анх очиж нүдний чиглэлээр мэргэшин суралцах чин хүсэлтэй байгаагаа хэлэхэд миний  анагаахын сургуульд гаргасан амжилт, үр дүнг маань харгалзан үзээд өөрийн шавиа болгож авахыг зөвшөөрсөн юм. Багшийнхаа удирдлаган дор нүд судлалын чиглэлээр таван жилийн резидентурын сургалтыг дүүргэж улмаар анагаах ухааны докторын зэргээ 2010 онд амжилттай хамгаалж төгссөн. Ингээд л миний нүдний эмч болох их хүсэл мөрөөдөл минь биелэлээ олж Бухарест хотын Цэргийн эмнэлгээс ажил амьдралын гараагаа эхэлж байлаа. Энэ хугацаанд Олон улсын нүдний нийгэмлэгийн шалгалтыг амжилттай өгч Европын нүдний нийгэмлэгээс сургалтын тэтгэлэг хожиж, Англи улсын Манчестер Нүдний эмнэлэгт торлог шилэнцрийн чиглэлээр суралцаж, ажиллаж байсан юм.  Хүн гэдэг хүссэн зорьсон зүйлдээ хөтлөгдөн тэмүүлдэг зүй ёсоор Европын нэртэй сайн эмнэлгүүдэд урт богино хугацаанд ажиллан суралцаж туршлага судлах сайхан боломжууд надад олонтаа тохиолдсон.

Анагаахын VI курст нүдний эмгэг судлалын хичээл ордог байсан нь хамгийн сонирхолтой хичээл минь байсан бөгөөд тэр үеэс л нүдний эмч болохыг зорьсон.

Эмч болж байгаа хүн мэргэших чиглэлээ сонгохдоо анагаахад тойролт хийж чиглэл болгоноор ажиллаж үзэж байхдаа сонголтоо хийх нь илүү зөв гэж би боддог. Ингэснээр сонгосон хойноо эргэж буцахгүй, шантрахгүй, сонгосон  мэргэжилдээ илүү дурлан, урам зоригтой, илүү их итгэл төгс энэ олон жилийн сургуулийг дүүргэдэг болов уу гэж боддог юм.

Хүн гэдэг хүссэн зорьсон зүйлдээ хөтлөгдөн тэмүүлдэг зүй ёсоор Европын нэртэй сайн эмнэлгүүдэд урт богино хугацаанд ажиллан суралцаж туршлага судлах сайхан боломжууд надад олонтаа тохиолдсон.

Румын улсад суралцаж ажилласан арав гаран жил маань залуу насны бүх л сайн сайхан дурсамжтай салшгүй холбогддог. Өдий хүртэл сурсан мэдсэн бүхэн маань тус улсын боловсролын чанар, багш нарын маань мэдлэг, ур чадвартай салшгүй холбоотой гэж би үзэж багш нартаа би маш их баярлаж явдаг.

- Ер нь нүдний эмч нар хэрхэн мэргэшдэг вэ. Саяхан та дэлхийд нүдний мэс заслаараа тэргүүлэгч Энэтхэг улсад суралцаад ирсэн. Энэ талаараа ярихгүй юу?

- Энэтхэг улс бол нүдний эмчилгээ, нүд судлалаараа маш өндөр төвшинд хүрч хөгжсөн улс гэдгийг олон хүмүүс мэдэх байх. Ингээд энэ улсад өөрөө биечлэн очиж дэлхийн хамгийн сүүлийн үеийн эмчилгээ оношилгооны туршлагаас суралцах, сурсан мэдсэн зүйлээ эх орондоо ирээд хэрэгжүүлж өөрийн хувь нэмрээ оруулъя гэсэн зорилго өвөрлөн  нэлээд удаан төлөвлөж бэлдсэний эцэст 2014 онд Энэтхэг улсыг зорьсон. Энэтхэг улсад өөрийн зардлаар торлог шилэнцрийн чиглэлээр мэргэшин суралцаад ирлээ. Энэтхэг улс нүдний салбарт шилдэг нь байхаас гадна олон шинэ санаа, шинэ эмчилгээг нээж нэвтрүүлж байгаагаараа онцлогтой. Тэнд эмч нар нүдний ерөнхий эмч байхаасаа илүүтэйгээр нүдний хэсэг тус бүрээр  төрөлжиж нарийсан бэлтгэгдсэн байдаг тул тухайн хэсэг бүртээ өндөр төвшний тусламж үйлчилгээг үзүүлдэг. Манай улсад эрчимтэй хөгжиж байгаа торлог шилэнцрийн клиник эмчилгээ буюу лазер эмчилгээ, торлог шилэнцрийн эмгэгийг эмээр эмчлэх арга аргачлалаас суралцсан. Сурч ирснээ өөрийн ажиллаж байгаа эмнэлэгтээ нэвтрүүлэн өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлэх гээд чармайн ажиллаж байна.

