m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.02.28 10:33
2388
"Гацуурт"-ын Л.Чинбатын амжилтын түүх

“Хүн байгалийн хишгийг горьдож суух бус булааж авах хэрэгтэй” гэж нэгэн “ухаантан”-ы хэлсэнчлэн  XX зуун бол байгальд дайн зарласан 100 жил байсан юм. Хүн төрөлхтөн ч өдгөө үүнийхээ горыг амсан сая л нэг ухаарсан гэлтэй байгаль дэлхийгээ хэрхэн хамгаалах талаар тархиа га­шилгаж, хэмжээлшгүй их хөрөнгө зараад ч үр дүнд хүрэхгүй байна. Манай улс л гэхэд өнгөрөгч зуунд байгаль хамгаалах талаар овоо олзуурхууштай байсан авч өдгөө газар дэлхийгээ онгичин сүйдэлж, уул нуруудыг нурааж, гол мөрнийг ширгээн, элсэн цөл болгон хувиргаж байгаа нь дэндүү эмгэнэлтэй хэрэг болоод байна. 

Гэвч ганц хоёроор л тоологдох компани “Алтыг нь аваад авдрыг нь хаялгүй”-гээр нөхөн сэргээлт  хийж, унаган төрхийг нь сэргээх талаар ажил хийж байгаа нь үлгэр жишээ болохуйц хэрэг юм. Байгаль эхээс авдагаа аваад эргээд хөрөнгө мөнгө зарж нөхөн сэргээж буй цорын ганц гэж хэлж болохуйц эр­хэм хүн бол “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат бөлгөө. Малчны хотонд төрж, өтөг бууцанд хөлбөрч өссөн энэ эр багадаа тарваганы мах, сүү цагаан идээгээр хооллож, байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой өссөн нь онгорхой нүх, овоолгоостой шороо үлдээж зүрхлэхгүйд хүргэсэн биз ээ. Босс л гэхээр ярвайсан мариалаг цагаан эрхэм албатуудаа өм­нөө бөхөлзүүлэн, хөх тэнгэрээс бусдыг нь захирдаг дүр зураг олны сэтгэлд хоногшсон. Тэгвэл Л.Чинбат захирлын төрх байдал шал эсрэгээр нь буюу үл ялиг инээмсэглэсэн хонин бор нүд, хөрслөг царай, конторт бус ажлын фронтод цагаа өнгөрөөх гээд зиндаа нэгт эрхмүүдээсээ нэлээд ялгаатай. 

Уг нь энэ эр хүүхэд ахуй цагтаа хүн болохын аргагүй дэг­гүй нэгэн байсан гэж төрсөн нутгийнхан нь ярьдаг. Энгэрийнх нь товч ташраараа тасарчихсан өнгө нь гандсан хилэн форм, бас чиг хүзүүндээ улаан бүч намируулчихсан ягаан хацартай дэггүй тархийг эцэг нь Мягмардаш багшид “Алахгүй л бол яасан ч болно” гээд тушаасан аж. 

Багш нь түүнийг алгадаж бус ажиллуулж хүмүүжүүлэхээр шийдсэн нь оносон гэдэг. Багштайгаа мотоцикльтой явж ямаа самнан, хашаа хороо засч, айл болгоны хар бор ажлыг хийж явсан хүү өнөөдөр Монголын тэргүүлэгч бизнесмэнүүдийн нэг болж чаджээ. Байгалийг ижий шигээ хайрлаж чаддаг шинэ зууны шилдэг бизнесмэн Чинбат 1962 оны 12-р сарын 16-нд Говь-Алтай аймгийн Бигэр суманд малчин ард Лхагвын 15 хүүхдийн тавдахь нь болон мэндэлжээ. Ганц хоёрхон насны зөрүүтэй тэрсхэн төрсөн 15 хүүхдийг өсгөж хүмүүжүүлнэ гэдэг амар даваа биш. 

