m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.19 16:07
384
Н.Эрдэнэбаяр: Иргэд маань хэн нэгнээ аврах хүмүүнлэгийн үйлст нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна

Манай энэ удаагийн Масс зочин буланд Эрүүл мэнд, спортын яамны харьяа Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн захирал, хүний их эмч, анагаах ухааны доктор Н.Эрдэнэбаяр уригдан оролцож байна.

 

Н.Эрдэнэбаяр эмчтэй ярилцлага хийхээр ЦССҮТ-ийн үүдээр ороход найрсаг харилцаатай үйлчилгээний ажилтан, тохь тухтай хүлээлгийн танхим зэрэг угтсан нь энэ хамт олны үйлчлүүлэгчдийнхээ төлөө гэх сэтгэлийн нэгээхэн хэсэг гэлтэй. Япон улсад дархлаа судлалын чиглэлээр 2006-2010 онд суралцан анагаах ухааны докторын зэргээ хамгаалаад ирсний дараагаар 2012 оноос ЦССҮТ-ийн захирлаар ажиллаж байгаа Н.Эрдэнэбаяр эмч анх ажлын гараагаа 1997 онд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын эмнэлэгт эмчээр ажиллаж эхэлж байснаас хойш ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө үйлсэд зүтгэл гаргаж яваа нэгэн ажээ. 

- Та ЦССҮТ-ийн талаар танилцуулахгүй юу. Хичнээн жилийн түүхтэй төвийг та өнөөдөр удирдан ажиллаж байна вэ?

- Монгол улсад цусны алба үүсээд 50 гаруй жил болж байна. Анх 1963 онд албан ёсоор байгуулагдаж байсан түүхтэй юм. Харин Монгол улсын анхны донор бол манай нэрт мэс засалч, профессор Ичинхорлоо гуай бөгөөд 1938-1939 онд  хилийн зөрчил, байлдааны үед шархадсан цэргүүдэд цус сэлбэх ажиллагааг анх явуулж байсан гэж тэмдэглэгдсэн байдаг. 1963 онд  үйл ажиллагаа эхэлснээс хойш  усны станц, эм био бэлдмэлийнхээ хэсэгтэй нэгдэж ажиллаж байжээ.

Сүүлийн жилүүдэд Олон улсын цусны албаны зөвлөмжийн дагуу бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа нэлээд өөрчлөгдөж байгаа. Ялангуяа сүүлийн арав гаруй жилийн дотор өөрчлөлтүүд их хийгдэж байна. Тухайлбал Монгол Улсын төрөөс  “Цус цусан бүтээгдэхүүний хангамж, аюулгүй байдлын талаар баримтлах бодлого” гэж байдаг юм. Энэхүү бодлого 2007 онд УИХ-аар батлагдаж, 2008-2015 онд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газрын тогтоолоор 2008 онд баталснаас хойш амжилттай хэрэгжиж байна. Энэ жил төрийн бодлогын хэрэгжилтийг дүгнэх ажилдаа ороод явж байна. Монгол Улсын хэмжээнд ЦССҮТ нь гурав дахь шатлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн төв гэж явдаг. Бүх аймгийн төвүүд болон Сэлэнгэ аймгийн Мандал сум, Өвөрхангайн Хархорин сум, Завханы Тосонцэнгэл гэсэн томоохон сумдууд, Багануур, Налайх дүүрэгт буюу нийтдээ улсын хэмжээнд 26 салбар цусны төвүүд ажиллаж байдаг ба бид эдгээр салбаруудаа мэргэжил, аргазүйн хувьд нь удирдаж ажилладаг. Улсын хэмжээнд цус цусан бүтээгдэхүүний хүрэлцээ хангамж, аюулгүй байдлыг анхаарч хяналт тавьж ажиллаж байдаг төрөлжсөн нарийн мэргэжлийн төв  гэж  ойлгож болно.

