m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.23 02:03
124
Ч.Цогтбаатар: Газрын хэвлийн тухай хуулийг өөрчлөх шаардлагатай

Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Уул уурхайн яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ч.Цогтбаатартай ярилцлаа.

-Газрын хэвлийн тухай хууль анх 1988 онд батлагдсанаас хойш шинэчлээгүй гэдэг. Одоогийн хийх гэж байгаа шинэчлэлийн талаар танилцуулаач?

-Одоогийн тордож байгаа Газрын хэвлийн тухай хуулийг 1988 онд баталсан. Энэ хууль нь Ашигт  малтмалын тухай хууль гарахаас өмнө ашигт малтмал хайх, олборлохтой холбоотой үйл ажиллагаа, түүнтэй холбогдсон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон байгаль орчныг хамгаалах харилцааг зохицуулдаг байсан. Иймд 1994 онд шинээр Ашигт малтмалын тухай хууль гарахаас өмнө манай геологи, уул уурхайн салбарын үндсэн зохицуулалтыг энэ хууль хийж байсан. Одоо ч зураг төсөл, ашигт малтмалыг хаягдал, бохирдол багатайгаар зүй зохистой ашиглах, аврах, аюулгүй ажиллагаа зэрэг хайгуул, олборлолтын техник, технологи үйл ажиллагаатай  холбоотой зохицуулалт нь хэвээр мөрдөгдөж байна. Харин одоо энэ хуулийг шинэчлэхээр ажлын хэсэг ажиллаж байна. Манай салбарын тухайд Газрын хэвлийн хуулиар зураг төслөөс нь эхлээд газрын хэвлийд аюулгүй, үр ашигтайгаар газрын хэвлийг ашиглах, газрын хэвлийн геологи хайгуулын судалгааг үр ашигтай явуулах, хамгаалах ажиллагааг зохицуулалтыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай байгаа. Энэ хууль зөвхөн геологи хайгуул, ашигт малтмалын ашиглалтын салбарын асуудал биш, бусад олон салбартай холбоотой. Тиймээс холбогдох яамд, төрийн байгууллагын төлөөллийн хүмүүс ажлын хэсэгт орж ажиллаж байна. Барилга барих, зам тавих, шугам сүлжээ, хог хаягдлыг булах, зоорь, хүлэмж барихад газар ухаж суурийг нь тавихаас гадна газрын хэвлийд барьж байгуулдаг. Тиймээс барилга, хот байгуулалт, хүнс, хөдөө аж ахуй, зам тээврийн асуудлыг хариуцдаг байгууллагууд төдийгүй хотынхон ч газрын хэвлийтэй холбогдох учиртай. Бусад хуультай уялдуулах шаардлагатай байна.

Энэ хууль зөвхөн геологи хайгуул, ашигт малтмалын ашиглалтын салбарын асуудал биш, бусад олон салбартай холбоотой

-Хуулинд яг ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ. Ямар учраас өөрчилж байгаа вэ?

-Өнгөрсөн оны нэгдүгээр сард “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах  бодлого” УИХ-ын 18 дугаар тогтоолоор батлагдсан. Энэ тогтоолд: “бодлогын зарчим, зорилтод нийцүүлэн эрдэс баялгийн салбарын холбогдох хуулиудын төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлж, батлуулан, хэрэгжүүлж ажиллах”-ыг  Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Тиймээс Уул уурхайн яам салбарын хэд хэдэн хуулийг УИХ-аар хэлэлцүүлж,  батлуулсан юм. Газрын хэвлийн тухай хуулийг шинэчлэх асуудал үлдээд байна. Уг хуулийг өнөөгийн нөхцөлд зайлшгүй өөрчлөхөөс аргагүй болсон гэдгээ дээр хэлсэн шүү дээ. Тухайлбал, үг хэллэгийн хувьд тохирохгүй, эдийн засгийн огт өөр нөхцөл байдал үүссэнтэй холбогдон хэвлийг хөндөж үйл ажиллагаа эрхлэх зохицуулалтыг шинэчлэх шаардлага тулгамдаж байгаа юм.

-Хууль шинэчлэн батлахаар түүнийг дагаад бусад салбарын хуульд өөрчлөлт, нэмэлт оруулах шаардлагатай болдог. Газрын хэвлийн тухай хууль шинэчлэгдсэнээр дагаж гарах дүрэм журам бий юу?

-Харьцангүй гайгүй. Сүүлийн үед газрын хэвлийд оролцогчдын тоо нэмэгдэж байгаа. Тухайлбал, уул уурхайн үйл ажиллагаа явуулах, газрын хэвлийд барилга байгууламж барих, геологийн судалгаа хийх үйл ажиллагаа ихэссэн. Өнөөгийн нөхцөлд газрын хэвлийг хөндөж харьцаж байгаа иргэд, хуулийн этгээд, аж ахуйн нэгжийн зориулалтууд өөр өөрөөр тавигдаж эхэлсэн гэж хэлж болно. Үүнтэй уялдуулаад Ашигт малтмалын тухай хууль, Газрын тухай хууль, Цөмийн энергийн тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Байгаль орчны тухай хуулиудтай Газрын хэвлийн тухай хуулийг яаж нийцүүлэх вэ гэсэн асуудал бий. Эдгээр хуулийн үзэл санаатай давхцуулахгүйгээр, орхигдсон, хаягдсан зүйлүүдийг нэмж оруулахыг зорьсон. Хэрэв зарим заалт давхцвал аль хуулийг нь эхэлж хэрэгжүүлэх, аль хуультай зохицуулж тааруулах вэ гэдгийг ажлын хэсэг ярилцаж байгаа. Газрын хэвлийн одоогийн мөрдөж байгаа хуульд хуулийн үйлчлэх хүрээ, нэр томьёоны тодорхойлолтын зүйл байхгүй тул түүнийг нэмж оруулан хуульд ашиглагдаж байгаа нэр томьёог бусад хуулийн зүйл, заалттай нийцүүлэн нэг мөр болгох нь зүйтэй байна. Ингэснээр манай улс газрын хэвлийн нэгдсэн бодлого, зохицуулалт, улсын нэгдсэн сантай болох юм.

