m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 14:08
296
Б.Амарсайхан: Монгол хүн болж төрсөнөөрөө, нүүдлийн соёл иргэншлээрээ бахархлаа

Хятадын алдарт зохиолч Жан Руны зохиолоор Францын найруулагч Жан Жак Анно найруулсан "Wolf Totem" кино Монгол Улсад албан ёсоор нээлтээ хийлээ. Энэхүү киног "Гэгээ паблишн" компани, жүжигчин Р.Анхням нар Монгол Улсад гаргах оюуны эрхийг албан ёсоор худалдан авсан байна. Нээлтэд жүжигчин МУСТА Р.Анхням БСШУ-ны сайд Л.Гантөмөр, орчуулагч, судлаач Д.Болдбаатар болон киног албан ёсны эрхтэйгээр гаргахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн "Ард" санхүүгийн нэгдлийн захирал Ц.Ганхуяг, жүжигчин МУСТА Б.Амарсайхан болон ахмад уран бүтээлчид хүрэлцэн ирж оролцлоо. 

Нээлтийн ёслолд хүрэлцэн ирсэн МУСТА, жүжигчин Б.Амарсайханаас цөөхөн асуултад хариулт авлаа.

-Холливудын киноны жимийг анх гаргасан хүний хувьд сэтгэгдэл ямар байна?

-Би энэ киног  Бээжинд нээлтээ хийхэд нь үзсэн. Их сайхан кино болсон. Анхням маань хятадын хоёр ч кинонд тоглож байна. Манай жүжигчдийн ур чадвар дэлхийн аль ч орны жүжигчдээс дутахгүй гэдгийг "Марко поло" кино болон энэ том найруулагч монгол жүжигчнийг өөрийн кинондоо тоглуулж байгаагаас харж байна. Манай урлагийнхан ер нь хаана ч ямар ч улсын кинонд тоглоход илүү давж гарна уу л гэхээс биш гологдохгүй. Энэ нь нэг талаараа урлагийн сургуульд өгч байгаа сургалт сайн байгаагийнх. Нөгөө талаараа уран бүтээлчид  хөдөлмөрлөж чадаж байна.

Сая хүрэхгүй үзэгчтэй манай урлагийн ертөнцийн цөөхөн жүжигчдийн нэг болох жүжигчин Анхням маань кино урлагийн асар том зах зээлтэй нэрд гарсан өчнөөн олон жүжигчинтэй  хятадын жүжигчдийг ардаа хаян тэр мундаг найруулагчийн энэ том кинонд тоглож чадсанд нь олимпид алтан медаль авсантай адил үнэхээр бахарахах сэтгэл өөрийн эрхгүй төрж байна.

-Танд энэ уран бүтээлийг үзээд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Энэ киног үзээд Монгол хүн болж төрсөнөөрөө, нүүдлийн соёл иргэншлээрээ бахархлаа. Угаасаа найруулагч нь Оскарын гурван том шагналтай хүн гэж бодсон ч  хэлэх юм байхгүй л дээ. Уран бүтээлч хүний хувьд ийм том зохиолыг цаг 30 минутад багтаан базаж, шахаж хийнэ гэдэг бол найруулагч болоод жүжигчид уран бүтээлчдийн  чадварыг үнэхээр харуулж чадсан  гэж бодож байна.  Үзэгч та бүхэн өөрсдөө үзээд мэдэх байх.