m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.28 09:37
174
Түрэмгий байх нь сул доройн шинж

Хүүхэд байхдаа би том хүмүүс яагаад өчүүхэн зүйлээс болж байнга, ихэнхдээ хорсолтойгоор хэрэлдэж нэг нэгнийгээ дандаа гомдоодог юм бол гэж олонтаа бодон толгойгоо гашилгадаг байж билээ. Манай ангийн бүх найзуудын гэр оронд ч гэсэн гэр бүлийн иймэрхүү төстэй хэрүүл маргаан байдгийг мэдээд би том болоод хэзээ ч уурлаж, гэр бүлийнхээ эе эв түнжинг эвдэхгүй дээ гэж шийдсэн байлаа. Хожим нь энэ гамшигтай сэтгэлийн хөдлөл миний сэтгэлд байгааг мэдэхэд аймаар санагдаж, сул зоргоор нь тавивал ямар ч хянахын аргагүй их хүчтэй болдгоос эмээдэг байлаа.

Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт ажиллаж байхдаа урьд нь хэзээ ч төсөөлж байгаагүй их уур ил болон далд хэлбэртэй байдгийг харж байлаа. Өвчтөнүүдэд сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэхийн тулд цохидог зөөлөвч байрлуулсан өрөөтэй байх талаар хариуцсан эмчид санал болгож билээ. Дургүйцэл, өсөрхөл, дайсагнал, үзэн ядалт, айдас эдгээр бүхэн уураас гаралтай ба уур нь манай өвчтөнүүдийн хамгийн гол зовиур болж байлаа. Миний шинжлэх ухаанч бодлоор, уур нь эволюцийн хөгжлийн үр дүнд бий болсон учраас уур хүрэх, түүнийгээ илэрхийлэх шаардлагатай, илэрхийлэх ч ёстой, учир нь энэхүү зүй ёсны сэтгэлийн хөдлөлийг дарж хаавал сэтгэцийн олон талын асуудал бий болно гэж үзэж байлаа. Энэ итгэл үнэмшлийн баталгаа нь миний нүдний өмнө, өвчтөнүүдийн байдал байлаа. Мөн амьд үлдэхийн тулд түрэмгийлэл зайлшгүй хэрэгтэй гэдэг нийгэмд тогтсон итгэл үнэмшлийг батлах маш олон баталгаа байлаа.

Дэлхийг ноомой даруу байсан нь өвлөнө гэсэн библийн сургаалийн тухай ор тас мартаж, хайр дурлал, наймаа, спорт, улс төрд амжилттай байх цорын ганц зам нь зөвхөн өөрийнхөө зорилгыг түрэмгийлэн гүйцэлдүүлэх ба энэ явцад өөрийн хомхой үйлдлээс болж хэнийг ч хохироож, хорлохоос сийхгүй байх гэж үздэг. Тэр үед байсан, одоо ч байгаа нэг маргаан бол хүн ба амьтны зан араншинг шинжлэх ухааны судлалд оруулах уу, үгүй юу гэсэн асуудал юм. Материаллаг ертөнцийн хувьд, эрдэмтэд, хөдөлгөөнд оршиж байгаа химийн элементүүд, биетүүдийн байдлыг ажигласны үндсэн дээр тогтсон дүрмийг гаргаж чадна, тэдгээр элементүүд сэтгэлгүй учраас тэдгээрийн сэрэхүй юмуу жинхэнэ санааг анхаарахгүй байж болно. Харин амьтан, хүний ертөнцийн хувьд, ганцхан зан байдлын ажиглалтаас үндэслэн хөдөлшгүй дүрэм тогтоох хэцүү, учир нь, зан байдал нь тухайн нэг үйлийг үйлдэх гол шалтгаан болдоггүй.