Лхагва гуай шөнийн гурван цагт босч хэдэн арван кило­метр хол газар явж ан хийнэ. Ер нь л энэ хэдэн хүүхэд зундаа айраг тараг, тарваганы махаар л хооллодог байлаа. Чинбатын хувьд долоон нас хүртлээ хөл нүцгэн голдуу таваргадаг байсан бөгөөд 10-р анги төгсөн төгстлөө шинэ хувцас өмсч үзээгүй гэж өдгөө дурсан ярьдаг. Түүний хар багын хүсэл мөрөөдөл адуучин болох явдал байлаа. Тиймдээ ч долоон настайгаасаа эхлээд өглөө 05 цагт босч гүүгээ хураадаг бай­сан гээд гэгээн дурсамж зөндөө бий. Мөн түүний бага нас аргал түүх, мал хариулах, гүү барьж айраг бүлэх гээд борви бохисхийх завгүйгээр өнгөрсөн юм. Өдгөө дэлхийгээр нэг хэрэн “тэнэж” юм юм үзсэн  Л.Чинбат захирал бага насаа “Миний хамгийн жаргалтай, ахиж хэзээ ч олдохгүй алтан үе минь” гэж дуу алдан дурсдаг. 

1970 онд Бигэр сумын найман жилийн дунд сургуульд элсэн орлоо. Олон хүүхэдтэй болоод ч тэр үү аав, ээж нь тэднийгээ дотуур байранд өгөлгүйгээр айлын хашаанд дөрвөн ханатай гэр барьж өгчээ. Аав, ээжийнхээ дэргэд ажил хөдөлмөрт нухлуулан даруулгатай байсан Л.Чинбат хүү сумын төвд ирээд төрөл арилжсан мэт дэггүй нэгэн болж хувирсан гэдэг. Охидыг зодож, хичээл үймүүлэх гээд Лхагвын дэрчгэр бор банди  хэргийн эзэн хэнгэргийн дохиур болж хувирчээ. Бага ангидаа л багштайгаа хэрэлдэж, банди нараа бариад зодчихно. Ер нь хаана ямар хэрэг л дэгдэнэ тэнд Лхагвын хүү явж байдаг болж. Тэр ах, эгч нар шигээ “онц” сурах нь бүү хэл гэрээ санаж, гэдэс гарахыг бодсоор “дунд”, “муу” дүнгээс салдаггүй байв. Хангалттай чих нь халууцсан эцэг нь дөрөвдүгээр ангид ороход нь Мягмардаш гэдэг багшид “Алахгүй л бол яасан ч таны дур” гэж хэлээд даатгасан гэдэг. Энэ аугаа багшийнхаа ач тусыг тэрбээр өдий зэрэгтэй яваатайгаа холбож ярьдаг гээд бодохоор түүний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн гавъяатан гэдэг нь ойлгогдож байгаа юм. Ширүүн төрхтэй эрэгтэй багшаас эхэндээ айж байсан боловч тун удалгүй гууль нь цухуйлаа. 

Дэггүй нь дэндсэн тархи хайч шидсэн нь ангийнх нь нэгэн охины даланд зоогдож бөөн үймээн дэгдээв. Мягмардаш багш нь түүнийг хүнд нударгаараа хэдэнтээ буулгаад ч хүмүү­жүүлж барсангүй. Ах, эгч нараа хичээлдээ явахаар нь гараад л тоглочихно. Тэр ч бүү хэл дэггүй, сахилгагүй гэж бичигдсэн хувийн хэргээ цонхоор орж урж хаясан томоохон хэргүүд шил  даран мандлаа. Мягмардаш багш түүнийг хүчирхийллээр хү­мүүжүүлж дөнгөхгүйгээ ойлгоод хөдөлмөрт нухлуулахаар шийдсэн нь нүдээ олсон  хэрэг болсон юм. Хагас, бүтэн сайнд гэрт нь хариулалгүй мотоциклиор авч яван айлуудын ямаа самнуулж, хөрзөн бууц ховхлуулж, бүр ядахдаа өөрийнхөө ажлыг хийлгэх боллоо. Бас нэг сахилгагүй сайн эр ч түүн дээр нэмэгдэв. Тэр хоёр хавь ойрын айлуудын хар бор ажлыг хийнэ. 

