m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.27 16:49
424
С.Сэрчмаа: Намайг баярлуулах залуу олон байгаа

Сүүлийн үед "NB&Sally" нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээрээ хүмүүст илүү онцлогдох болсон МУСТА дуучин С.Сэрчмаа Эмэгтэйчүүдийн баярт зориулан  “Selly and Ladies”тоглолтоо өргөн барихаар тоглолтын бэлтгэл ажилдаа оржээ. Бид түүнтэй тоглолтын талаар болон хувийн амьдрал, уран бүтээлийнх нь талаар хөөрөлдсөнөө толилуулж байна.

-Дуучин Сэрчмаа онлайн нэвтрүүлгээрээ олны дунд ихээхэн шууниан тарьдаг болсон. Нэвтрүүлэг хийх санаа хэрхэн төрсөн бэ?

-Нэвтрүүлэг дуусахад ганц л дугаар үлдлээ. Нийт 50 дугаар хийхээс бид нар 49 дугаар хийсэн байгаа. Удахгүй хамгийн сүүлийн хүндэт зочноо уриад  нэвтрүүлэг маань дуусна. Анх Нямбаяр ах минь надад санал тавиахад нь би хөгжимчин дуучин хүн нэвтрүүлэг хөтлөөд үзвэл яах бол гэсэн бодлоор өөрийгөө сориод "NB&Sally" нэвтрүүлгээ хөтлөх болсон. Нэвтрүүлгээ бид залуусынхаа чөлөөт цагт зориулж хийдэг учраас сэдэв бол хязгааргүй, юуны ч тухай байж болно. Энгийнээр бол найзуудын буу халалт л юм даа.

Би бүр Пугачева стилийг дууриагаад ч болдоггүй

-Дуучин хүн нэвртүүлэг хөтлөөд үзэхээр юугаараа ялгаатай байна. Цаашдаа хөтлөгч хийвэл болохоор байна уу?

-Ер нь бол сайн сэтгүүлчийг дагаад явахад болохгүй зүйл байдаггүй юм байна. Нөгөө алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр ямар үед хэнээс юу асуух уу, хэзээ юу ярих уу гэх зэргээр бүхэл бүтэн 50 дугаар хийгээд явахад их юм сурлаа. Цаашид өөрийгөө нэвтрүүлэг хийгээд хөтлөөд явж чадна л гэж бодож байна. Хэд хэдэн телевизээс хөгжмийн болон бүсгүйчүүдэд зориулсан нэвтрүүлэг хийгээч, хөтлөөч гэсэн санал ирсэн байгаа. Тэгэхдээ яг одоохондоо дан хөтлөгч хийгээд явах бодол байхгүй. Угаасаа дуучин хүн болохоор дуулаад харин чөлөө заваараа сэтгэлд таарсан нэвтрүүлгийн хөтлөгч хийж болох юм.

-50 дахь дугаар дээрээ ямар сюрпириз, ямар төрхтэйгөөр гарах бол?

-Би уг нь дугаар бүр дээр өөр төрхтэйгөөр гарах гээд л үз зүс, хувцасаа давахцуулахгүйгээр гарч байгаа. Энэ нь зарим үзэгчийн шүүмжлэлийг нэлээд дагуулдаг. Наад захын жишээ гэхэд л “Наад толгойн дээрх үс чинь ямар онцгүй юм бэ, мушгиа, ороомог, нарийн боов шиг” гэх мэтээр хэлж байсан л даа. Би бүр Пугачева стилийг дууриагаад ч болдоггүй /инээв/. Тэгэхдээ хамгийн гол нь массыг хамарсан нэвтрүүлэг болохоор хэн нэгэнд таалагдана гэж байхгүй. Миний дууг ч гэсэн сонсдог хүн байхад сонсдоггүй нэгэн байна. Тэрэнтэй адилхан нэвтрүүлгийг минь ч бас хүмүүс өөрсдийн сонирхлоор сонгож үздэг болохоор би үзэгч бүрд тааруулна гэж байхгүй л дээ. Тэгэхлээр хамгийн сүүлийн дугаартаа ямархуу дүр төрхтэй гарах вэ гэдгээ бодож л байна. Эмэгтэйчүүдийн баяраар таарах нь уу эсвэл цэргийн баяраар ч гарч болох учраас, магадгүй би цэрэг хувцаслаад сууж байж ч болох юм.

-Тэгвэл удахгүй болох тоглолтынхоо талаар танилцуулаач. Юугаараа онцлог болох бол?

