m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 11:34
202
Өвөрхангайн уугуул иргэдийн золголт боллоо

Хангай, хээр, говийн бүсэд оршдог байгалийн үзэсгэлэн бүрдсэн Өвөрхангай аймгийн уугуул Улаанбаатар хотод амьдран суугаа  иргэдийн золголт цэнгүүн өнөөдөр АСА Циркт нижгэр болж өнгөрлөө.

Ажил хөдөлмөрийнх нь гавь­яаг гэрчлэх одон, тэмдгийг энгэр­тээ гялалзуулсан нутгийн азай буур­лууд энэ өргөөнд хамгийн их хүнд­лэл хүлээж сууж харагдав.  Тэдний то­хойг түшин золгож буй нарийн хээ­тэй торгон дээл, дурдан бүсээр гангар­сан эмэгтэйчүүд, үйтэн хуаран дээл, хөөрөг, хэт хутгаар чимэг зүүлт хийсэн эрчүүд Өвөрхангай нутгийнх­ны өнгө золбоог илтгэх мэт.

Өвөрхангай аймгийн уугуул иргэдийн золголт цэнгүүн өнөөдөр АСА Циркт нижгэр болж өнгөрлөө

Нутаг усныхаа өвгөд хөгшидтэй уулз­­сан настангууд хөөрөг зөрүүлж, айраг зооглон хуучны сайхан цагийн түү­хийг хуучилж суухад хажууханд нь тэднийг дагаж ирсэн үр хүүхдүүд хоорондоо танилцаж, ажил хэр­гийн яриа өрнүүлнэ. Танхимын асарт  аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд, Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн дарга Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон М.Батчимэг, Д.Зоригт, Я.Содбаатар, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нар уригдан ирсэн нь хүндэт зочдын хамт заларсан байлаа.

УИХ-ын гишүүд болон сайд нутгийн зон олондоо хонь жилдээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм

 Өргөөнд цугларсан олны золголтын үйл ажиллагаа дундаа  орж амжаагүй байсан хэдий ч Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, ИТХ-ын дарга Г.Ганболд, Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн дарга С.Чинзориг нар цэнгүүнийг нээж үг хэлсэн юм.

Өвөрхангай аймгаас УИХ-д нийт есөн гишүүн сонгогдсон байдаг бол дөрвөн сайд ажиллаж байна. Дээрх гишүүд сайдаас төлөөлөн ирсэн нь УИХ-ын гишүүд болон сайд нутгийн зон олондоо хонь жилдээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөсөн юм.

Өвөрхангай аймгаас төрөн гарсан уртын дуучидгүйгээр төрийн найр, хүндэтгэлийн цэнгүүнийг төсөө­лө­хийн аргагүй. Тиймээс ч нээлтийн ёслол дээр “Эр бор хар­цага” уртын дууг эгшиглүүлж, АСА Циркийн жаврыг үргээсэн юм. Энэ үеэр хүрэлцэн ирсэн аймгийн Засаг дарга болон УИХ-ын гишүүд нутгийн олонтойгоо золгож, амар мэндийг мэдэв.

Өвөрхангай аймгийн уугуул иргэдийн золголтыг жил бүрийн Цагаан сарын шинийн 9-нд хийж байх товыг энэ үеэр дуулгасан юм. Өнөө жилийн золголтод сум бүрээс төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.

Энэ үеэр аймгийн Засаг дарга болон бусад зочинтой ярилцлаа. 

Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн: Өвөрхангайчуудын хувьд өнөтэй сайхан жил боллоо

-Өвөрхангайчуудын хувьд өнгөрч буй жил хэрхэн амжилт бүтээлээр арвин өнгөрөв?

-Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, аймгийн ЗДТГ хамтран сар шинийн золголт хийгээд 10 гаруй жил болж байна. АСА циркийн хамт болон билэгт сайн шинийн 9-нд нутгийн олонг минь хүлээн авдаг уламжлал тогтоод удаж байна. Өнгөрсөн морин жилийн хувьд Өвөрхангайчуудын хувьд өнөтэй сайхан жил боллоо. Аймгийн маань мал сүрэг таван төрөл дээр 600 гаруй мянган толгойгоор нэмэгдэж, нийт 4.1 сая мал тоолуулсан. Аймгийн хөгжлийн түүхэнд хамгийн олон толгой мал тоолуулсан жил болов. Нөгөөтэйгүүр аймгийн эдийн засаг 15 хувиар нэмэгдэж,  улсын, орон нутгийн хөрөнгө оруулалтаар 40 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийлээ. Модон хонин жилдээ Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлдэж байна.

Аймгийн Засаг дарга болон УИХ-ын гишүүд нутгийн олонтойгоо золгож, амар мэндийг мэдэв

Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийн дарга Хөдөлмөрийн сайд С.Чинзориг: Өвөрхангайчууддаа сар шинийн мэнд дэвшүүлж байна

-Өвөрхангай аймгийн уугуул иргэд хэд дэх жилдээ золгож байна вэ?

-Улаанбаатар хотод ажиллаж, хөдөлмөрлөж байгаа Өвөрхангайчууд сар шинийн дараахан нутаг орныхоо талаар сонин хачин хөөрөлдөж, хоорондоо золгодог уламжлал тогтоод 10 гаруй жил болж байна. Энэ үеэр сум орныхонтойгоо уулзахаас гадна аймгийн удирдлагуудаасаа нутаг орныхоо талаар мэдээлэл авдаг юм. Өвөрхангай аймгийн хувьд мал сүрэг, хүн ард нь өссөн бол хамгийн бэлэгшээж байгаа зүйл маань гурван сая дахь иргэний чацуутан Өндөр гэгээний маань төрч, өссөн нутгаас төрсөнд бэлэгшээж байна. Өвөрхангай аймагт ажиллаж, амьдарч буй нийт нутгийн олондоо Улаанбаатар хотод суугаа уугуул иргэдийн өмнөөс сар шинийн мэнд хүргэж байна.

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлдэж байна

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын нутгийн зөвлөлийн дарга Ч.Даваабаяр: Баруунбаян-Улаан сум маань шилдэг сумаар шалгарсанд баяртай байна

-Модон морь жилээ ямар амжилт бүтээлээр үдэв?

-Улиран одож буй морин жилдээ Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын түүхт 90 жилийн ой болж өнгөрлөө. Ойн хүрээнд нутгийн удирдлага болон Улаанбаатар хотод амьдран суугаа нутгийн олонтойгоо хамтран 90 жилээ угтсан маш олон сайхан бүтээн байгуулалтын ажлыг хийсэн. Энэ бүхний үр дүнд Баруунбаян-Улаан сум маань Өвөрхангай аймгийн шилдэг сумаар шалгарлаа. Мөн манай сумаас аймгийн сайн малчин хоёр төрч, хамгийн олон тэмээ тоолуулсан амжилттай хонь жилээ угтлаа.

Шинийн нэгний өглөөний мандах нарыг Өвөрхангайчууд маань шүтдэг хайрхан дээрээ гарч угтан хиймор лундаагаа сэргээсэн. Өвөрхангайчууддаа ирж буй модон хонин жилдээ аз жаргал, од хиймортой байхыг Баруунбаян-Улаан сумын нутгийн зөвлөлийн нийт гишүүдийн өмнөөс хүсэн ерөөж байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар З.Ойдов: Сар шинийн золголтыг тасалж болохгүй

-Өвөрхангайчуудын жил морин жил хэр болж өнгөрөв?