Зарим үед ангиараа Л.Чинбатын гэрт очиж ямааг нь самнах явдал ч гардаг байлаа. Энэ маягаар хөдөлмөр зөвхөн Л.Чинбатыг ч бус ангиар нь хүмүүжүүлж 8-р ангидаа “Улсын тэргүүний бүлэг” болсон гэдэг. Мөн ажил хөдөлмөр хийгээд дэггүйтэх завгүй болсон Л.Чинбат сүүлдээ “Онц сурлагатан” болж хувирах нь тэр. Хэдий “Онц сурлагатан” болсон  ч гэлээ 8-р ангиа төгсөөд адуучин болно гэж зөрүүдэллээ. Аав нь энэ хүслийг хориогүй ч “Чи 10-р ангиа төгсчих. Тэгээд л адуучин бол” гэж зөвлөснөөр аймгийн төвийн 10-н жилд шилжиж 9-р ангид оржээ. Аймгийн төвийг арван жилийн дотуур байранд орсон өдрөө л зодоон хийгээд орой нь атамануудад бялба нүдүүлэн юм юм амсч эхэллээ. Социализмын үед атаман моодонд орж байсан, тэгээд ч ах зах, аймаг сумын ялгааг нударгаар ойлгуулдаг байсан цаг. Мөн 10-н жилийн дотуур байр яг л цэргийн казарм шиг оны ялгаатай байснаас болоод “ах” нарт гар хүрсэн хэргээр Бигэрийн атаманууд хандаа даруулж, шал зүлгэх ажилд орж байсан гэдэг. 

Тэр удаан зодолдсонгүй. Хичээлдээ шамдсаар сурла­гынх нь чанар улам бүр дээшилж байлаа. Чөлөө зав гарахаар дотуур байрандаа хувцас формоо өөрөө оёж, бусдынхаа үсийг засчихна. Энэ бол нөгөө л багшийнх нь сургасан ажлуудын нэг. Тэр 10-р анги төгсөхдөө сурах мэдэх тэмүүлэлтэй болж, адуучин биш геологич болох хүслээр жигүүрлэжээ. Геологчид зун нь ажиллаад өвөл нь амардаг юм шиг санагдаж байсан учраас аав, ээждээ туслах цаг олдох юм байна гэж бодоод л энэ мэргэжлийг сонгосон хэрэг. Энэ тухайгаа аав, ээждээ очиж хэлэхэд “Хээрээр гэр хийсэн нэг архичин хар юм бо­лох гээ юу?” гээд халгаасангүй. 10-р анги төгссөн хавараа Зөвлөлтийн цэргийн академид суралцах болзлыг хангав. Энэ тухайгаа эцэг, эхдээ дуулгахаар гэр рүүгээ мотоцикль хө­лөглөж яваад шар усны үерт урсан золтой л үхчихэлгүй салж буцсан гэдэг. Ингээд цэргийн сургуульдаа ч явалгүй геологич болохоор уралдаант шалгалтанд оржээ. 

Бүх хүүхдүүдийн эцэг, эх хүүхдээ дагаж очсон бай­хад Л.Чинбат тэргүүтэй ганц хоёр малчины хүүхэд л өөрөө өөрийнхөө толгойг мэдэж шийдвэр гаргаж байв. Тэр шал­галтаа өгчихөөд хуваариа сонгох гээд зогсч байхад нь нэг найз нь ирж “Чи ямар хуваарь сонгох гэж байна?” гэж асуухад мань эр Германы фотозурагчны техникумд орох хүсэлтэйгээ хэлтэл “Дэмий юм яриад бай. Чи геологич болно гэдэг биз дээ?” гээд дагуулж орон “Л.Чинбат геологийн ангид орно” гэж багш нарт хэлж сонгуулсан нь бас л хувь заяанд нь нөлөөлсөн үйл явдал болсон гэлтэй. 1980 оны намар зурагт ч үзээгүй шахам хөдөөний сайн эр дээд сургуульд орохоор “Зил-130” машины тэвшин дээр нүдүүлэн  хот орлоо. Төрсөн ах нь ЗХУ-ын Свердловск хотод сургууль төгсч программистын мэргэжил эзэмшээд хотод ажиллаж байсан үе. 