-Хүмүүс хэзээ тоглолтоо хийх вэ, яагаад тоглолт хийхгүй байгаа юм бэ гэх зэргээр их ханддаг л даа. Ялангуяа дөрвөн оронтой лавлах утасны операторуудад хэзээ хаана тоглолтоо хийх вэ гэсэн асуултууд их ирж байгаа гэж байсан. Нүүр хуудсаар минь ч “таныг ганц хөтлөгч гэхээсээ илүү дуучны тань хувьд олон жил мэддэг, сонсдог учраас та тоглолт хийгээч ээ” гэсэн саналууд их ирдэг. Хамгийн сүүлд 2009 онд Хөх хотын улаан театрт “Хайрын цацал” бүрэн хэмжээний тоглолтоо хийсэнээс хойш зургаан жил болсон байна. Тийм учраас би үзэгч сонсогчдынхоо хүсэл дээр мөн өөрөө олон жил урлагт зүтгэснийхээ хувьд тоглолтоо хийх нь зөв юм байна гэж бодоод эмэгтэйчүүдийн баяр хамгийн ойр болж байгаа учраас бүсгүйчүүд, охиддоо зориулаад  “Selly and Ladies” буюу Сэлли ба бүсгүйчүүд тоглолтоо хийхээр болсон. Зарим нэг хүмүүс монголоор нь нэрлэж болоогүй юм уу гэж асууж байсан. Тэгэхдээ тоглолт маань Blue Sky tower-ийн Wegas night club-гээд тэр чигээрээ гадаад нэртэй газарт болж байгаа болохоор тоглолтын реклам, билет постерын загвар дизайны хувьд харсан ч “Selly and Ladies” нэр нь арай зохимжтой харагдаж байсан юм. Түүнээс гадна эрчүүд маань “Яагаад Сэрчмаа ба бүсгүйчүүд гэж. Тэгээд бид нар очиж болохгүй юм уу” гэж сэтгэгдэл үлдээсэн байсан. Мэдээж тоглолтыг үзэх бүсгүйчүүдийг эрчүүд та нар минь л баярлуулж дагуулж ирнэ. Угаасаа бүсгүйчүүдээ эрчүүд минь л баярлуулахгүй бол өөр хэн баярлуулах билээ.

-Тоглолтонд ямар дуунууд дуулах бол. Шинэ уран бүтээл орж байгаа юу?

-Шинэ дуунууд байгаа. Тэгэхдээ л ерөнхийдөө хит дуунууд  маань эгшиглэнэ. Энэ 15 жилийн хугацаанд урын сандаа 100 гаруй дуутай болсон байна. Түүн дотроосоо шилээд шилмэл 20 гаруй уран бүтээлээ амьд хөгжимтэй дуулж, хийл хөгжмийнхөө чавхдасыг уянгалуулах болно. Тэгээд л хийлээ давтаад л сууж байна. /инээв/

-Хийл хөгжим гэснээс охиндоо хийл хөгжим зааж байна уу?

-Хийл хөгжмийг анх зургаан настайгаасаа сурч эхэлсэн. Анх сурахад 8/1 гэсэн хэмжээтэй хийлээр тоглодог юм. Тэр хийл маань надад одоо хүртэл хадгалагдаж байгаа. Түүнийгээ охиндоо өвлүүлж өгсөн. Охин минь маш дуртай сурч байгаа. Тэгээд арай том болоод ирэхээр нь 4/1 , 4/4 гэсэн хэмжээтэй хийлүүдээр тоглодог юм . Эдгээр  хийлүүд бүгд надад байгаа болохоор охиндоо хийл хөгжим заахад ямар нэг асуудал байхгүй . Миний охин өөрөө ч бас их дуртай байгаа. Урлагийн мэргэжилтэй ээжтэй болохоор ч тэр үү дуу дуулж, хөгжим тоглох их дуртай. Надад ”Ээжээ би хийлчин болно шүү” гэж л хэлдэг юм.

Тэрнээс яг мэргэжлийн хувьд урлагаас өөр сургуульд өгнө гэж боддог. Учир нь би өөрөө  урлагаар сурахын зовлонг мэднэ

-Таны зүгээс  тэр хүслийг нь хэр дэмждэг вэ. Охиноо урлагийн хүн болгох уу?

