m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 09:22
49
Д.Тогтохсүрэн: Өндөр гэгээний тухай баримтат кино хийнэ

Өндөр гэгээн Занабазарын 380 жилийн ойн баяр энэ жил тохиож буй. Үүний хүрээнд Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газраас нэлээд олон ажлыг хийхээр төлөвлөөд байгаа аж. Энэ талаар Өвөрхангай аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэнгээс тодрууллаа.

-Төвийн бүсийн даншиг наадмыг Өвөрхангай аймагт зохион байгуулах гэж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-2015 он бол монголчуудын хувьд их түүхэн жил болж байна. Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Өндөр гэгээн Занабазарын 380 жилийн ойг тэмдэглэх хүрээнд олон ажлыг хийхээр төлөвлөж байна. Үүнд, Өндөр гэгээний ойн баяр наадам, Засгийн газрын тогтоолын дагуу Төвийн бүсийн хуралдаан ирэх долдугаар сарын 25-27-ны өдрүүдэд болох юм. Энэ арга хэмжээг шууд дамжуулахаар Масс агентлагтай гэрээ байгууллаа. Тус агентлагийг сонгох болсон шалтгаан нь нэгдүгээрт, баяр наадмын шууд дамжуулалтыг дуу, дүрсний өндөр түвшинд маш сайн зохион байгуулдаг. Хоёрдугаарт, наадам учир хурдан морины уралдаан болно. Тиймээс ETV телевизийн хурдан морины тайлбарлагч их сайн тайлбарладаг учраас сонгосон.

Зөвхөн энэхүү наадам ч буй цаашлаад бүтэн жилийн хугацаанд Масс агентлагтай хамтарч ажиллана.

-Цаашлаад ямар ажлуудыг зохион байгуулах вэ?

-Нэлээд олон ажлыг хийх болно. Нэгдүгээрт, Өндөр гэгээн Занабазарын тухай баримтат кино хийхээр зохиолыг нь бичүүлээд явж байна. Хоёрдугаарт, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Үүнийг ирэх дөрөвдүгээр сарын 12-19-нд Унгар улсын нийслэл Будапешт хотод, дараа нь тавдугаар сарын 28-нд Монгол Улсад хийхээр төлөвлөж байна.

Дээрээс нь “Өндөр гэгээний нутгаар” гэсэн аялал зохион байгуулахаас гадна Арвайхээр, Есөнзүйл сумд болон Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажил хийнэ.