Монгол улсын анхны донор бол манай нэрт мэс засалч, профессор Ичинхорлоо гуай бөгөөд 1938-1939 онд  хилийн зөрчил, байлдааны үед шархадсан цэргүүдэд цус сэлбэх ажиллагааг анх явуулж байсан гэж тэмдэглэгдсэн байдаг.

-Манай улсын хувьд цус цусан бүтээгдэхүүний хангамж, хүрэлцээ хэр байдаг бол?

-Цус цусан бүтээгдэхүүний хангамж, хүрэлцээ гэдэг бол тухайн улсынхаа онцлогоос хамаарч дэлхийн улс орон бүрт янз янз байдаг. Цусны нөөц гэж ярьвал илүү ойлгомжтой байх болов уу. Цусны нөөц гэдэг өөрөө их өрөөсгөл ойлголт юм л даа. Зарим бүтээгдэхүүн, тухайлбал ялтаст эсийн бүтээгдэхүүнийг ердөө 3-4 хоног л хадгалж болдог. Иймд энэ төрлийн бүтээгдэхүүнийг өдөр бүр цус цуглуулж байж л захиалгыг хангах боломжтой. Улаан эсийн бүтээгдэхүүнүүдийг дундажаар нэг сар орчим хадгалдаг бол сийвэнгийн төрлийн бүтээгдэхүүнүүдийг нэг жил хүртэлх хугацаагаар хадгалагдах боломжтой. Тиймээс бид бүхэн тайван үеийн нөөц буюу манай төвтэй гэрээ байгуулж ажиллаж байгаа эмнэлгүүдийн захиалга хэр байна, түүнтэй уялдуулан тооцож цус цуглуулан бүтээгдэхүүний үйлдвэрлэл хийдэг. Тухайлбал богино хугацаанд хадгалдаг бүтээгдэхүүн хэдий хэмжээний нөөцтэй байвал тухайн эмнэлгүүдийнхээ хэрэгцээг хангах вэ гэдгээ тооцож ажилладаг. Энэ тохиолдолд бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн эмнэлгүүдийн захиалгыг бүрэн хангаж чаддаг. Гэхдээ нэг онцлог гэвэл цөөн хоногоор хадгалдаг бүтээгдэхүүн, ховор бүлгийн цус их хэмжээгээр хэрэглэх болон яаралтай олон захиалга ирсэн тохиолдолд тухайн захиалсан цусны бүлгийн хамааралтай бүтээгдэхүүн дутагдах хандлага байдаг.  Ийм үед бид тухайн тохирох доноруудаасаа дуудан, цус цусан бүтээгдэхүүнийг нь хангаж ажилладаг. Сүүлийн жилүүдэд манай төвийн хувьд цус цуглуулалтын тоо харьцангуй хурдацтай өсөж байгаа. Тухайлбал 2013 онд ЦССҮТ-ийн хувьд 16800 донороос цус цуглуулж байсан бол өнгөрсөн онд 18800 донор цусаа өгч даруй 2000 донороор нэмэгдсэн. Энэ нь нэг талаас бид бүхний үйл ажиллагаа сайжраад цус цусан бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдсэн байгаа, нөгөө талаасаа эмнэлгүүдийн захиалга бас их байгааг харуулж байгаа юм. Ялангуяа сүүлийн жилүүдэд манай орны хувьд өвчлөлийн байдлыг аваад үзвэл цус цусан бүтээгдэхүүн зайлшгүй хэрэглэдэг өвчлөл ихсэх хандлагатай байна. Үүнд зүрх судасны өвчлөл, төрөл бүрийн хавдар, осол гэмтэл зэрэг нь нас баралтын шалтгааны тэргүүлэх байранд байна. Мөн төрөлт нэмэгдэж төрөлтийн хүндрэлүүд буурахгүй байгаа болон манай оронд элэг, ясны чөмөг шилжүүлэн суулгах шинэ технологийг нэвтрүүлж байгаа нь цус цусан бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлж байгаа юм.