-Хамгийн түрүүнд хүүхдийнхээ сонирхлыг харна. Тэгэхдээ чөлөөт цагаар нь хүсэж байгаа зүйлийг нь зааж өгнө. Яагаад гэвэл эгч нарын хүүхдүүд, ээж нь гээд охины минь эргэн тойронд мэргэжлийн урлагийн хүмүүс байдаг учраас сурахад хоцрохгүй байх. Тэрнээс яг мэргэжлийн хувьд урлагаас өөр сургуульд өгнө гэж боддог. Учир нь би өөрөө  урлагаар сурахын зовлонг мэднэ. Өглөө эрт гараад л орой хүртэл тасралтгүй ерөнхий эрдмийн болон мэргэжлийн хичээлдээ явахаар хүүхэд маш их ядардаг учраас охиноо тэгж ядраамааргүй санагддаг юм.

-Сэлли хэзээ нөхөртэй болох бол гэдэг дээр хүмүүс их хэрэгт дурладаг юм шиг. Эмэгтэйчүүдийн баяраар тоглолт хийж бүсгүйчүүдээ баярлуулах гэж байгаа Сэрчмааг ямар залуу баярлуулах бол?

-Яанаа. Ийм хувийн юм хариулахгүй гэхгүй юу /инээв/.  Заяаны хань зам дээр гэдэг үгийг шууд утгаар нь ойлговол жаахан эвгүй үг ч юм шиг хэрнээ ухаад ойлгоод үзвэл сайхан үг л дээ. Тэрэн шиг мэдээж би ханьтай болно гэдэгт итгэдэг. Мэдээж насаараа заяаны ханиа олохгүй байсаар байгаад дуусдаг тийм азгүй хүн гэж юу байхав дээ. Яг надтай адилхан үзэл бодолтой, бие биенийгээ хүндэтгэж ,нэгнийхээ ажил мэргэжлийг ойлгодог тийм л залуу хэзээ нэг өдөр гарч ирнэ гэдэгт би итгэлтэй байгаа. Тэгэхлээр би цаг хугацаанд нэг их яарахгүй байна.

Бас намайг баярлуулах залуучууд олон байгаа гэж бодож байна. Тэгэхдээ энэ үгийг битгий буруугаар ойлгоорой. Урлагийн буянд, олон нийтэд танигдсан дуучин хүний хувьд хүмүүс Сэрчмаад баяр хүргэсэн месеж бичиж, нүүр хуудсан дээр минь пост тавьж, сэтгэгдэл байнга явуулдаг учраас миний хувьд эмэгтэйчүүдийн баярын цэцгийн баглааг өдөр болгон авдаг гээд л онгирчихьё /инээв/. Дахин хэлэхэд энэ бол урлагийн хүн, дуучин болсны минь буян юм шүү. Тэрнээс шууд утгаараа бөөн бөөн эрчүүд бэлэг өгөөд л байна гэсэн үг биш.

Миний зургийг зураад явуулах нэгэн байхад улсын филармонид гэж хаяглаад явуулсан захидал ч байдаг. Энэ л их хайр хүндэтгэлийн буянаар би байнга нисч, дүүлж, тэмүүлж явдаг юм. Тэгэхлээр намайг баярлуулах хүн байхгүй гэж би бодохгүй байна.

Сэрчмаа анхны гарч ирсэн төрхөөрөө л “брэнд” болох ёстой юм байна гэж ойлгосон

-Анх өөрийг чинь дуулаад гарч ирж байхад Зууны манлай эстрадын дуучин, МУГЖ дуучин Б.Сарантуяа “Манай эстрад урлагт Сэрчмаа шиг ийм гоё, сайхан дуучин байх ёстой” гэсэн утгатай үг хэлж байсныг санадаг юм. Тэгвэл түүнээс хойш 20 шахам жил өнгөрчээ. Өнөөдөр Сэрчмаа Сарантуяагийн хэлж байсан шиг тэр үгийг хэнд хэлэх вэ?

 -Одоо рок-поп урлагийн гэр бүл маш өнөр болсон. Шинээр гарч ирж байгаа дуучид маань бүгд л зүс царай, стил имижийн хувьд сайхан байхын зэрэгцээ олон нийтэд өөрийгөө таниулахад үнэхээр нээлтэй болсон. Тэр үед миний гарч ирж байсан цаг үе, одоогийнхоос өөр байж. Одоо бол бүх зүйл хялбар болж, өөрийгөө олонд таниулж, мэдрүүлэх, харуулах их амархан болсон. Үүнд цахим ертөнцийн хөгжил маш их нөлөөлж байгаа. Надад яг онцлоод тэрийг гээд нэрлэх хүн байхгүй. Яагаад гэхлээр бүгд л өөр өөрсдийн урсгал хэв маягтай,  шинэлэг өнгө төрхтэй, царайлаг сайхан охид хөвгүүд гарч ирж байгаа болохоор яг тэрийг гэж онцлох юм боломжгүй юм.