- Торлог шилэнцэр гэж нүдний аль хэсэг вэ, ямар эмгэг тохиолдож болох вэ энэ талаараа та тодруулахгүй юу?

- Торлог шилэнцэр гэдэг бол нүдний хойд сегментийн хэсэг. Манай улсад нүдний өмнөд сегмент буюу та бид толинд харахад харагдаж байгаа хэсгийн эмчилгээ, тэр хэсгийн мэс засал дэлхийн бусад улс орноос дутахааргүй сайн хөгжсөн гэж би дотроо үнэлдэг. Харин нүдний дотор хэсгийг бүрхэж байрладаг торлог, түүний доод давхаргууд, нүдний хөндийг дүүргэж байдаг шилэнцэр гэдэг тунгалаг биетийн эмчилгээ тэдгээрийн мэс заслын эмчилгээ одоо л хөгжиж байна. Сүүлийн үед энэ чиглэлээр залуу эмч нар маань суралцан ирж энэ төрлийн эмчилгээ, мэс засал  хөгжиж байна.

Торлог бол бидний харсан зүйлсийг мэдээлэл болгон хувиргаж тархи уруу дамжуулдаг нүдний хамгийн чухал бүтэц юм.

Торлог бол бидний харсан зүйлсийг мэдээлэл болгон хувиргаж тархи уруу дамжуулдаг нүдний хамгийн чухал бүтэц юм. Хэрвээ торлог дээр гэмтэл гарах юм бол нүдний бусад хэсэг эрүүл байгаад ч харж байгаа зүйлийг тархи уруу дамжуулах ямар ч боломжгүй гэж ойлгож болно. Шилэнцэр маань янз бүрийн шалтгаанаас болж өвчлөөд тунгалаг байдлаа алдаж хараа муудах мөн үндсэн бүтцээ алдсанаас нүдний торлог ховхрох зэрэг маш хүнд эмгэгүүд гардаг. Тухайлбал шилэнцэр цайрах, шилэнцэрт цусны даралт ихсэх өвчин, чихрийн шижин зэргээс үүдэлтэй цус алдалт болвол хараа эрс муудаж торлогийн байдлыг судлан шинжлэх боломжгүй болох юм. Торлог мэдээллийг хүлээж авах боломжгүй болсноор тухайн хүн маань юм харахгүй болчихдог. Торлогийн эмгэг нь өвчтөний амьдралын чанарыг богино хугацаанд доройтуулдаг, улмаар хараагүй болгох аюултай, эмчлэхэд хэцүү, удаан эмчилгээ шаарддаг, үнэ өртөг өндөртэй өвчлөл юм.

- Монгол орон маань чийглэг биш уур амьсгалтай. Тоосорхог орчинд нүдний өвчлөл их байдаг. Ер нь манайханд ямархуу төрлийн эмгэг ихэвчлэн тохиолддог бол. Нүдээ хэрхэн хамгаалах талаар мэргэжлийн зөвлөгөө өгөхгүй юү?

- Манай улсад нүдний эмгэг нэлээд элбэг тохиолддог. Хуурай агаар, мөн түүнчлэн компьютер, телевизор, гар утасны зохисгүй хэрэглээнээс болоод хүмүүсийн нүд аргаж хуурайших хам шинж хамгийн их тохиолдож байна. Ард олныхоо эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн эмч хүн бүрийн үүрэг бол үзлэг болгондоо өвчтөнд тухайн эмгэгийн талаар дэлгэрэнгүй зөвлөгөө өгөх явдал. Улмаар тухайн хүн маань зөв мэдээллийг гэр бүлийнхэндээ дамжуулж эрүүл мэндийн боловсрол нэмэгдэх нь нүдний эмгэгтэй холбоотой олон асуудлаас урьдчилан сэргийлэх боломжийг олгодог. Энэ тал дээр би их анхаарч ажилладаг тул эмчилгээний үр дүн сайн, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж өндөр байдаг.  Өөрөөр хэлбэл үзлэгийн ихээхэн хувийг өвчтөнд нүдний эмгэгийнх нь талаар зөв ойлгуулж, эрүүл мэндийн боловсрол олгоход зориулдаг даа.

