m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 07:36
111
Дорнод: Газар зөвшөөрөлгүй хагалсан зөрчил гарчээ

Энэ долоо хоногийн пүрэв гаригт Дорнод аймгийн ИТХ-ын Хүнс, үйлдвэр, хөдөө аж ахуйн бодлогын хороо хуралдлаа. Энэ удаагийн хурлаар аймгийн ХХААГ-ын Газар тариалангийн бодлоготой холбоотой мэдээлэл, ГХБХБГ-ын 2015 онд газар тариалангийн талбайг нэмэгдүүлэх судалгааны ажлын хэсгийн мэдээлэл, МАА, газар тариалангийн бодлоготой холбоотой мэдээллийг тус тус сонслоо. Аймгийн ХХААГ өнгөрсөн онд “Газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар баримтлах бодлого” боловсруулан Аймгийн ИТХ-аар батлуулан ажиллаж байна. Мөн Тосны ургамлын тариалалтад хяналт тавих, тариалалтын технологи, хөрсний үржил шимийг хамгаалах зорилгоор “Таримлыг тариалангийн талбайн сэлгээнд оруулан тариалах тухай” тогтоолыг батлуулан, хаврын тариалалтаас эхлэн мөрдөн ажиллах аж. Аймагт газар тариалан эрхлэгчдийн дийлэнх хувийг гаднын компаниуд эзэлдэг. Эдгээр компаниуд нутгийн хөрсөнд улаанбуудай, эрдэнэшиш, рапус, наранцэцэг, гурвалжин будаа зэргийг тариалдаг боловч аймаг, орон нутагт ирдэг үр өгөөж нь тун бага. Иймээс ХҮХАА-н бодлогын хороо энэ асуудал дээр онцгой анхаарч шат дараалсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллах ажээ. 

Үүний дараагаар ГХБХБГ-ын 2015 онд газар тариалангийн талбайг нэмэгдүүлэх судалгааны ажлын хэсгийн мэдээллийг сонсов. Аймгийн ГХБХГазар Засаг даргын захирамжийн дагуу сумдад тариалангийн зориулалтаар ашиглаж байсан боловч атаршиж ашиглалтгүй болсон талбайн судалгааг гаргах, атаршсан газрыг эргэлтэд оруулах, ашиглалтыг сайжруулах боломжийг судлах, мөн шинээр тариалангийн талбай нэмэгдүүлж, газрын ангилал өөрчлүүлэн тариалангийн зориулалтаар ашиглах талаар хүсэлт ирүүлсэн Матад, Халхгол, Чулуунхороот, Чойбалсан сумдад 01 дүгээр сарын 19-26-ний өдрүүдэд ажиллажээ. Энэ хугацаанд дээрх сумдад газар тариалангийн зориулалтаар ашиглаж байсан, одоогоор атаршиж, ашиглалтгүй болсон талбайг газар дээр нь үзэж, хэмжилт хийн талбайн хэмжээг тогтоох, Тариалангийн талбайг эргэлтэд оруулах, ашиглалтыг сайжруулах, шинээр талбай нэмэгдүүлэх боломжийн талаар сумдын удирдлагуудтай харилцан санал солилцох, Тариалангийн талбай эзэмшүүлэх, ашиглуулах талаар гаргасан сумын ИТХ-ын тогтоол, Засаг даргын захирамж, газар тариалангийн зориулалтаар газар эзэмшигчдийн нэгж талбарын хувийн хэрэгтэй танилцах зэрэг ажлыг гүйцэтгэсэн байна. Хяналт шалгалтын ажлаар Халхгол суманд 2008-2012 онд эрчимжсэн фермерийн аж ахуй, тэжээлийн ургамал тариалах нэрээр 30.0 мян.га газрын нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд олгосон ч одоог болтол эрчимжсэн мал аж ахуй эрхлэх үйл ажиллагааг нэг ч аж ахуй нэгж явуулаагүй бөгөөд Газрын тухай хуулийн хүрээнд эрхийг цуцлах нөхцөл үүсэхэд эзэмшлийн гэрчилгээг бусдад шилжүүлдэг. Чулуунхороот сум газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаагүйгээр газар олгосон, улсын хилийн зурвас газарт гадаадын аж ахуйн нэгжээр зөвшөөрөлгүйгээр атар газар хагалуулсан  зэрэг олон алдаа дутагдлууд илэрчээ. 

Эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр шинээр тариалангийн талбай бий болгосон бол Газрын тухай хуулийн 63.1.7-д иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-20 дахин, байгууллага, ААН-д ХХДХ-г  40-80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, газарт учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ хэмээн заасан байдаг байна. Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгаа, газрын дуудлага худалдаагүйгээр газар олгосон, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр атар газар хагалуулсан асуудалд буруутай этгээдэд хариуцлага тооцох ёстой.  Бодлогын хорооны дараагийн хуралд  дээрх сумдын холбогдох албаны хүмүүсийг оролцуулахаар шийдвэрлэлээ.  Тус бодлогын хорооны 3-р хурал ирэх сарын 26-ны өдөр хуралдах юм.