-Нэг тийм уянгын зөөлөн намуун хүн огт өөр хүнд рок стилийн ч юмуу, огт өөр уран бүтээл хийх юмсан гэж бодогддог уу. Шинэ уран бүтээлийн санал хэр ирж байна?

-Бодогддог шүү. Нөгөө “Хаа ч цуг” гээд дуу шигээ дуу дуулвал дуулчихмаар санагддаг. Тэгэхдээ нэг удаа яг ингэж хүсээд л  Quiza-тай хамтдаа арамби альбом хийгээд “төрсөн нутаг минь” гээд л үглээд.  Тэгсэн чинь хүмүүс “хүүе ээ өнөө уянгын дуучин чинь юу болчих воо” гээд л хоёр хэсэг талцаад, нэг хэсэг нь аймар дургүйцэж шүүмжлээд, харин нөгөө тал нь “болж байна уран бүтээлч хүн шинэлэг байх сайхан” гээд  бөөн яриа болсон. Миний хувьд ч бас өөрийгөө өөрчилж шинээр нээе гэж зориглоод тийм альбом гаргасан. Тэгэхдээ тэндээс би юу ойлгосон гэхээр Сэрчмаа анхны гарч ирсэн төрхөөрөө л “брэнд” болох ёстой юм байна гэж ойлгосон. Яахав дунд нь ганц нэг тэгж шинэлэг өнгө төрхийг гаргаж болох юм. Түүнийг бол үгүйсгэхгүй.

-Сүүлийн үед киноны том бага хэсэгт дуучид, загвар өмсөгчдийг тоглуулдаг “мода” гарсан шүү дээ. Кинонд тоглох санал хэр ирж байна?

Яг одоо бол Өвөрмонголын аймгуудаар ирж тоглооч гэсэн санал их ирж байгаа

-Би 23 насандаа "Удам" гээд кинонд тоглож байсан учраас кинонд тоглоно гэдэг тийм амар ажил биш гэдгийг мэднэ. Саяхан нэг киноны ажил хэрэгч эмэгтэйн дүр санал болгосон. Би тоглоогүй.  Кинонд тоглоно гэдэг маш их хөдөлмөр, нерв, цаг хугацаа шаарддаг. Ялангуяа нерв их зарцуулдаг санагдсан. Наад зах нь уурласан хүний дүр гаргана гэхэд жинхэнээсээ уурлаж байж л дүрээ гаргана. Үнэхээр цаад хүндээ дурлаж байж үнэн голоосоо хайрын харцыг гаргаж чадах жишээтэй. Тийм болохоор мэргэжлийн жүжигчин биш учраас энэ бүгдийг дуучин хүн, энгийн нэг хүн гаргана гэдэг маш хэцүү. Тэрнээс кинонд дүрээ мөнхлөх гэдэг хүн бүхэнд олддог завшаан биш учраас дурсгалтай сайхан л санагддаг. Тийм болохоор надад тохирсон хөнгөн дүр ирвэл бас татгалзахгүй л дээ.

-Аялан тоглолтоор өмнө нь явж байсан. Яг ойрын төлөвлөгөөндөө аялалын маршрут гаргасан уу?

-Европ, Ази, Америкт суугаа монголчууддаа тоглолтоо хийж байсан л даа. Яг одоо бол Өвөрмонголын аймгуудаар ирж тоглооч гэсэн санал их ирж байгаа. Өмнө нь би Өвөрмонголын хотуудад сар шинийн баярын концертонд оролцож ганц нэг дуу дуулаад өнгөрч байсан болохоос бүтэн тоглолт хийж байгаагүй. Тийм учраас баг бүрдүүлж чадвал Өвөрмонголын Шилийн говь, Ордос, Хайлаар гэх зэрэг хэд хэдэн нутаг орноор явж тоглолтоо хийе гэсэн бодол байгаа. Мөн эх орныхоо бүх аймаг, түүний дотор алслагдсан сумдад тоглолт хийх хүсэл байдаг. Тэгэхдээ ямар нэг ашиг олох зорилгоор биш зүгээр дуучин хүнийхээ хувьд эх орныхоо өнцөг буланд байгаа хүмүүст урлаг соёлын үрийг цацах, хамгийн гол нь машин тэргээ гаргаад хамтраад баг бүрдчихвэл надад аялан тоглолт хийх хүсэл бол байна.