Улаанхуаранд байдаг ахынхаа гэрийг олох нь бүү хэл ганц алхаад л төөрөх хөдөөний бор хүү жолоочийн гэрт буужээ. Эхний өдөр яваад олсонгүй. Маргааш нь ёстой л “Улаанбаатарт байгаа миний аавд” гэдэг шиг ахынхаа гэрийг хар таамгаар хайхчаан аядан явтал үеийнх нь нэг хөвгүүн “Хүүе, чамайг хэн гэдэг вэ?” гэж асууснаар эрлээ олсон гэдэг. Л.Чинбат ахынхаа хойно сурч байхдаа дадлагын ажил дээр өмсдөг байсан өвөрмөц шошготой хүрмийг өмсчихсөн явсан учраас авга эгчийнх нь хүүхэд хараад гайхсандаа асуусан нь тэр байж. Ингэж тэр их хотын амьдралд хөл тавьж оюутан болсон түүхтэй. Тэр дээд сургуульд ороод аавынхаа нэгэн чухал захиасыг маш хурдан биелүүлсэн нь эхнэр авсан явдал байлаа. Аав нь түүнд “Чи их хөнгөн хүн. Тиймээс их л буурьтай дөлгөөхөн эхнэртэй болох хэрэгтэй” гэж захьдаг байсан уч­раас зэргэлдээ ангийнхаа охинтой үерхэж эхлээд хавар нь хуримаа хийв. Удаа ч үгүй 1983 онд охинтой болж хадмынхаа гэрт амьдрах болжээ. Хадмууд нь хоёрхон өрөө байранд олуулаа амьдардаг ч хажиглан цааргалалгүй цугтаа аж төрж байсанд нь Л.Чинбат одоо хэр нь баярлаж явдагаа нуудаггүй. Л.Чинбат 1985 онд сургуулиа “онц” төгсч хаана ажиллах хуваариа хүлээв. Тэр үед Геологийн яамны сайд байсан Барсболд түүнийг “Хөдөө яв” гэсэн боловч Олон улсын геологийн экспедицэд монгол анги нээхээр болсон учраас тэнд хуваарилагджээ. ОУГЭ-ийн монгол ангийнхан Хэнтий, Сүхбаатар, Дорнод гээд зүүн аймгуудаар амжилттай хайгуул хийж эхэллээ. Сайн ажилласан Л.Чинбатад хоёр өрөө байр өгсөн нь шинэхэн гэр бүлд том хөрөнгө оруулалт болж  нийгмийн асуудлыг нь шийдэж өгчээ. 

1990-ээд он гарч хүн болгон зах зээлийн нийгэмд хө­лөө олж, амьдрал ахуйгаа өөд нь татахаар наймаанд гарлаа. Л.Чинбатын хувьд наймаа панз хийх ямар ч сонирхол байсангүй. Харин 1991 онд Франц руу Сансараас тандан судлах сургалтанд хамруулах болоход геофизикийн гэгддэг А.Гүррагчаа гуай Л.Чинбатыг франц хэлний дамжаанд сур­гаснаар Парис руу явуулжээ. Монголоос гурвуулаа явсан бө­гөөд визээ хүлээж Москвад сар шахам болсон гэдэг. Мань гурав эндээс халаасандаа 200, 200-н доллартай явсанаа Л.Чинбатын саваагүй зангаас болж алдсан гашуун түүх ч бас бий. Гудамжинд шарик тоглуулж байсан луйварчдыг танил­гүйгээр мань эр азаа үзэхээр шийджээ. Тэр үед түүний сэтгэлд бага ч болов үлдээд байсан хөнгөн зан нь нөлөөлсөн үү, ша­рик орсон савыг гишгэчихэд нөгөө хоёрыгоо дургүйцсээр байхад л хамаг мөнгөө тавиад алдсан аж. Ингээд мань гурав дундаа тавьхан доллартай Парист очсон юм. Аргаа бараад авч очсон жаахан борцоо лаазанд хийж, дүрдэг плиткаар буцалгаж гол зогоож байлаа. Парист жил орчим тэтгэлэгтэй сурч, хажуугаар нь хааяа нэг ажил хийн “жаргаж” байгаадаа тэр гурав ичиж байсан юм. Тэд Парис дахь Монголын ЭСЯ-нд очиж “Монголд картын бараатай өлсгөлөн шахуу байхад бид энд улсын мөнгөөр тансаглаж байхаасаа ичиж байна. Буцааж өгөөч” хэмээн хүсэлт тавихад нь өмнөөс нь гайхаж бас хүндэтгэж байсан гэдэг. Энэ бол одоо ховорхон чанарын нэг болсон биз. Элчингийнхний зөвлөснөөр гурван сар болоод л хугацаанаасаа өмнө эх орондоо буцаж ирлээ. Ганцхан жилийн дотор Монголын амьдрал орвонгоороо эргэсэн бай­лаа. Экспедиц нь зогсоод ажил ч үгүй болсон учраас тэр наймаанд орохоор шийджээ. Францаас хоосонгүй ирсэн боло­хоор Англид байсан найзаасаа урилга аваад эхнэртэйгээ нислээ. Тэр экспедицэд цуг ажиллаж байгаад герман гарсан залуус дээр үлдэж, эхнэрээ Англи руу явуулаад буцаж ирэх хооронд нь сонин зарж, мебелийн үйлдвэрт ажиллаж овоо хэдэн марктай боллоо. Хамгийн гол нь тэр Германд хэдэн хоног ажиллахдаа мөнгө бус үйлдвэрийн захирал нь хүртэл хөлсөө урсган ажиллаж байгааг харж, хожим нь үүнийг хэрэгжүүлсэндээ олзуурхдаг юм. 