Бид бүхэн тайван үеийн нөөц буюу манай төвтэй гэрээ байгуулж ажиллаж байгаа эмнэлгүүдийн захиалга хэр байна, түүнтэй уялдуулан тооцож цус цуглуулан бүтээгдэхүүний үйлдвэрлэл хийдэг.

Ялангуяа элэг шилжүүлэн суулгах мэс заслын үед нилээд их хэмжээний цус цусан бүтээгдэхүүний захиалга ирдэг бөгөөд яг тэр хүнд тохирох бүтээгдэхүүнийг бэлтгэхийн тулд цөөнгүй донороос цус цуглуулан сонгон бэлтгэдэг. Мөн бэлтгэж байгаа бүтээгдэхүүн нь өвчтөнд дархлааны урвал үзүүлэхгүй байхын тулд орчин үеийн аргуудыг ашиглан үйлдвэрлэл явагддаг. Жишээлбэл цагаан эсгүйжүүлсэн улаан эсийн бүтээгдэхүүн, цитоферезийн аргаар бэлтгэсэн ялтаст эс гэх мэт. Энэ нь эргээд хагалгааны үр дүн сайн байх, цус сэлбэлттэй холбоотой урвал хүндрэл гарахгүй байх, өвчтөн хурдан эдгэрч илааршихад тустай байдаг.

-Тэгэхээр өндөр шаардлагатай цусны бэлдмэл  бэлтгэх гэхээр аппарат тоног төхөөрөмжийн хувьд боломж нь хангалттай байдаг уу?

-Дээрх бүтээгдэхүүнүүдийг өндөр түвшинд бэлтгэх шаардлага урган гардаг. Үүнтэй уялдан манай ЦССҮТ дээр техник технологийн шинэчлэлүүд хийгдэж байна. Тухайлбал урьд нь зөвхөн бүхэл цусыг донороос авдаг байсан бол өнөөдөр цусны эсүүдийг  дангаар нь ялгаж авдаг технологиуд нэвтэрч байна. Сийвэнг дангаар нь, ялтаст эсийг дангаар нь гэх мэтээр тусгай аппаратын тусламжтайгаар цусны бүрэлдэхүүн хэсгийг  ялгаж авч байгаа. Энэ нь юугаараа давуу байна гэхээр нэг донороос олон нэгж бүтээгдэхүүнийг нэг удаад авах боломжтой, мөн цусны эсээ өгсөн донор маань богино хугацааны дараа (14 хоногийн дараа) дахин өгөх боломжтой гэсэн үг. Энэ нь олон улсад хийгдсэн судалгаагаар донорт ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй, нөхөн төлжилт явагддаг гэж дүгнэгдсэн. Харин бүхэл цусны донорын хувьд одоо мөрдөж байгаа журмаар эрэгтэй хүн жилд зургаа хүртэл удаа, эмэгтэй хүн жилд дөрөв хүртэл удаа цусаа өгөх боломжтой байдаг. Дэлхийн улс орнуудад ийм доноруудын тоо өндөр байдаг. Түүнчлэн бид бүхэн хүний нөөцийг сургаж бэлтгэх, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх тал дээр мөн онцгойлон анхаарч ажиллаж байна.

Урьд нь зөвхөн бүхэл цусыг донороос авдаг байсан бол өнөөдөр цусны эсүүдийг  дангаар нь ялгаж авдаг технологиуд нэвтэрч байна.

-Цус сэлбэх үеийн халдварын эрсдэл гэж байдаг уу. ЦССҮТ-д цусыг ариутгах тоног төхөөрөмж хэр хүрэлцээтэй байдаг вэ?

