m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.19 03:11
77
Цуврал-38 Хор шар нь хайртай дүүгээ хөнөөхөд хүргэжээ

Сайдынхаа тушаалаар залуу мөрдөн байцаагч С.Бүдрагчаа Булган аймагт ажиллахаар болж нутгийн зүг жолоо заллаа. 1969 оны 12 дугаар сарын 15-наас хойш Булган аймагт ажиллах тушаал авсан тэрбээр шалавхан ажилдаа орлоо. Ажилдаа орсон даруйдаа  илрээгүй онц ноцтой хэргийн жагсаалттай танилцав Гэтэл Уньт суманд гарсан гэмт хэрэг таван сар болж буй ч илрээгүй нь  түүний анхаарлыг татав.

1969 оны намрын эхэн сард Авир гэх цэл залуухан эр буудуулж амь насаа алдсан хэргийн мөрдөн шалгах ажил хангалтгүй хийсэн нь хавтаст хэрэгт байгаа материалаас илт. Энэ хэргийг түр түдгэлзүүлж орхисон байв. Уншаад байх нь ээ хэн нэгэн түүнийг тулгаж байгаад буудсан нь тодорхой байсан учир араас нь хөөцөлдөөд үзье гэсэн бодол зурсхийв. Ингээд шалгах ажилдаа орлоо.

15 настай хүү мөрдөгчид арай өөр мэдээлэл өгөв.

Холхирогч Авир 30 нас дөхсөн ч эхнэргүй ганц бие учир төрсөн ах Жав, бэр эгч Дуламжав нарыгаа бараадан амьдардаг байв. Гэмт хэрэг гарсан орой ах дүүс нийлэн хөзөр тогложээ. Тэр өдөр Авир онцгой азтай байж бүгдийг нь хожиж, баяр хөөртэй байв. Тэрбээр угаас хүн явуулж, цаашлуулдаг нэгэн учир хожигдсон хүмүүсийг баахан шоолж, ёжилж, үгээр иджээ. Тоглосон хүмүүс инээлдээд, наргиан болгоод өнгөрөөв. Харин ах Жавыгаа их бухимдан уурлаж буйг Авир огт анзаараагүй аж. Гэртээ ороод цай ууж нэг хэсэг суугаад унтахаар ор луугаа дөхөв. Айл саахалт нь төрсөн ахынх нь учир гэрээ тэр бүр түгждэггүй байж. Тэр орой гэрээ түгжлээ. Орныхоо ойролцоо очтол үүдэнд нь чимээ гарах шиг болов. Дөхөөд очтол хаалгыг нь хэн нэгэн татаж байв. Хэн бэ гэж асуулгүй онгойлгох гэтэл тотгоны завсраар бууны толгой харагдаад юу юугүй буудчих нь тэр. Ингээд хөөрхий залуу хэн гэгч өөрийг нь, ямар учир шалтгааны улмаас хөнөөж буйг хэлэх боломжгүй байсаар амьсгал хураажээ.

Мөрдөн байцаагч энэ хэргийг уншаад шууд төрсөн ах Жав, бэр эгч Дуламжав нарыг саатуулан шалгав. Тэр орой юу болсон, ямар нэгэн зөрчил, хэрүүл, маргаан болсон эсэхийг тодруулсан боловч тэд яг л нэг хүн шиг асуултад хариулж буй нь мөрдөгчийн анхаарлыг татлаа. Хэргийн газраас холгүйхэн Жавын гэрийн үүдэнд байдаг адсага урагдаж үлдсэн нь С.Бүдрагчаагийн анхаарлыг зүй ёсоор татав. Хэд хонгог суулгаж хэргийн талаар удаа дараа мэдүүлэг авсан ч тэдний яриа зөрөхгүй байв. Гэтэл нэг өдөр түүний төрсөн хүү Эрдэнээс мэдүүлэг авах бодол төрж түүнийг дуудуулав. 15 настай хүү мөрдөгчид арай өөр мэдээлэл өгөв.

-Чи тэр өдөр хаана байсан бэ?

