m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 07:43
285
МУЗН эрх зүйн шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг хийнэ

 Гуравдугаар сарын 4-ны өдөр “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй ба МУЗН-ийн эрх зүйн шинэчлэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хэлэлцүүлэг Төрийн ордны Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д зохион байгуулагдана. МУЗН өнгөрсөн жилийн тавдугаар сард  “Төрөөс хүмүүнлэгийн талаар баримтлах бодлого” сэдэвт хэлэлцүүлгийг энэхүү Иргэний танхимд зохион байгуулж байсан.  Одоо болох гэж буй “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй ба МУЗН-ийн эрх зүйн шинэчлэл” хэлэлцүүлэг нь эхний  хэлэлцүүлгийн үр дүнг бататгасан  бөгөөд МУЗН-ийн эрх зүйн шинэчлэлийг хийхэд ихээхэн түлхэц болох юм. МУЗН-ийн  Эрх зүйн байдлын тухай хуулийг 2000 онд батлан дагаж мөрдөж байгаа ч эдүгээ хууль эрх зүйн орчин цаг үеийн хэрэгцээнд   нийцүүлэн өөрчлөх нь  зайлшгүй шаардлага болжээ. Хүмүүнлэг  иргэний нийгмийг байгуулахад МУЗН Засгийн газрынхаа үйл ажиллагаанд нэмэлт хүч болон ажилладаг зэрэг үйл ажиллагааных нь онцлогийг харгалзан эрх зүйн орчинг улам боловсронгуй болгоход хуулийн төсөл чиглэж байна. Хэлэлцүүлэгт УИХ-ын зарим гишүүд,  Дунд шатны хорооны дарга нар, нэр бүхий хуульчид, ЕНБДГ-ын ажилтнууд оролцохоос гадна ОУУЗУХСНХ-ноос ихээхэн ач холбогдол өгч, бүсийн зарим удирдах албан тушаалтнууд хүрэлцэн ирж байна. Тухайлбал, ОУУЗУХСНХ-ны Ази номхон далайн бүсийн дэд захирал Мартин Фаллер, ОУУЗУХСНХ-ны Зүүн өмнөд азийн бүсийн захирал София Стойменова,  Ази номхон далайн бүсийн байгууллагын хөгжил хариуцсан зохицуулагч Жон Гвин, тус бүсийн гамшгийн хөтөлбөрийн зохицуулагч Габериелла Эмери, Фижи улсын Улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий захирал Филип Найнока зэрэг гадны төлөөлөгчид  хэлэлцүүлэгт оролцохоос гадна манай  УИХ-ын  зарим гишүүд, сайд нартай уулзах юм.