-2007 онд УИХ-аар “Монгол Улсын төрөөс донорын цус цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах бодлого”-ыг баталсан бөгөөд энэ хүрээнд олон арга хэмжээ амжилттай хэрэгжиж байна. Үүний нэг нь манай төв дээр 2012 оны тавдугаар сараас эхлэн цус сэлбэлтээр дамжих халдварыг ПГУ-ын аргаар илрүүлэх технологийг нутагшуулаад байна. Энэ арга нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн орчин үеийн дэвшилтэт арга юм. Аливаа халдвар дээр нууц хугацаа гэж байдаг. Энэ шинжилгээгээр нууц хугацааг богиносгож, эрт үед нь илрүүлэх онцгой ач холбогдолтой бөгөөд манай төв цуглуулсан цусны нэгж бүрийг энэхүү аргаар шинжлэн баталгаажуулж, аюулгүй баталгаатай бүтээгдэхүүнээр эмнэлгүүдийг ханган ажиллаж байна. Мөн дотооддоо чанарын тогтолцоог бүрдүүлэн улам боловсронгуй болгох тал дээр манай эмч ажиллагсад идэвхи гаргаж байна.

-Монгол Улсын хэмжээнд нийт хичнээн донор байдаг вэ. Хоёр жилийн өмнө 80 000 цусны донор байх шаардлагатай гэсэн тооцоог ДЭМБ, УЗН-ээс гаргаж байсан?

-Монгол Улсын хэмжээнд нийт 50 гаруй жилийн түүхэнд 130 000-140 000 донор байдаг гэсэн тоо баримт байдаг. Энэ нь цус өгөлтийн тоогоор гаргасан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл давтан цусаа өгч байсан донорууд маань энд бас орж байгаа юм.  Дээр хэлсэнчлэн бид эмнэлгийн захиалга хэр байна гэдэг дээр үндэслэн цус цусан бүтээгдэхүүний хангалтыг тооцдог. Энэ үзүүлэлт улс орон бүрт өөр өөр байдаг. Тухайлбал тухайн улсын хүний хөгжлийн индекс, анагаах ухааны хөгжлийн түвшин, өвчлөлийн байдал гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд манай орны хувьд харьцангуй боломжийн үзүүлэлттэй байгаа гэж ойлгож болно. Бид хэт их бүтээгдэхүүн бэлтгээд тэр нь захиалга байхгүй бол хугацаа нь дуусаад хаягдал болно гэсэн үг. Тэгэхээр маш зөв тооцож байхгүй бол эдийн засгийн хувьд алдагдалтай.

Монгол Улсын хэмжээнд нийт 50 гаруй жилийн түүхэнд 130 000-140 000 донор байдаг гэсэн тоо баримт байдаг.

-Үхэл амьдралын зааг дээр байгаа хүнийг аврахад том үүрэг гүйцэтгэдэг хүндэт донорууд манайд хэр олон байдаг юм бол. Тэдгээр буянтай хүмүүсийн талаар нийгэм төдийлөн сайн мэддэггүй юм болов уу гэж анзаардаг?

-Сүүлийн жилүүдэд доноруудынхаа судалгааг дахин гаргаж үзсэнээс хүндэт доноруудаа онцолж хэлбэл 1200 гаруй хүн байна. Хүндэт донор гэдэг нь 35 буюу түүнээс дээш удаа цусаа өгч байгаа доноруудыг хэлдэг. Байнгын донор гэдэг нь жилдээ хоёроос дээш удаа цусаа өгдөг доноруудыг хэлдэг. ДЭМБ-ын зөвлөмжөөр байнгын донорууд цусаа өгөх нь цусны аюулгүй байдал хангагдахад үр дүнтэй гэж үздэг. Манайд хамгийн олон өгсөн донор нь 150 гаруй удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн Бум-Эрдэнэ гэж залуу байдаг. Ер нь 100-аас дээш удаагийн өгөлттэй 10 орчим донорууд бий.

Сүүлийн жилүүдэд доноруудынхаа судалгааг дахин гаргаж үзсэнээс хүндэт доноруудаа онцолж хэлбэл 1200 гаруй хүн байна. Хүндэт донор гэдэг нь 35 буюу түүнээс дээш удаа цусаа өгч байгаа доноруудыг хэлдэг. 

-Төрөөс цусны доноруудаа урамшуулах нийгмийн халамж үзүүлэх тал дээр анхаарал хэр тавьдаг бол. Цусны донор ховор болох нь нэг талаас халамж үйлчилгээний урамшуулалтай холбоотой байх уу?