Эргэж Москва, Ленинградын хооронд багахан наймаа хийснээсээ хойш сүүлдээ Бээжин, Улаанбаатар, Москва гэ­сэн маршрутаар ганзагын наймааг хоёр жил орчим хийлээ. Ахыгаа наймаанд оруулсан боловч нэг шатаад орхижээ. Хаа очиж ах нь Монголын цөөхөн программистуудын нэг байсан учраас ч тэр үү овоо хэдэн төгрөгтэй байсан нь Л.Чинбатын наймааны эх үндэс болсон аж. 

Ганзагын наймаанаас томхон бизнес рүү орох шалтаг нь ахуйгаас үүджээ. 1996 оны эхээр цуг ажиллаж байсан нэг нөхөр нь “Байр хувьчлагдах юм шиг байна. Наймаа хийж байгаа хүмүүсийн байрыг хураах гэнэ” гэж хэлээд өөрийнх нь нэр орж байгааг сануулав. Тэр найз нь ОУГЭ хувьцаат компаниас 200 ширхэг хувьцаа авсан учраас байрнаасаа хөөгдөх аюулгүй болсон гэдгээ хэлэв. Ингэж тэр байрнаасаа хөөгдөхгүйн тулд хувьцаа худалдаж аван хөрөнгийн зах зээл рүү орсон юм. Удаа ч үгүй хамт ажиллаж байсан хүмүүс нь түүнд “Чи мөнгөтэй учраас хувьцаа ав. Бид чамд л өгмөөр байна” гэснээр наймаанаас олсон 80 сая төгрөгөөрөө хувь­цаа авч эхлэв. Тэр хоёр өдрийн дотор л компанийн 10 ху­вийг цуглуулчихав. Л.Чинбат ганцаараа ч цуглуулсангүй. Най­зыгаа дуудсанаар тэр өөрөө дахин 10 хувийг авч, найз нь 15 хувьтай болж дөнгөв. 



Тэр хоёр авсан хувьцаагаа хөрөнгийн биржээр баталгаа­жуулахдаа брокеруудад таван хувиа луйвардуулж байсан гээд бэрхшээл их бий. Нэгэнт хувьцаа эзэмшигч бол­сон учраас эргээд геологичоороо ажиллах болов. Ингэж ОУГЭ “Гурван гол” ХК болсон түүхтэй. Тус компани Үзэсгэлэн чимэглэлийн байрыг худалдаж аваад “Нүхт”-ийн дуудлага худалдаанд оролцох болоход нь томоохон хувьцаа эзэмшигч Л.Чинбат санал зөрөлдөв. Тэр “Хотоос зайдуу үнэтэй объект авсанаас уурхайдаа хөрөнгө оруулъя. Аль эсвэл хотын төвд үл хөдлөх хөрөнгөтэй болсон нь дээр” гэсэн байр суурьтай байжээ. 