-Гэртээ.

-Аав нь орой үдэш гарсан уу?

-Хүмүүс хөзөр тоглоод гарсны даруй бид унтахаар хэвтсэн. Аав хэсэг зуухны өмнө суугаад хэвтсэн. Гэтэл удалгүй чимээ гарч гэрээс нэг хүн гарах шиг болсон. Би хэн нэг нь бие засах гэж байна гэж бодоод цааш юу болсныг анзаараагүй унтчихсан байсан.

-Авир ахыг нь хэн хөнөөсөн юм бол?

-Мэдэхгүй ээ. Буун дуу гарсан эсэхийг би санахгүй байна. Харин бэлчээрт байсан миний чөдөртэй морь алга болсон байсан.Өглөө нь би хайсаар олтол сүүлнээс нь гэрийн үүдэнд байдаг адсага уяатай байсныг салгаж орхисон гэв.

Хүүгийн мэдүүлэг хэн гэгч энэ хэргийг үйлдсэн болохыг хэлээд өгөх шиг болов. Авирыг хөнөөсөн этгээд гэмт үйлдлээ нуун дарагдуулахын тулд бэлчээрт байсан морины сүүлэнд адсага уяж дуу чимээ гаргаснаас зайлахгүй. Энэ нь гаднаас хүн ирж хөнөөсөн гэх ойлголт бусдад өгөх санаатай буйг мөрдөн байцаагч сайн ойлгож байв. Гэртээ унтахаар хэвтсэн Жав яагаад гадуур хонов. Хаана байв гэх мэт асуултыг мухарлах хэрэг гарлаа. Гэсэн ч Жав “Төрсөн дүүгээ юуны төлөө би хөнөөх билээ” хэмээн эсэргүүцэж, хэргээ хүлээх шинжгүй байв. Энэ зуур гэр бүлийн хоёр Дуламжавын төрсөн дүү Насанг энэ хэргийг үйлдсэн гэж мэдүүлж эхлэв. Хэрэгт гүтгүүлсэн  Насангийн бие тэр үед тааруу байв. Гэсэн хэдий ч түүнийг саатуулж шалгаж эхлэв. Тэр бас л хэргийн талаар огт мэдэхгүй, би буруугүй хэмээв. Өдрөөс өдөрт бие нь муудсаар тэр бурхан болжээ.

Хөөрхий дүүгээ хэрэгт гүтгэж амь насыг нь хөнөөлөө. Бид буруутай

Энэ мэдээг дуулсан Дуламжав уйлж мөрдөгчид үнэнээ хэлж эхлэх нь тэр. “Манай нөхөр дүүгээ хөнөөсөн юм. Би айгаад үнэнийг хэлэхгүй явсан бууруугаа хүлээе. Энэ хэргийг шалгаж эхлэхэд юу гэж хэлэхээ бид ярьж тохиролцсон. Хөөрхий дүүгээ хэрэгт гүтгэж амь насыг нь хөнөөлөө. Бид буруутай” гэснээр Жав бултах газаргүй болжээ. Төрсөн дүүгээ хөнөөх болсон нь ердөө хор шартай зангаас нь болсон аж. Дүүгээ хөнөөгөөд буугаа барааны ард нуж орхиод найзындаа очиж архидан хоносон нь гэмт үйлдлээ нуух гэсэн нэг оролдлого байж. Өглөө нь ирж учиргүй уйлж харуусан байсан түүнийг төрсөн дүүгээ хөнөөсөн гэж хэлэх хүн яаж байх билээ. Тэрбээр бэлчээрт байсан морины сүүлэнд зориуд адсага уяж үргээн давхиулсан гэдгээ ч хэлэв. Төрсөн дүүгээ ялихгүй зүйлээс болж хөнөөсөн түүнд БНМАУ-ын хуулиар 20 жилийн хорих ял оноожээ.

Өглөө нь ирж учиргүй уйлж харуусан байсан түүнийг төрсөн дүүгээ хөнөөсөн гэж хэлэх хүн яаж байх билээ.