Донорын хувьд нэг зүйлийг онцолж хэлэх нь зүйтэй болов уу. ДЭМБ-аас сайн дураараа, авлагагүйгээр цусаа бэлэглэх нь цусны аюулгүй байдал хангагдахад чухал ач холбогдолтой гэж зөвлөсөн байдаг. Монгол Улсын тухайд 1994 оноос авлагагүй сайн дурын донорын хөтөлбөрт нэгдсэн. Өнөөдөр ч дэлхий дахинд төлбөртэй цусны донорын системтэй цөөнгүй орнууд байдаг. Төлбөртэй системийн цаана тухайн донор өөрийн ямар нэгэн халдвараа нуух, эрүүл мэндээ эрсдэлд оруулах аюултайгаас гадна цусны албаны хувьд уут хүүдий, шинжилгээний зардлаас эхлээд маш их зардалтай байдаг. Манай улсын хувьд Донорын тухай хууль, цусны талаар баримтлах төрийн бодлого зэрэг эрх зүйн актууд батлагдан мөрдөгдөж байна. Мөн Эрүүл мэнд, спортын яамнаас холбогдох тушаал шийдвэрүүд батлагдан хэрэгжиж одоо шинэ стандарттай уялдуулан шинэчлэх ажил хийгдэж байна. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны сайдын тушаалаар 2013 онд батлагдсан шинэ журмаар 2014 оноос эхлэн 35-аас дээш удаа цусаа өгсөн донорууд улсын магадлан итгэмжлэгдсэн амралтанд жилд нэг удаа үнэ төлбөргүй амардаг болсон. Мөн Эрүүл мэнд, спортын яамны сайдын тушаалаар хэдийгээр донорууд эрүүл хүмүүс байдаг ч ямар нэгэн байдлаар эмнэлэгт хандах тохиолдолд харъяа эмнэлэгтээ дугаар харгалзахгүй үйлчлүүлэх, зарим шинжилгээг үнэ төлбөргүй хийлгүүлэх тухай журам батлагдсан бөгөөд дээрх журмыг боловсронгуй болгон шинэчлэн батлуулахаар ажлын хэсэг ажиллаж байна.

Манайд хамгийн олон өгсөн донор нь 150 гаруй удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн Бум-Эрдэнэ гэж залуу байдаг. Ер нь 100-аас дээш удаагийн өгөлттэй 10 орчим донорууд бий.

ЦССҮТ нь мэргэжлийн төв байгууллагын хувьд байнгын идэвхтэн доноруудыг урамшуулах урамшууллын онооны системийг санаачилж үйл ажиллагаандаа нэвтрүүллээ. Тухайлбал циклийнхээ дагуу эрэгтэйчүүд жилдээ зургаан удаа, эмэгтэйчүүд дөрвөн удаа, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгдөг донорууд жилдээ 24 удаа цусаа өгдөг. Ийм хүмүүстээ оноо цуглуулж, онооных нь дагуу тухайн хүнд хэрэгцээтэй зүйлсээр урамшуулах, нийгэмд алдаршуулах мөн байгууллага хамт олонтой нь тухайн донороо урамшуулах тал дээр хамтран ажиллах үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна. Дээрх арга хэмжээнүүд нь донорын эгнээг өргөжүүлэх ялангуяа байнгын идэвхтэн донорын хувийг нэмэгдүүлэхэд тодорхой ач холбогдолтой юм. Цусны алба  2015 оныг нийт доноруудын дунд байнгын донорын эзлэх хувийг нэмэгдүүлж, цусны аюулгүй байдлаа хангая гэсэн зорилтыг тавьж ажиллаж байна. Энэ тал дээр сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулахаар онцгойлон анхаарч байна.