-Монголын анхны таван диваны нэг нь та өөрөө. Тэгэхлээр энэ диванууд маань хамтраад нэг тоглолт ч юм уу, эсвэл хамтарсан нэг уран бүтээл хийе гэсэн бодол байгаа болов уу?

-Урлагийн томоохон төлөөлөл болсон эгч нартайгаа хамт анхны дива нарын нэг болж байсан маань миний хувьд маш их нэр төрийн хэрэг юм. Хэрвээ дива нар маань нэгдээд уран бүтээл хийе гэвэл мэдээж маш их баяртайгаар хүлээн авах болно. Тэгэхдээ одоо шинэлэг дива гарч ирэх цаг хугацаа болсон. Тэр үед Эстрадын хатан хаан, Ая дууны жигүүр гэх мэтийн сайхан уралдаан тэмцээнүүд их болдог байсан. Яг тэрэн шиг уралдаан тэмцээн зохион байгуулж, шинэ дива төрүүлбэл одоо байгаа уран бүтээлчид маань илүү их өсч, өрсөлдөж тэр дундаас нь сайн уран бүтээл гарч ирэх боломжтой юм.

-Дуу дуулах хэцүү байдаг юм болов уу. Яагаад гэхлээр хуучны дуучид маань ер нь л урлагаас хөндийрөх хандлагатай болсон. Өнгөрсөн оны сүүлээр “Хурд” хамтлаг рок попын уран бүтээлчдээ уриалаад төсөл зохион байгуулж хэд хэдэн шинэ дуу гаргалаа.Тэрнээс биш дуучид маань тоглолт хийсэн ч хуучин дуугаа л дуулаад байх болсон?

-Анх уран бүтээлчид бид CD гаргаж, цөөхөн хэдэн дэлгүүрээр борлуулдаг байсан. Харин одоо бол хүмүүс CD авахаа больж, интернетээс хүссэн дуу, клипээ татаад үзчихдэг болсон. Тэгэхээр уран бүтээлээс орж ирэх орлогогүй болсон учраас шинэ дуу хийх нь багассан. Хүн хэдий дуртай ч гэсэн өндөр зардлаар дуу хийгээд  байна гэдэг хэцүү шүү дээ. Ингээд шинэ дуу төрөхгүй байгаа учраас тоглолт хийх нь ч цөөрсөн. Энэ бүхнээс үүдээд уран бүтээлчид ерөнхийдөө зогсонги байдалд орсон. “I Tunes” гарч ирсэнээр дэлхий даяараа хүссэн дуучныхаа дууг татаад сонсчихдог клипыг нь үзчихдэг болсон. Энэний давалгаа шуурганд уран бүтээлчид маань өртөөд яг яахаа мэдэхгүй байна л даа. Эсвэл зүгээр  “I Tunes”  дээр нь дуугаа тавих ёстой юмуу. Эсвэл нэг тайлан маягтайгаар л тоглолт хийх юм даа.

Тэгэхдээ бид нар бас эрэл хайгуул хийж, магадгүй онлайн концерт тавьж болно шүү дээ. Өөрөөр хэлбэл би тэдэн сарын тэдний өдөр дэлхийн өнцөг булан бүрт байгаа бүх монголчууддаа зориулан тоглолт хийж болно. Үзэх хүмүүс нь тодорхой хэмжээнд нэг, хоёр доллараа төлөөд үзчихэж болох юм. Тэгвэл заавал дэлхийг тойроод явах шаардлага бас байхгүй болно. Гэхмэтчилэн орчин цагт уран бүтээлчид, дуучид яаж зах зээлээ ашиглаж чадах вэ гэсэн асуудлаа шийдчихвэл бид дахин идэвхитэй уран бүтээлээ хийх боломжтой гэж би үзэж байгаа. Үүний хамгийн том жишээ бол миний хөтөлдөг онлайн нэвтрүүлэг байна. Олон хүний үзэх дуртай нэвтрүүлэг болж чадсан болохоор би энийг бас боломжтой гэж бодож байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа. Удахгүй болох тоглолтонд тань амжилт хүсье?

-Баярлалаа.