-Монгол Улс даяар сайхан жил болж өнгөрлөө. Мал сүрэг өсөж, үр тариа арвин хурааж авсан жил болов. Гадаадын уралдаан тэмцээнд оролцсон залуу тамирчид болон ялангуяа оюун ухаанаараа өрсөлдөн дэлхийд нэрээ дуурсгасанд баяртай байна. Миний хувьд Хархорин сумын уугуул иргэн. Сар шинийн уг золголтыг тасалж болохгүй бөгөөд залгамж үедээ уг уламжлалаа өвлүүлэх хэрэгтэй.

 

 

 

Баруунбаян-Улаан сум маань Өвөрхангай аймгийн шилдэг сумаар шалгарлаа

 

УИХ-ын гишүүн Д.Зоригт: Аймгийнхаа 10 гаруй сумаар айлчлан иргэдтэй уулзсан

-Аав маань Өвөрхангай аймгийн Сант сум, ээж маань Өлзийт сумын иргэн. Миний хувьд Өлзийт суманд төрч өссөн дөө. Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүний хувьд их хурлын хууль тогтоох ажиллагаанд хүч чармайлт гарган ажиллахыг хичээлээ. Аймгийнхаа удирдлагуудтай хамтран орон нутагтаа чиглэсэн хэд хэдэн ажил хийсэн. Өнгөрсөн жилийн хувьд Өвөрхангай аймгийн 10 гаруй сумаар айлчлан иргэдтэйгээ уулзан, сум орон нутагт хэрэгжиж байгаа ажил, малчдын ахуй амьдралтай танилцсан.

 

 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Өндөр Гэгээний даншиг наадам энэ зун болно

-Энэ жил Өндөр Гэгээн Занабазарын мэндэлсэн 380 жилийн ой болно. Уг арга хэмжээг угтсан ямар ажлууд хийх вэ?

-Өвөрхангай аймагт сүүлийн гурван жил хэрэгжээд буй 6.8 тэрбум төгрөгийн долоон хувийн хүүтэй орон сууцны зээл олгогдсон. Энэ зээлийн хэмжээг нэмэгдүүлнэ. Ирэх тавдугаар сард Өвөрхангай аймгийн сайн малчин эмэгтэйчүүдийн аймгийн зөвлөлгөөнийг зохион байгуулна. Өндөр Гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой энэ жил тохиож байгаа. Энэ дагуу Унгар улсад эрдэм шинжилгээний хурал хийхээр болсон бол ирэх тавдугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод мөн олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Мөн Өндөр Гэгээний даншиг наадмыг долдугаар сарын сүүлчээр зохион байгуулахаар болсон.

 

 

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба: Гурван сая дахь иргэний үе чацуутан манай аймгаас төрсөн

-Монголчуудын хувьд түүхэн үйл явдлыг нэг болох гурван сая дахь иргэнээ өлгийдөн авсан. Тэгвэл гурван сая иргэний үе чацуутан манай аймгаас төрсөнд баярлаж, бахдаж байна. Өвөрхангайчууд маань энэ жил улс орныхоо болон орон нутагтаа хөгжил дэвшил авчрах болтугай хэмээн ерөөж байна.

 

 

 

 

 

Өвөрхангайчууд Хууль зүйн ухааны доктортой болов

Өвөрхангай аймгийн Арвайхээрийн унага хүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулий бодлогын зөвлөх, Хууль зүйн ухааны доктор Ч.Өнөрбаяр өнгөрч буй жилд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсныг аймгийн Засаг дарга сайшаасан батламж гардуулсан юм. Тэрбээр “Өнгөрсөн морин жилийн хувьд монголчуудад ээлтэй, цог хиймортой жил болж өнгөрлөө. МУИС 10 гаруй жил Үндсэн хуулийн чиглэлээр судалгаа хийж, үр дүнг харуулж, хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан. Нутгийн зон олондоо сайн сайхан байхыг ерөөж байна. Хонь жилдээ оюунлаг, бүтээлч үйлсийг дэмжсэн жил болох болтугай” хэмээв.