-Олон нийтийн сүлжээгээр тухайн өвчтний ар гэрийнхэн яаралтай цусны донор хайсан зар явуулж байгаа нь ажиглагддаг. Энэ нь тухайн бүлгийн цусны бэлдмэл байхгүйгээс болдог юм болов уу?

-Заримдаа иргэдээс өөрийн цахим хаягаар дамжуулан хэн нэгэнд цус цусан бүтээгдэхүүн шаардлагатай байна гэж мэдээлэл гаргасан тохиолдол гарч байсан. Яг асуудлыг хариуцсан байгууллагатай уулзаж бодит мэдээлэл авахгүйгээр дураараа ингэж хандах нь буруу юм. Богино хугацаанд хадгалдаг их хэмжээгээр нөөцөлж болдоггүй бүтээгдэхүүн яаралтай их хэмжээгээр хэрэгцээтэй болсон үед ялангуяа ховор бүлгийн цус шаардлагатай тохиолдолд бид донорыг дуудах юмуу иргэдийг уриалах тохиолдол  дэлхийн аль ч улс оронд байдаг. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаатай холбоотой гэхээсээ илүү гэнэтийн тохиолдлууд гарч байдаг. За мөн улирлын шинж чанартай зарим цусны бүлгээс хамааралтай бүтээгдэхүүн хомсдох тохиолдол байдаг. Энэ нь тухайлбал манай улсын хувьд зуны улиралд хүмүүс ихэвчлэн амардаг, оюутан залуус мөн амралтын үе таардаг гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалан  доноруудын цус өгөлт харьцангуй буурдаг. Гэхдээ ийм үед бидний хувьд байнгын доноруудаа дуудах, байгууллага хамт олныг уриалах байдлаар хэвийн үйл ажиллагааг ханган хүндрэл гаргалгүй шуурхай шийдэх боломжтой. Бидний хөгжингүй гэж яриад байдаг Япон, Солонгос гэх мэт улсуудад хаана ч очсон ийм асуудал мөн байдаг юм байна.

Манай төвийн хувьд сүүлийн жилүүдэд олгогдохгүй байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээ эрс буурсан. ЦССҮТ-ийн үйл ажиллагаа хэвийн сайн явж байгаа төдийгүй харин ч жил хүртэл хадгалж болдог сийвэнгийн төрлийн бүтээгдэхүүний тодорхой нөөцүүдийг бий болгож чадсан. Харин богино хугацаагаар хадгалдаг эмзэг бүтээгдэхүүний хувьд өдөр бүр л жигд цус цуглуулж байж хангадаг гэдгийг дахин хэлэх нь зүйтэй болов уу. Иймд иргэд иргэний үүргээ ухамсарлан донорын эгнээнд нэгдэж хэлж биш хийсч ирдэг аюул ослоос хэн нэгнээ аврах хүмүүнлэгийн үйлст нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

-Хөдөө орон нутгуудад цусны бэлдмэлийг хэрхэн бэлтгэдэг бол. Аймаг бүрт хүрэлцээ хангалттай байдаг уу?

- Нийт улсын хэмжээний цус цусан бүтээгдэхүүний хэрэглээний 75-77 хувь нь  Улаанбаатар хотын хэмжээнд, үлдсэн 20 гаруй хувь нь аймгуудад хэрэглэгддэг. Улаанбаатар хотод томоохон төрөлжсөн эмнэлгүүд төвлөрдөг, хүнд мэс ажилбар, төрөлт зэрэг олон эмчилгээ үйлчилгээ хийгддэг нөгөө талаас хүн амын талаас илүү нь суурьшин суудагтай холбоотой. Аймгуудын нэгдсэн эмнэлэг зарим сумдад цусны салбар төвүүд ажиллаж тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд шаардлагатай цусыг бэлтгэн хэрэглэж байна. Аймгуудад хэрэглээ харьцангуй бага хангамж сайн боловч сүүлийн жилүүдэд мөн өссөн үзүүлэлттэй байгаа. Бидний хувьд эдгээр төвүүдээ мэргэжил арга зүйн хувьд удирдаж хяналт үнэлгээ хийж ажилладаг.

