m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 05:53
311
Сардаа 300-1100 тонн шингэрүүлсэн хий ашиглаж байна

Монгол Улсад хийн түлшний импортын өсөлт сүүлийн гурван жилд харьцангуй өндөр байгаа гэж МҮХАҮТ-аас мэдээлжээ. Тухайлбал, дэлхий нийтээр эдийн засгийн хямрал нүүрлэсэн 2008-2009 онуудад хийн түлшний хэрэглээ буурсан бол сүүлийн жилүүдэд Монголын эдийн засгийн өсөлтөөс хамаарч хийн түлшний импорт өссөн байна. 

Монгол УИХ-аас хийн хэрэглээг нэмэгдүүлэх, хийн түлшний салбарыг бодлогоор хөхүүлэн дэмжих үүднээс өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулж хийн түлш, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоноглолын татвараас чөлөөлөх хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар батлуулсан нь шингэрүүлсэн хийн импорт, борлуулалт нэмэгдэх, шингэрүүлсэн хийн үнэ буурах, хөрөнгө оруулалт нэмэгдэхэд эерэгээр нөлөөлсөн аж.

Мөн Монгол улсын Засгийн газар 2000, 2006 онуудад шингэрүүлсэн шатдаг хийн хөтөлбөр батлан гаргасан нь энэ төрлийн бизнес эрхлэгчдийг хөдөлгөөнд оруулсан төдийгүй, хийн аж ахуйнуудыг төрөөс бодлогоор дэмжих, хэрэглэгчдийг хийн түлшний хэрэгцээнд сургах, агаарын бохирдлыг бууруулах, цөлжилтийг сааруулах, дулаан, цахилгаан эрчим хүчний хомсдолд гаргахад чухал арга хэмжээ болсон.

Сардаа 300-1100 тонн шингэрүүлсэн хийг борлуулж байна

Одоогийн байдлаар шингэрүүлсэн хийн үйлчилгээг 17 компани явуулж байгаа бөгөөд шингэрүүлсэн хийн түлш хүлээн авах, хадгалах, жижиглэн савлах зориулалт бүхий 50-1200м3-ийн багтаамж бүхий хий цэнэглэх станцуудыг өөрийн хөрөнгөөр барьж байгуулан айл өрх, нийтийн хоолны газар, үйлдвэрт 2-100 литрийн (1000-10.000 эргэлтийн баллон) баллоноор шингэрүүлсэн хийг түгээх үйлчилгээг эрхэлж, сардаа 300-1100 тонн шингэрүүлсэн хийг борлуулж байна. Мөн хөдөө орон нутагт ялангуяа Ховд, Баян-Өлгий, Баянхонгор, Увс, Говь-Алтай, Дорноговь аймгуудад шингэрүүлсэн хийг өргөнөөр ашиглаж байна.

Эрчим хүчний шинэ эх үүсвэр, экологийн цэвэр түлш болох шингэрүүлсэн шатдаг хийн хэрэглээг нэмэгдүүлэх, хийн салбарыг Монгол улсад хөгжүүлэх нь дэлхий дахины хөгжлийн хандлага, агаарын бохирдлыг бууруулах, Киотогийн протокол, уур амьсгалын өөрчлөлттэй холбогдон дэлхийн олон түмнээс тавьж байгаа шаардлагуудтай нийцэж байгаа юм.

Шингэрүүлсэн хийн хэрэглээ хүмүүсийн өдөр тутмын амьдралын хэрэгцээ болсноор улсын хэмжээнд хийн аж ахуйн ажил үйлчилгээ эрхэлдэг 400 гаруй ажлын байр шинээр бий болсон юм.