Ард олныхоо эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн эмч хүн бүрийн үүрэг бол үзлэг болгондоо өвчтөнд тухайн эмгэгийн талаар дэлгэрэнгүй зөвлөгөө өгөх явдал.

Манай улсын хүн амын дунд нүдний даралт ихсэх өвчин, салстын үрэвсэлт өвчингүүд ялангуяа сүүлийн үед хүн бүр мэддэг болсон нүдний ханиад буюу вирусээр үүсгэгдсэн салстын өвчин маш их тохиолдож байна. Энэ бүхний талаар хүмүүс маань зөв мэдээллийг зөв газраасаа аваад өөрсдийгөө урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.  Бас нэгэн сэтгэл зовоосон зүйл гэвэл сүүлийн үед хүүхдийн нүдний эмгэг ихсэж байна. Үүний учир шалтгаан нь сургуулийн орчин олон хүүхэдтэй байдгаас тоосжилт, орчны бохирдол үүсэж өрөвсөлт өвчин ихсэх түүнчлэн компьютер, I Pad, гар утас зэрэг техник технологийн дэвшилтэт зүйлүүдийг цаг наргүйгээр, эцэг эхийн хараа хяналтгүйгээр хэрэглэх нь холын хараа муудахад нөлөөлж байна. Эцэг эхчүүдэд анхааруулахад хүүхдүүдтэйгээ хамтдаа өнгөрөөх цагтаа анхаарахгүй бол  хүүхдүүд маань олон цагаар компьютер, гар утас хэрэглэж хараагаа муутгаж байна шүү.

- Өнөөгийн нийгэмд хүүхэд төрсөн цагаасаа л техник технологийн дэвшилтэт хэрэглээтэй харьцах болжээ. Энэ тал дээр хүүхдэд ер нь цагийн болон насны хязгаар байх ёстой юм болов уу?

- Бага насны хүүхдүүд, ялангуяа таваас доош насныхан өдөрт гурваас дээш цаг дээрх зүйлсүүдийг тоглож, үздэг бол нүдэнд асар муугаар нөлөөлөхөөс гадна тархинд  нөлөөлж мэдрэлийн ядаргаанд ороход хүргэдэг. Эдгээр нөлөөлөөс болж нүд нь цавчилж, нулимс нь гоожсон сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн тоо өдөр ирэх тусам олширсоор байна.

Мэдээж хүүхдийг техник технологийн дэвшлээс хөндий байлгана гэдэг бол өнөөгийн нийгэмд хэцүү. Тийм болохоор эцэг эхчүүд хүүхдүүдээ хараа хяналтандаа 30 минутаас хэтрүүлэлгүй зөв зохистой хэрэглүүлэх, өөр зүйлд хандуулж нүдийг нь амраах зэрэг нь чухал юм.

- Хүмүүс өөрсдөө болон хүүхдүүддээ гадуур худалдаалагддаг нүдний дусаалгаас дур мэдэн авч хэрэглэх хандлага ажиглагддаг. Энэ ер нь зөв үү.  Дусаалга байнга хэрэглэх нь нүдээ хамгаалахад нэмэртэй байдаг уу?

- Энэ тал дээр  манай улсад нүдний эмийн зарим бүтээгдэхүүнийг буруу сурталчлан хүн амын дунд буруу ойлголт төрүүлж түүнийгээ ямар ч хараа хяналтгүй, эмчийн заавар зөвлөмжгүй, жоргүйгээр худалдаалж байна уу даа, үүнээс улбаалаад нүдний эмгэг улам хүндэрсэн хойноо ирдэг гэж би боддог. Энэ асуудалд эмийн компаниуд эмийн борлуулалттай холбогддог газрууд болон хувь хүн өөрөө ч анхаарч зөв ойлголт, хэрэглээг бий болгох нь зүйтэй. Тухайлбал Япон, Солонгос зэрэг чийглэг уур амьсгалтай орны хүмүүст зориулж хийсэн витаминтай дусаалгуудыг манай хүмүүс хараа хяналтгүй дур мэдэн маш ихээр дусаадаг. Ялангуяа комьпютер дээр олон цагаар суудаг хүмүүс их дусаадаг. Ийм төрлийн ихэнх бүтээгдэхүүнүүд маань судас агшаагчтай байдаг учраас дусаасан үед л сайхан болчихож байгаа юм шиг мэдрэмж төрүүлэх болохоос биш тухайн хүний нүдний аргаад байгаа, улайгаад байгаа, өрөвсөөд байгааг бол эмчилж чадахгүй ээ. Үүний оронд эмчийн заавраар өөрт тохирох зөв бүтээгдэхүүнээ хэрэглэвэл өөрийгөө зөв эмчилнэ шүү гэдгийг хүмүүс маань ойлгоосой гэж бодож байна.