Нийт улсын хэмжээний цус цусан бүтээгдэхүүний хэрэглээний 75-77 хувь нь  Улаанбаатар хотын хэмжээнд, үлдсэн 20 гаруй хувь нь аймгуудад хэрэглэгддэг.

Өнөөдөр шинжлэх ухаан өндөр хөгжиж байгаа боловч цусыг хиймлээр үйлдвэрлэсэн тохиолдол бол байхгүй. Зарим цусны зарим эсүүдийг тухайлбал хүчилтөрөгчийг зөөвөрлөх үүрэгтэй улаан эсийг хиймлээр гарган ялангуяа нийтийг хамарсан гамшиг, дайн тулааны үед ашиглахаар хуурай нунтаг байдлаар бэлтгэж буй туршлага бий.

-ЦССҮТ нь өөрийн салбаруудаас гадна ямар байгууллагуудтай хамтран ажилладаг бол?

Манай байгууллагын нэг онцлог бол мэдээж эрүүл мэндийн салбарын чухал байгууллагуудын нэг. Дэлхийн олон орны жишгээс авч үзвэл цусны алба нь салбар дундын хамтын ажиллагаа, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшилтэй зайлшгүй нягт хамтран ажиллах шаардлагатай. Монгол улсад 2000 онд анх батлагдаад 2012 онд шинэчлэн батлагдсан Донорын тухай хуульд донорын сургалт, сурталчилгааны ажлыг МУЗН нь төрийн, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж хувь хүмүүстэй хамтарч хийнэ гэж заасан байдаг. Энэ утгаараа МУЗН-тэй цусны алба нь нэлээн ойр ажилладаг. Үүнээс гадна төрийн болон төрийн бус олон байгууллагуудтай гэрээ байгуулж хамтран ажиллаж байна. Төрөөс онцгойлон анхаардгийн тод илрэл нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон гишүүд, шат шатны удирдлага хамт олон цусаа бэлэглэж бусдыгаа уриалж буй явдал юм. Өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын уриалга гарч иргэдийг донорын эгнээнд нэгдэхийг уриалсан. Мөн нэгдүгээр сард бид донорууддаа үйлчилгээгээ ойртуулан Баянгол дүүрэг дээр Монголд анх удаа цус цуглуулах төвийг нээлээ. Үүнтэй холбогдуулан БГД-ийн Засаг дарга мөн дүүргийн иргэд аж ахуйн нэгж хамт олныг уриалсан нь иргэд залууст зөв ойлголт төрүүлэх бодитой алхам болж байна.  Дэлхийн томоохон хотуудад хүн ам ихээр төвлөрсөн газрууд, дүүргүүдэд ийм цус цуглуулах төвүүдийг ажиллуулдаг. Цаашдаа бусад дүүргүүдтэйгээ хамтран ажиллаж, дүүргүүдэд цус цуглуулах төвүүдийг нээж ажиллуулах зорилготой байгаа. Бид эдгээр  төвүүдээс цуглуулсан цусыг төв рүүгээ зөөвөрлөн шинжлэх, бүтээгдэхүүн болгох хадгалах, түгээх үйл ажиллагааг хийх юм.

Жил бүрийн зургадугаар сарын 14-нд “Цусны донорын Дэлхийн өдөр”-ийг зохион байгуулагддаг.

-Зургадугаар сард болох Дэлхийн донорын өдрийг тохиолдуулж ямар ажил хийх бол?

