m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.01 07:45
275
Баруунбаян-Улаанчууд буурлууддаа золголоо

 

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын нутгийн зөвлөл өнөөдөр буюу билгийн тооллын шинийн 15-ны билэгт сайн өдөр Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа Баруунбаян-Улаан сумын иргэдээ хүндэтгэн хүлээн авч золголоо . Нутаг олноороо хуран цугларч, өнөтэй сайхан өвөлжин сар шинэтэй золгосны ерөөл дэвшүүлэн уулзан золгодог энэ арга хэмжээг  Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлөөс зохион байгууллаа.

Золголтонд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын Засаг дарга Г.Баатарчулуун, ИТХ-ын дарга Н. Мөнхцохио нар хүрэлцэн ирж оролцож байна.   Энэ удаагийн золголтыг Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн  Ч. Саруул зохион байгуулсан бөгөөд сумын 100-аад ахмадууд оролцов.  Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга Ч.Даваабаяр хуран цугласан нутгийн олондоо хандаж хэлсэн үгэндээ  Модон хонин жилийн сар шинийн мэнд дэвшүүлээд Баруунбаян-Улаан сумынхан бүтээн байгуулалтаараа тэргүүлж аймагтаа шилдэг сум болсоны зэрэгцээ өнгөрсөн онд тэмдэглэн өнгөрүүлсэн 90 жилийн ойд зориулж олон сайхан ажлуудыг зохион байгуулсан, цаашид ч олон сайхан ажлуудыг хамтдаа зохион байгуулах болно хэмээлээ.  Нутгийн олон учиран золгож халуун яриа өрнүүлэхийн зэрэгцээ урлагийн авъяастан залуус дуу хуураа өргөн барьж, эрдэмтэн докторууд  өнгөрсөн онд хийж бүтээсэн номын дээжээсээ өргөн барьлаа.

Ингээд энэ сайхан золголтонд хүрэлцэн ирсэн Баруунбаян-Улаан сумын Засаг дарга Г. Баатарчулуун, ИТХ-ын дарга Н. Мөнхцохио нар болон өндөр настангуудын төлөөлөгчдийн сэтгэгдлийг хүргэе.

Баруунбаян-Улаан сумын Засаг дарга Г. Баатарчулуун: - Сумын ахмадуудаа урин золгодог энэ сайхан уулзалт жил бүр зохион байгуулагддагаас энэ жилийнх илүү өргөн дэлгэр болж ахмадууд, залуус их ирсэн байна. Улаанбаатар хотод 90-ээс дээш настай өндөр настан арав гаран байдаг. Тэд нар маань ирцгээжээ. Сайхан уулзалт болж байна.

ИТХ-ын дарга Н. Мөнхцохио: - Уламжлал болгон зохион байгуулдаг энэ золголтоороо хотод байгаа азай буурлуудаа хүндэтгэн энд хуран цуглаж золгож байна. Манай сум өнгөрсөн онд салбар бүрт амжилтаар дүүрэн байж түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ бүхэнд нийт Баруунбаян-Улаанчууд маань их баяртай байгаа.  Нутгийн ард олондоо модон хоин жилдээ хийж бүтээх ажил үйлс нь арвин, сайн сайхан байхын ерөөл дэвшүүлье.

Баруунбаян-Улаан сумын Улаанбаатар хот дахь нутгийн Зөвлөлийн гишүүн Нямсүрэн : Өнөөдөр нутгийнхаа өндөр настан, оюутан залуусыг энд цуглуулж өргөн дэлгэр золголт зохион байгуулж байгаа маань сайхан байна аа.  Өнгөрсөн онд сумын маань 90 жилийн ой болсон. Ойн баярт зориулсан олон олон арга хэмжээнүүдэд энд хуран цугларсан Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй нутгийн олон минь гар бие оролцож байлаа. Манай Суманд хамгийн өндөр настан 98 настай . Улаанбаатар хотод амьдардаг нутгийнханаас маань хамгийн өндөр настай нь 94 настай хүн байдаг даа.

Өндөр настай Т. Адъяа: - Гадаад харилцааны байгууллагад 40 гаран жил ажилласан Баруунбаян-Улаан сумын уугуул  иргэн билээ. Нутгийн зөвлөлөөс зохион байгуулж буй энэ сайхан золголтонд хүрэлцэн ирээд сууж байгаа сэтгэгдэл сайхан байна.

Өдгөө 85 насыг зооглож буй тус сумын уугуул иргэн МУ-ын Соёлын Гавъяат зүтгэлтэн доктор профессор Г. Норовсамбуу: - Сэтгэгдэл маш сайхан байна.  Ингээд сайхан нутгийнхаа хүмүүсийг харахаар яг л нутагтаа очсон юм шиг сэтгэгдэл төрж байна.  Ийм сайхан уулзалт, золголт зохион байгуулж буй Улаанбаатар хот дахь  нутгийн Зөвлөл болон Баруунбаян-Улаан сумынхаа удирдлага нарт талархаж байна. Их сайхан уулзалт болж байна. Нутгийнхаа нийт ард иргэдэд урт удаан наслахыг хүсэн ерөөе.

Өндөр настан Лхамцоо:  Сайхан нутгаасаа ирээд энэ сайхан золголтонд оролцож байгаадаа баяртай байнаа. Нутгийн олондоо  ирж буй жилдээ сайн сайхан байхыг хүсэн ерөөе.

84 насыг зооглож буй Балжирсүрэн:  Нутгаасаа гараад 60 шахуу жил болж байна. Нутагтаа байнга очдог доо.  Манай нутаг чинь тэмээгээр Баруунбаян-Улаан гэж дуудагддаг сайхан нутаг байгаа юм.  Энэ сайхан золголтонд өргөн дэлгэр сайхан болж байна аа.

Төмөр замын байгууллагаас тэтгэвэртээ гарсан өндөр настан Марина: Хотод ажиллаж амьдардаг болохоор нутгийн зон олонтойгоо энд золгож байгаадаа их сайхан байна. Сүүлийн үед нутаг уруугаа их сайн явж байгаа. Нутгийн ард олондоо ирж буй жилдээ эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэж байна аа.