Япон, Солонгос зэрэг чийглэг уур амьсгалтай орны хүмүүст зориулж хийсэн витаминтай дусаалгуудыг манай хүмүүс хараа хяналтгүй дур мэдэн маш ихээр дусаадаг.

- Хараа муудахаас бусад төрлийн нүдний эмгэгүүд хэрхэн илэрдэг бол. Ямар өөрчлөлт мэдрэгдвэл эмчид хандах вэ?

- Нүд бол эмзэг эрхтэн. Нүдэнд ямар нэгэн асуудал үүсэхэд ихэнх тохиолдолд хүнд өөрт мэдрэгддэг. Харин нүдний даралт ихсэх өвчин удаан хугацаанд өөрт зовиур өгдөггүй  учраас хожуу оношлогдох нь олон. Тэгэхээр нүдээ эрүүл саруул байлгахад анхаарах гол зүйл маань төрсөн цагаасаа хойш бүх насны хүмүүс жилд ядаж нэг удаа, нүдний ямар нэгэн эмгэгтэй хүмүүс бол эмчийнхээ заавраар тухай бүрд нүдээ үзүүлж байх хэрэгтэй. Ийм дэглэмээр явсан тохиолдолд нүдний өвчлөл, эмгэгд өртөх тохиолдол эрс багасах бөгөөд сохорлоос хамгаалж чадна гэдгийг баттай хэлэх байна.

- Төрсөн цагаас гэхээр нярай хүүхдүүдийг бас үзүүлж байх хэрэгтэй юм байна. Ер нь нярайд нүдний өвчлөл хэр тохиолддог вэ?

- Нярай болон бага насны бүх л хүүхдийг үзэх боломжтой. Ялангуяа нярай хүүхдүүдэд сормуусны буруу ургалт, нулимсны сувгийн битүүрэл зэрэг эмгэгүүд элбэг тохиолддог. Хүүхдэд тань ямар нэгэн хэвийн биш байдал ажиглагдах л юм бол наснаас үл шалтгаалан эмчид хандах хэрэгтэй гэж зөвлөх байна.

Хүүхдэд тань ямар нэгэн хэвийн биш байдал ажиглагдах л юм бол наснаас үл шалтгаалан эмчид хандах хэрэгтэй гэж зөвлөх байна.

- Харааны өөрчлөлт илэрсэн тохиолдолд  хараа тэглэх мэс заслаас өөрөөр эмчлэгдэх боломж байдаг болов уу?

- Хараа нэгэнт муудсан тохиолдолд нүдний шилээр эхний ээлжинд засах ёстой. Насанд хүрсэн хүмүүс харааны линзээр засаж болно. Мөн орчин үед их түгэн дэлгэрч байгаа лазериар хараа тэглэх мэс засал байна. Энэ төрлийн мэс заслын хөгжил сайн байгаа болохоор мэргэжлээс шалтгаалаад нүдний шил зүүж болохгүй, зүүх дургүй хүмүүс лазериар хараагаа тэглүүлэх нь зөв шийдэл гэж үзэж байна. Хөгжлөө дагаад энэ төрлийн мэс заслын эрсдэл багассан.                     

- Харааны шил болоод контакт линзийг хэрхэн сонгож зүүх вэ. Контакт линзийг хэдэн наснаас зүүхийг зөвшөөрдөг юм бол. Тохирсон контакт линзийг тогтмол зүүх нь харааг нэмж муутгахгүй гэж ойлгож болох уу?

- 18-аас доош насны хүүхдүүд тохирсон шилээ зүүх нь тухайн хүүхдийн хараа  муудахгүй байх боломжийг олгодог. Гэтэл манайхан нэг шилээ зүүгээд хоёр гурван жил огт хараагаа шалгуулахгүй явсаар муутгах нь их. Эрүүл ахуйн шаардлага хангаж чадна гэж үзэж байгаа бол өсвөр насны хүүхэд контакт линз зүүж болно. Гэхдээ нүдний эрүүл ахуй, контакт линзний эрүүл ахуйг чанд сайн сахих тал дээр эцэг эх нь  хяналт тавих, анхаарах, эмчтэйгээ зөвлөлдсний үндсэн дээр шийдэх нь зөв юм. Ер нь усны агууламж өндөртэй зөөлөн линз зүүх нь олон давуу сайн талтай.