Нөгөөдүүл нь зүтгэсээр байгаад “Нүхт”-ийг авлаа. Тэр үеэс л Л.Чинбат толгой дааж бизнес хийхээр шийдэв. Л.Чинбат өөрийнхөө удирдаж байсан “Гацуурт” хэмээх охин компанийг эзэмшиж байсан 20 хувьдаа тооцон авч га­рах хүсэлт гаргажээ. Нөхөд нь дургүйцэж байсан боловч тэр олборлолтыг оросуудаар гүйцэтгүүлж байсныг нь эрс эсэр­гүүцэж байсныхаа хувиар санасандаа хүрсэн гэдэг. Тэр үед алтны үнэ дэлхийн зах зээл дээр шалдаа буутал унаж унци нь 260-хан доллар байсан боловч Л.Чинбат “Эх орныхоо баялгийг монгол хүн л ашиглах ёстой” гэсэн үзлээр “Гацуурт”-ын алтны уурхайн тодорхой хэсгийг тасдан авч бие даан ажиллаж эхлэв. 

Олборлолт явуулахын тулд орд газрууд хэрэгтэй гэд­гийг сайн мэдэж байсан учраас лиценз худалдаж авах ажил өрнүүллээ. Үнэндээ Л.Чинбат шинэхэн орд биш дандаа л ашиглаж байгаад орхисон уурхайнуудыг Ерөө, Шарын гол, Өвөрхангайд авч байв. “Гурван гол” компани зээлийн ба­талгаа гаргаж өгсөнөөр банкнаас 200 сая төгрөгийн зээл авч Оросоос 10 бульдозер худалдаж авснаар ажлаа эхлүүлжээ. Үүнийхээ хажуугаар ноолуур, электрон барааны бизнес ч эрхэлж үзэв. Тэр техник, технологийн шинэчлэл хийхгүй бол үргүй зардлыг бууруулж чадахгүйг ойлгоод Шинэ Зеландын туршлагаас сонирхов. Дени Уокер гэдэг шинэ зеланд залуугийн техникийг үзэж шохоорхтол цаадах нь “Би Монголоос явлаа. Чи миний техникийг авбал ав” гэхэд нь мань эр” Чи надтай хамт Шинэ Зеланд явж тусла” гэж гуйснаар “Анод” банкнаас нэг сая доллар зээлдэн Шинэ Зеландыг зорьжээ. Тэндээс тоног төхөөрөмж, технологи оруулж ирсэнээр эргэлт гарсан гэж хэлж болно. Уг техник, технологи байгаль орчинд хоргүй. Тэгээд ч үргүй зардлыг багасгаж байсны тод гэрч нь 150 хүн ажиллаж байсан бол 50 ажилчин л уг ажлыг өлхөн аваад явчих боломжтой болсон явдал юм. Тэр “Бизнес бол зөвхөн алт ухах явдал биш” гэдгийг сайн ухаарч байсан учраас үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаар шийджээ. Эхний ээлжинд Хүүхдийн 100-р дэлгүүрийг 350 саяар, мөн “Хүнс трейд” ХК-ийг дуудлага худалдаагаар өөрийг болголоо. Тэр мөн Шинэ Зеландад явж байхдаа усалгаатай газар тариалангийн давуу талыг нүдээр үзэж ойлгоод 2002 онд Баяндулааны САА-г худалдаж аван газар тариалан эрхэлж эхэлсэн юм. Л.Чинбатын тухай бичихэд хэдэн тонн алт олборлосныг нь дуу алдан шагшрах бус харин байгаль орчноо хэрхэн хамгаалж, нөхөн сэргээлт хийж буй бахархам үйлийг нь дурдах нь дээр байх гэж бодно. “Гацуурт” компани шороон ордын олборлолтонд техник, технологийн хувьсгал хийж чадсан нь гайхамшигтай. Бусад уурхайнууд шороогоо зөөвөрлөж га­зар сэглэдэг учраас нөхөн сэргээлт хийх ямар ч боломжгүй хоцрогдсон арга барилаар ажиллаж байгаа. 

Харин уг компанийнхан техникээ чирээд нүүдэллэж ол­борлодог учраас тэр дор нь байгалиа сэргээгээд явдаг. Тэгээд ч газрын хөрс харьцангүй бага эвдэрдгээрээ давуу талтай. Ар талдаа ухсан нүхээ буцааж булдаг технологи бөгөөд “Гацуурт”-ынхан мод тарьж, онгон төрхийг нь сэргээж хойч үедээ үлдээхээр ажиллаж байна. Энэ нь балчир наснаасаа байгальтайгаа ойрхон өсч, хишгийг нь хүртсэнтэй холбоотой байх. Тэгээд ч түүнд мөнгөнөөс илүүтэйгээр эх орон, ээж, аав нь үнэ цэнэтэй гэдгийг тэр сайн мэддэг хүн. “Гацуурт” компани мод үржүүлгийн газар байгуулж, таван жилийн өмнө тарьсан мод нь нэг метр 20 см ургаад байгаад тэр яг л хүүхэд шиг  хөөрөн баясч хардагийг ажилчид нь бахархангуй ярих юм билээ. 