Жил бүрийн зургадугаар сарын 14-нд “Цусны донорын Дэлхийн өдөр”-ийг зохион байгуулагддаг. Энэ өдрийг улсын хэмжээнд зохион байгуулж, тодорхой хөтөлбөр удирдамжийн дагуу зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээг зөвхөн нэг өдөр тэмдэглээд өнгөрөх биш энэ өдрийг угтсан ажлууд, төрөл бүрийн аянуудыг өрнүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд дараа нь үр дүнг нь дүгнэх чиглэлээр үе шаттай ажлуудыг  зохион байгуулсан байна. Мөн цаашдаа төвийн дэргэд донорын сургалт сурталчилгаа, маркетингийн чиглэлээр орон тооны бус хороо байгуулан ажиллахаар төлөвлөж байна. Ер  нь бол цусны албаны үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, цус цусан бүтээгдэхүүний хэрэглээг зохистой байлгах тал дээр эмч мэргэжилтнүүдээ сургах, олон улсын зөвлөхүүдийг урьж ажиллуулах гэх мэт нилээдгүй ажлуудыг санаачлан хийж байна. Тухайлбал өнгөрсөн долоо хоногт эмнэлгүүдийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нарт цус цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээний талаар олон улсын сургалт зохион явууллаа. Мөн анх удаа ЦССҮТ болон аймгуудын цусны салбар төвүүдийн эрхлэгч эмч нарт зориулан цусны албаны үйл ажиллагаанд дотоод аудитийг хэрхэн хийх талаар сургалт хийж, бодит үнэлгээ явуулан үүнээс гарсан санал зөвлөмжийн дагуу үйл ажиллагаагаа хэрхэн сайжруулах талаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Энэ жилийн цусны донорын дэлхийн өдрийг “Амьдрал бэлэглэсэн Донор таньд баярлалаа” гэсэн уриан доор ДЭМБ-ийн гишүүн 190 гаруй улс зохион байгуулна.

Энэ жилийн цусны донорын дэлхийн өдрийг “Амьдрал бэлэглэсэн Донор таньд баярлалаа” гэсэн уриан доор ДЭМБ-ийн гишүүн 190 гаруй улс зохион байгуулна. Энэ хүрээнд сургалт, судалгаа явуулах, эрдэм шинжилгээний ажлуудыг хийж нийтэд таниулах зэрэг олон ажлуудыг төлөвлөсөн байгаа. Манай төвийн хувьд гурван судалгааны ажил хийгдэж байна. Мөн доноруудаа алдаршуулах, нийгэмд хамт олонд сурталчлах, “Хүндэт донор”-ын болзол хангасан доноруудаа шагнах үйл ажиллагаа болно. Жилд дунджаар 80-90 орчим донор Монгол Улсын хэмжээнд хүндэт донорын болзол хангадаг.

Жилд дунджаар 80-90 орчим донор Монгол Улсын хэмжээнд хүндэт донорын болзол хангадаг. 

-ЦССҮТ-ийн хувьд тулгараад байгаа асуудал үндсэндээ байхгүй болжээ гэж ойлгож болох уу. ЦССҮТ нь ойрын ирээдүйд ямар ажил төлөвлөж байна?

Өнгөрсөн жилээс эхлээд сийвэн цуглуулдаг аппаратуудынхаа асуудлыг шийдээд үндсэндээ дөрвөн аппарат зэрэг явж байна. Цуглуулж байгаа цусныхаа хэмжээнд хангалттай хүчин чадлаар ажиллаж байгаа. Тайван үеийн нөөц бол хангалттай бүрдүүлж чадсан. Бидний хувьд 2013 оноос эхлэн манай төвийн шинэ барилгын ажил эхэлсэн. 2015 оны зургадугаар сард ашиглалтанд орохоор барилгын ажлын гүйцэтгэл 80 орчим хувьтай явагдаж байна. Мөн Азийн Хөгжлийн Банкны (АХБ) хөнгөлөлттэй зээлээр шинэ төв  болон 26 салбар төвүүд орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдах юм. Энэ төв ашиглалтанд орсноор үйл ажиллагаа олон улсын стандартад ойртох, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт гурав дахин нэмэгдэх боломжтой болж байгаа. Үүнтэй уялдуулан эмч ажилчдаа сургаж бэлтгэж байна. Эдгээр ажлууд маань 2018 оныг хүртэл шат дараатай явагдах юм.

-Сонирхолтой яриа өрнүүлсэн таньд баярлалаа.