- Сүүлийн үед охидууд маань гоёлын линз зүүх болсон. Энэ ямар нэгэн сөрөг нөлөөтэй юү?

- Тухайн линзийг зүүх зааврыг чанд сахиж байгаа тохиолдолд гоёлын линзийг зүүж болно. Нүдний эмчийн хувиар хэлэхэд харааны болон гоёлын линзийг удаан хугацаагаар зүүх, авахгүйгээр унтах, бохир тоостой орчинд цэвэрлэлгүй зүүх зэргээс болж нүдний эмзэг хэсэг болох эвэрлэгийн эмгэгүүд тохиолдоно гэдгийг анхаарах хэрэгтэй. Ийм шалтгаантай эмгэгүүд цөөн бус тохиолдож байгаа. Зарим нэгэн харамсалтай тохиолдолд эвэрлэг цоорох, эвэрлэг дээр цагаа унах, эвэрлэгийн гүн шарх үүсэх зэргээр тухайн хүүхдийн хараанд насан туршид нь сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэл байдаг шүү гэдгийг контакт линз хэрэглэх тохиолдол бүртээ бодох нь зөв.

Хараа хяналтгүй зарагддаг линз ямар материалаар хийгдсэн, усны агууламж, нягтаршил, гарал үүсэл нь тодорхой биш байх нь олонтаа.

Контакт линз сонгохдоо стандарт, хийц, таны нүдэнд тохирсон хэмжээтэй эсэхийг чухалчлаарай. Нүдний гадарга дээр гадны биет нааж байгаа учраас нүд маань авах ёстой тэжээл, хүчилтөрөгчийг агаараас авах явцад хүндрэл учруулдаг. Иймээс зориулалтын контакт линз маань ус их агуулсан олон нүх бүхий материалаар хийгдсэн байх ёстой болдог. Хараа хяналтгүй зарагддаг линз ямар материалаар хийгдсэн, усны агууламж, нягтаршил, гарал үүсэл нь тодорхой биш байх нь олонтаа.

- Сүүлийн үед охид эмэгтэйчүүд маань нүдний гоо сайхны мэс ажиллабар хийлгэх нь ихэссэн. Энэ талаар та юу хэлэх вэ. Хэдэн наснаас хийлгэвэл зохилтой байдаг болон энэ төрлийн мэс ажиллабар хийлгэх тохиолдолд биеэ хэрхэн бэлтгэх вэ?

- Нүдний гоо сайхны мэс засал сүүлийн үед охид эмэгтэйчүүд төдийгүй эрчүүдийн маань дунд ч түгээмэл хийгддэг болж байгаа. Үүнийг зөв зүйтэй гэж боддог. Гэхдээ тухайн мэс ажиллабарыг хийж байгаа эмчийн ур чадвар, дадлага туршлага ямар вэ гэдэг чухал. Хүн бүрийн нүд ондоо хэлбэртэй болохоор тухайн хүний нүдэнд тохирсон, анатомийн бүтцийг нь эвдэж гэмтээхгүй байхаар мэс ажиллабарыг хийх ёстой. Гэтэл харамсалтай нь манай улсад ч, гадны улсад ч хийгдсэн алдаатай мэс ажиллабаруудыг олон өвчтөнөөс харж байсан. Ялангуяа Солонгос улсад хийгдсэн, тухайн хүний зовхины бүтцийг хүндээр гэмтээсэн мэс ажиллабарыг олноор харж байсан.

Сүүлийн үед миний харамслыг төрүүлж байгаа нэг зүйл гэвэл  гоо сайхны газрууд нүдний гоо сайхны мэс ажилбарыг хийх болсон.