Жилдээ гурван тэрбумын татвар төлдөг “Гацуурт” ком­панийнхан “Онгорхой нүх үлдээх бус онгон байгалиа сэргээж олборлох нь бидний үүрэг” гэж үздэг нь бусад компаниудад туршлага болохоор ариун үйлс юм. Мөн тэд ухаж болсон юм чинь ургуулж яагаад болдоггүй юм гэсэн бодолтойгоор Азидаа анхны нэг цэгээс усалгаатай газар тариаланг хөгжүүлж байна. Асар уудам нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа монголчууд хүнсээ гаднаас авах ёсгүй гэж үздэг учраас гурил, ургамлын тос үйлдвэрлэж, Сэлэнгийн хойд талын сумдаар унаган “мэргэжил”-ээ санагалзан махны чиглэлийн үхэр өсгөж 4000 толгойд хүргээд байна. Мөн барилгын салбарт хөрөнгө оруулж Хятадаас бус Хойд Солонгосоос ажилчин “импортлож” Тэрэлжид Монголын 100 хувийн хөрөнө оруулалттай анхны таван одтой зочид буудлыг босгож байгаа гээд хийж бүтээж байгааг нь бичвэл бэх цаас хүрэхгүй биз ээ. Би бизнесээ ашиг  харж хийдэггүй гэдгээ ам бардам хэлэх энэ эр 15 сал­бар компанийн 800 гаруй ажилчны ар гэр, амьдрал ахуйг хариуцсан “эцэг” болжээ. 

Уг салбар компаниудыг нь ах, дүүс нь бус хэн чаддаг нь л ажиллуулах ёстой гэсэн бодлого барьдаг. Тиймдээ ч ганцхан ах нь компанид нь ажиллаж байна. Тэр бүх ах, дүү нараа хотод татан авчирч тусладгаа туслачихсан. Харин ах, дүүсийнхээ хүүхдүүдээс “онц” сурсаныг нь гадаадад зард­лыг нь дааж сургана гэсэн болзол гаргасныхаа дагуу нэг эгчийнхээ хүүхдийг Туркт сургаж байна. Техник, технологийн давуу талаар хүмүүсийн орхиж хаасан уурхайнуудад олбор­лолт явуулан нөхөн сэргээлт хийж, нүглийг нь өмнөөс нь нимгэлж буй энэ эр худал хэлэхийг үзэн ядаж “Хөдөлмөр хий” гэсэн үгийг л хоёр хүүдээ болон ажиллагсаддаа хэлдэг. Гучин хэдэн жилийн тэртээ Говь-Алтайн Бигэрийн найман жилийн сургуулийг  донсолгон дэггүйтэж явсан энэ эр ажил хөдөлмөрөөс кайф авдаг эгэл даруухан нэгэн болсон юм. Гэхдээ л хаа нэг унаган багынх нь араншин сэргэчих гээд байх шиг санагддаг. Ажил, цаг зав хэмнэх үүднээс 450 мянган доллараар худалдаж авсан нисдэг тэргээ өөрөө жолоодож яваад унагаснаар хөнгөн, сониуч зангаа нэгмөсөн гээжээ. Дэггүй нь дэндсэн тархи багшийнхаа мотоцикльд сундалдаж ажил хийж хүмүүжсэн нь “Гацуурт”-ын Л.Чинбатыг төрүүлсэн гэлтэй. Түүний бүхий л амжилтын нууц ганцхан хөдөлмөрт л оршдог нь маргашгүй үнэн. Тэгээд ч байгаль дэлхий, газар шороогоо ижий шигээ хайрлан сэргээж байгаа нь амных нь хишигтэй холбоотой байх. 



Эх сурвалж: Монголын авъяаслаг бизнесмэнүүдийн нууц