Зан байдлыг шинжлэх ухааны түвшинд ойлгоход гагцхүү сэтгэлийн үүргийг ойлгохоос хамаарах ба бидний ихэнх нь бусдын сэтгэлийг мэдэх чадваргүй учраас зан байдлын судалгааны салбар нь хүний өөрийн сэтгэл дотор явагдах шаардлагатай. Энэ салбарын анхдагчдын нэг болох Зигмунд Фрэйд тэргүүтэй эрдэмтэдийг хэтэрхий субьектив хандлагатай хэмээн тохуурхан үздэг байжээ. Энэ хавхаас зайлсхийхийн тулд сэтгэлийг шинжилж, түүний үйлдлийг ойлгох тодорхой, нарийн газрын зураг хэрэгтэй. Түүнийг үйлдэх онол ба арга барилыг хоёр мянга таван зуун жилийн тэртээ Бурхан багш тайлбарлажээ.

Олон тооны бясалгаачид мөрийн үр, нирваан, гэгээрэлд хүрснээр Бурхан багшийн сургаалийн зөв гэдгийг баталсан байна. Шинжлэх ухаан нь баримтын субьектив нарийвчлалын талаар болгоомжтой хандах олон шалтгаантай байх боловч бодит байдлыг мэдэх мэдлэгт шинжлэх ухааны хэрэгслээр хүрэх бололцоогүй, харин сэтгэлээр түүнийг мэднэ. Бурхан багшийн айлдсан бодит байдлын тухай сургаалийг нотлох ганц арга нь бясалгах ба түүнийг өөртөө үзэж мэдэх юм.

Шинжлэх ухаан ба шашин хоёрын ялгаа нь мэдлэг ба сүсэг бишрэлдээ биш. Ганцхан бодит байдал байгаа, зөв сүсэг бишрэл ба мэдлэг нь хоёр системийн аль алины чухал хэсэг болдог. Алдаатай мэдлэг ба итгэл үнэмшил нь буруу ойлголт, хүмүүс хоорондын зөрчилд хүргэдэг бөгөөд шинжлэх ухаан ба шашин хоёрыг зэрэг сэвтүүлдэг. Эволюцийн хөгжлийн дутуу онолоор зан байдлын тухай тайлбартай харшлаагүй боловч Бурхан багш өөрийн сэтгэл хийгээд өөрийн тухайн зан байдлыг сэдэж байгаа сэтгэлийн хөдлөлүүдийг шинжлэн ажиглажээ. Бурхан багш, өөрийн үндсэн хоёр хэрэгцээг хангах буюу жаргалтай байх ба зовлонгүй байхад ямар сэтгэлийн хөдөлгөөн хэрэгтэй ба ямар сэтгэлийн хөдөлгөөн хэрэггүй вэ гэдгийг тодорхойлжээ. Тэрээр эхнийхийг хэрхэн дадлагажуулж, харин сүүлийнхийг орхин тэвчих замыг нээн, урьд хэзээ ч байгаагүй нирвааны амгаланд хүрчээ. Бусад хүмүүс тэрхүү аргыг дагаснаар бас нирваанд хүрсэн нь бүх сэтгэл ерөнхийдөө адилхан байдалтай гэдгийг тийнхүү тодорхойлсон юм.

Тэгш эрх гэж өнөөгийн улс төрийн ариун эрхэм зарчимыг Бурхан багш сургаалдаа өгүүлэхдээ ямар ч хүн, амьтаны аль ч хувь төрөлхтөн аз жаргалтай болох, зовлонгоос ангижрахад нэг нөгөөгөөс илүү эрхгүй гэжээ. Бурхан багш, юу ажигласнаа тайлбарлахдаа, хүмүүс жаргалтай байж, зовлонгүй байхаар зорихдоо өөрийн эрх өөр нэгнийхээс илүү байна гэж ойлгосноос өөрийн зорилтоо санаандгүй улам их холдуулдаг аж.