Аливаа зүйлд стандарт гэж байх ёстой. Сүүлийн үед миний харамслыг төрүүлж байгаа нэг зүйл гэвэл  гоо сайхны газрууд нүдний гоо сайхны мэс ажиллабарыг хийх болсон. Энэ уг нь хориотой байх ёстой болов уу гэж боддог. Тэнд ямар ч эмч биш, зөвхөн гоо сайхны сургууль төгссөн хүн мэс ажиллабар хийж байгаа нь нүдний бүтцийг гэмтээх, нулимсны сувгуудыг гэмтээх, дээд доод зовхийг татахдаа хэтрүүлэн татаж нүд гүйцэд анигдахгүй болох улмаар нүдний хүнд эмгэгүүд үүсдэг. Уг нь бол нүдний гоо сайхны мэс ажиллабарыг нүдний л эмч хийх ёстой. Нүд гэдэг эмзэг эрхтний бүтэц анатомийг, учирч болзошгүй эрсдлүүдийг нүдний эмчээс илүү мэдэх хүн бусад мэргэжилтнүүдийн дунд байхгүй гэж боддог. Нүдний эмч нар маань ч надтай санал нийлэх болов уу. Тухайн хүн нүдний ямар нэгэн эмгэггүй, ялангуяа бактер, вирусын халдваргүй байх ёстой. Иймээс хэрвээ нүдний мэс ажиллабар сонирхож байгаа хүн байвал нүдний эмчид үзүүлж эмгэг, үрэвслээ эмчлүүлсний дараагаар хийлгээрэй гэж зөвлөх байна. Эрүүл нүдтэй бол нэг өдрийн өмнөөс эмчийн зөвлөсний дагуу зохих дусаалгыг дусааж, урьдчилан цус тогтоох витамин зэргийг ууж хэрэглэж болно. Бага насны охид ийм мэс ажиллабар хийлгэхийг би хувьдаа таашаадаггүй. Учир нь хүүхдийн нүүрний хэлбэр, ясны бүтэц бүрэн хөгжиж гүйцээгүй байдаг. Дээд доод зовхины мэс ажиллабарыг 45-аас дээш насны хүмүүс хийлгэвэл илүү зохимжтой байх болов уу. 45 орчим насанд гүн үрчлээ үүсээгүй байдаг тул илүү үр дүнтэй болдог.

- Танай “Гранд Мед” эмнэлгийн нүдний салбарын онцлог юу вэ. Ямар төрлийн мэс ажиллабар болон эмчилгээ, үйлчилгээ явуулж байна вэ. Танай эмнэлгийн нүдний салбарын хамт олны цаашдын зорилго гэвэл? 

- Манай эмнэлгийн хувьд бүх л салбарыг жигд хөгжүүлэхийг зорин ажилладаг. Тэр дундаа нүдний салбарыг хөгжүүлэх, шинэлэг эмчилгээний арга үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөгөөндөө тусгаад, бэлтгэл ажлаа хангаад ажиллаж байгаа. Одоогоор манай эмнэлэг дээр дэлхийн стандартын дагуу нүдний бүрэн үзлэг үйлчилгээг орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан хийдэг. Ялангуяа миний мэргэшиж сурсан нүдний торлог шилэнцрийн оношлогоо эмчилгээг түлхүү хийж байна. Ингэснээрээ бид нар энэ төрлийн эмгэгийг аль болох эрт илрүүлж, өртөг өндөртэй мэс засалд хүргэлгүй өмнө нь лазериар, тариагаар эмчлэн үүнийгээ сайн хяналтын системтэй хослуулдаг. Манай дээр чихрийн шижинтэй олон хүмүүс үр дүнтэй эмчлэгдэн хянагдаж байна. 

Бидний зорилго нь цаашид гаднын орныг зорих үйлчлүүлэгчдийн тоог бууруулж, эх орондоо эх хэлээрээ ярилцан, дэлхийн бусад оронтой жишиг нэг, өртөг хямд тэр бүх эмчилгээг өндөр төвшинд хийдэг болох явдал юм.

Мөн манай эмнэлэг дээр диабетийн том төв нээгдэж байгаа. Чихрийн шижинтэй өвчтөнүүд маань дэлхийн стандартын торлогийн эмчилгээнд хамрагдах боломжтой боллоо гэж баярлаж байгаа. Мөн түүнчлэн нүдний төрөл бүрийн мэс ажиллабарууд хийгдэж байна. Бидний зорилго нь цаашид гаднын орныг зорих үйлчлүүлэгчдийн тоог бууруулж, эх орондоо эх хэлээрээ ярилцан, дэлхийн бусад оронтой жишиг нэг, өртөг хямд тэр бүх эмчилгээг өндөр төвшинд хийдэг болох явдал юм. Зорилго нэгтэй, хамтран ажилладаг мэргэжил нэгт нөхдөдөө баярлаж явдаг.

- Сонирхолтой сайхан яриа өрнүүлж, уншигч олонд маань зөв сайхан зөвлөгөө өгсөн таньд баярлалаа. Таны болон хамт олны тань зорьсон их үйл хэрэгт амжилт хүсье.