m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 13:15
553
Кино сонин: "Чонон сүлд"

Хятадын зохиолч Жан Руны "Чонон сүлд" роман 2004 онд хэвлэгдэн 2005 онд БНХАУ-ын шилдэг зохиолоор шалгарч, дэлхийн 32 орны хэлээр орчуулагдан тархсан байна. Тэгвэл энэхүү зохиолоос сэдэвлэн Францын найруулагч Жан Жак Анно "Wolf Totem" киног бүтээсэн бөгөөд өнгөрсөн 19-ний өдөр БНХАУ-д албан ёсоор нээлтээ хийсэн билээ. Мөн энэ сарын 25-нд Францад нээлтээ хийсэн бол 27-ний өдөр Монгол Улсад нээлтээ хийснээр энэхүү киног албан ёсоор үзэх эрхийг авсан гурав дахь улсын нэг нь манайх болсон юм. 

Гол дүрд монголын жүжигчин Р.Анхням болон хятадын алдарт жүжигчин Уилльям Фин Шаофин, Шаун Ду, Бэсин Зябу нар тоглосон байна. 

Киноны нийт зардал 38 сая ам доллар болсон бөгөөд нээлтээ хийснээс хойш тав хоногийн дотор л гаргасан зардлынхаа 50 хувийг эргүүлэн олж чаджээ. Тус киноны хөгжмийг Грэмми болон Оскарын шагналт хөгжмийн зохиолч Жэймс Хорнер бичсэн байна. 

Монголчуудын нүүдэлчин соёл иргэншлийг байгаль дэлхий, түүний нэг төлөөлөгч болох чонын амьдралаар харуулсан бөгөөд хүн байгалийн харилцан шүтэлцээ, уялдаа холбоог өгүүлэн гаргажээ. 

Мэдээж дэлхийн кино гэдэг утгаараа зураг авалт, дуу хөгжим, найруулга дээр хэлэх үг үнэндээ байхгүй юм. Ялангуяа тэр чонын харц, нүдгүй их шуурганд уруудаж яваа адуу, шуурганаар далимдуулан дайрч буй чонын сүрэгтэй хийж байгаа тэмцлийг харуулсан хэсгийн зураг авалт, дуу чимээ нь үзэгч танд яг дэргэд нь өөрөө ороод явж байгаа мэт мэдрэмж өөрийн эрхгүй төрүүлэхээр болсон байна. 

Зохиолч Д.Төрмөнх "Чонон сүлд" киног үзсэн талаараа өөрийн нүүр хуудсандаа "Францын найруулагч Жан Жак Аннаудын найруулсан "Чонон сүлд"-ийг үзлээ. Үнэхээр гайхамшиг байна даа. Түүний анхны кино "Хар цагаан өнгө" 1997 онд Оскарт гадаад киноны шагнал авч байсан бол Бред Питын тоглосон "Долоон жил Түвдэд" 1992 (онд байхаа) киног Хятад хорьж байсан билээ. Тэгвэл Хятадууд түүнтэй хамтран ажиллах болж 2010 онд гэрээ зурсан байдаг. Тэгээд тэрээр энэ киног хийж манайхаас Анхням тогложээ. Кинонд гарч байгаа чононуудыг тэр өөрөө бэлтрэгээс нь тэжээж байж тоглуулсан гэдэг. Гэхдээ зураг авалтын үед нэг жүжигчин бариулсан юм байна. Цагаан зээр Өвөр Монголд байхгүй тул манайхаас ирж авч байсан юм гэнэлээ. Бараг жинхэнээс нь тоглуулсан чононуудыг Канадад тэжээсэн гэжугаа. Бүр өө хайгаад ч өө олдохгүй кино болжээ" хэмээн киноны талаарх сэтгэгдлээ бичжээ.