Зовлонд дургүйцэх нь жаргалд шунах аминч хүсэлд саад болж байгаа зүйлд аяндаа уурлах, өсөрхөхөд хүргэдэг, гэвч уурласнаар жаргалтай байх ямар ч боломжийг үгүй хийдэг. Энэ ажиглалт нь үнэхээр шинжлэх ухааны үндэстэй, учир нь хүн ба амьтны зан байдал хийгээд түүний үр дүнгийн тухай тогтсон дүрмийг дүгнэн гаргаж болно. Жишээ нь: уур буюу дургүй хүргээд байгаа эд зүйлийг хорлох юмуу устгахыг хүсэж байгаа сэтгэлийн түгшүүртэй, ухаангүй байдал нь эрээд байгаа тайван байдалд ч, жаргалд ч хүргэдэггүй. Үүнийг амьдралдаа болж байгаа зүйлсийг ажиглаж, уурлах нь үр бүтээлгүй ба гагцхүү зовлонг бий болгодог бодит байдлыг харах замаар батлах бололцоотой. Дараа нь уургүй болж, хүсээд байгаа тайван, жаргалтай байдалд хүрэхийг хүснэ.

Хүн, амьтны үйл амьдралтай хамаатай өөр нэгэн тогтсон дүрмийг олно: тэр нь асрал хайрлал буюу бусдын аз жаргалтай, зовлонгүй байгаад баярлах сэтгэл нь сэтгэлийн угийн аз жаргалтай байдал бөгөөд түүний хаа байгаа газар ямагт тайван, баяр баясалыг түгээдэг. Олонхи хүмүүс түрэмгийллийг зөвтгөхдөө хэрвээ тэмцэхгүй бол хорлолд гүйцэгдэнэ гэж үздэг. Бурханы шашины үзлээр бол үзэн ядалт нь өөрөө хорлол бөгөөд ямар ч нөхцөлд түүнээс зайлсхийх ёстой байдаг. Өөрийг хамгаалахад хүчээр тулгасан үед дайсандаа энэрэнгүй хандан хамгаалах ёстой. Ихэнх тохиолдолд бидний өөрсдийн зөрчилт байдал бусад хүмүүс бидэнд дургүйцэх, дайрах шалтгаан болдог; хэрвээ үргэлж энэрэнгүй сэтгэлээр ярьж, үйлддэг бол дайсантай байх хэцүү.

Бурхан багш өөрийг нь хөнөөх гэсэн атаач, ууртай хүмүүстэй тулгарч байсан боловч тэрээр ямар ч нөхцөлд энэрэнгүй ханддаг нь тэднийг хорлох бололцоогүй болгож байжээ. Уургүйгээр хувь хүний болон нийгмийн шудрага бус явдлыг эсэргүүцэх боломжгүй, эсвэл уурлахгүй бол сул доройн шинж гэж үзэх нь утгагүй. Харин түрэмгий байх нь сул доройн шинж юм, хулчгар хүний арга зам.

Зөрчлийг уураар биш хайраар шийдэхэд хамаагүй илүү их зориг шаарддаг. Бусдын сэтгэлд байгаа уурын галын дөлөөр өөрийн сэтгэл дэх уурын галыг ноцоовол бид болон дэлхий ертөнц алдагдана. Хэрвээ эрх мэдэлтэй байвал түүнийг хавчигдаж, дарлагдаж байгаа хүмүүсийг хамгаалахад ухаалаг, энэрэнгүй байдлаар ашиглаарай. Үнэндээ бол эдийн засгийн юмуу арьс өнгөөр ялгаварлан дайн хийж байгаа хирнээ түүнийг хүмүүнлэгийн довтолгоон гэж зөвтгөвөл туйлын муу ёс суртахуунгүй явдал юм. Уурыг, түүний ерөндөг тэвчээрээр зогсоож, түүний эсрэг хайраар урвуулбал сэтгэлийн хөдлөлийг дарах, түүнээс үүсэх сэтгэцийн тэнцвэргүйдэлд орох аюулгүй болно.