-Уг хуулийн бүтцийн талаар тодруулж болох уу?

-Хуулийн төсөл нь нэлээд хэдэн ерөнхий бүлэгтэй байна. Тухайлбал, газрын хэвлийн талаарх төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх, үүргийг заасан. Мөн газрын хэвлийн асуудлаар УИХ, Засгийн газар, холбогдох төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын эрх, үүргийг тодорхойлно. Түүнчлэн газрын хэвлийн улсын нэгдсэн санг тодорхойлсон байгаа. Геологийн судалгаа, ашигт малтмал, газрын тос, уламжлалт бус газрын тос, цацраг идэвхт, түгээмэл тархацтай ашигт малтмал, газрын доорх усны эрэл, хайгуул, инженер геологийн судалгаанд тавигдах шаардлага, түүний мэдээллийн бүртгэл, хяналт, зохицуулалтыг тусгана. Мөн газрын хэвлийн судалгаа, ашиглалт, хамгаалалтад тавих төрийн  хяналтыг хэрэгжүүлэх, газрын хэвлийн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг зохицуулах гэсэн бүтэцтэйгээр энэ хуулийг боловсруулсан.

-Газрын хэвлийн тухай хууль нь барилгын салбарт хамаатай гэж та хэлсэн. Өмнө нь энэ тухай бодож байгаагүй юм байна. Хэрэв иргэн өөрийн эзэмшлийн газартаа байшин барих болвол газрын хэвлийн тухай хуулийг харах шаардлагатай болж байгаа гэсэн үг үү?

-Уул уурхайн бус өөр зориулалтаар газрын хэвлийг хөндөх асуудлыг зохицуулах заалт байгаа. Хүмүүс ихэвчлэн уул уурхай, геологийн судалгаа, эрэл хайгуултай холбож ойлгох нь бий. Гэхдээ бусад зориулалтаар ашиглах гэсэн бүлэг бий. Тухайлбал, барилга байгууламжийн асуудлыг хэлж болно. Газар ашиглалтаар газрын дор байхаас гадна газрын хэвлий дээр эрхэлж буй үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах асуудал гарч байгаа юм.  Тухайн үед зөвхөн газар доорх барилга байгууламж, далд уурхай яригддаг байсан бол өнөөдөр газрын хэвлийг хөндөж үйл ажиллагаа эрхлэх болсон. Жишээлбэл, иргэд, хуулийн этгээд граж, зоорь, гарц, тунель барих гэх мэтээр газрын хэвлий рүү орж байна. Тиймээс Уул уурхайн яамнаас гадна Барилга хот байгуулалтын яам, БОНХАЖЯ, Газрын шинэтгэл, геодези зураг зүйн газруудтай хамтарч ажиллаж байгаа юм.

-Ямар нэгэн компани хариуцлага алдвал газрын хэвлий бохирдоно. Энэ тохиолдолд тухайн этгээдэд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Энэ тал дээр нэлээн их зохицуулалт хийж өгч байгаа. Тухайлбал, газрын хэвлий химийн хорт бодисоос бохирдох, хэвлий гэмтэх, хэвлий дэх соёлын өвийг хамгаалах зохицуулалт, төрийн хяналт, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар тодорхой заалт оруулж байгаа. БОНХАЖЯам өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа. Мөн малын халдварт өвчин их гардаг болсон. Өвчтэй малыг газрын хэвлийд булшлах асуудал гардаг. Тиймээс улсын мэдээллийн нэгдсэн санд бүртгэж оруулах юм.

-Газрын доорх баялгийг ухах гэж байгаа компани эзэмшиж байгаа газраа өөрийн өмч гэдэг. Гэтэл тэр нь үнэн хэрэгтээ ард түмнийх шүү дээ. Тэгэхээр энэ харилцааг уг хуульд тусгасан уу?

-Тухайн газрын хэвлийд үйл ажиллагаа явуулбал хэн нэгний эзэмшилд бүрэн орсон  гэж ойлгож болохгүй. Газрын хэвлий дэх баялаг төрийн өмч, ард түмний хамгаалалтад байна гэсэн Үндсэн хуулийн зарчимтайгаа уялдана. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуул хийх юм уу, тухайн ордыг ашиглахаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль гэх мэт салбарын бусад хуульд заасны дагуу тодорхой хугацаатайгаар эзэмшдэг, гэрээ хийж үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр хуулинд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг тодорхой заасан байгаа.

-Хуулийн төсөл батлагдсаны дараа үүсэх эдийн засаг болон хууль зүйн үр дагавар нь юу вэ?

-Газрын хэвлийн тухай энэхүү хууль нь газрын хэвлийд аливаа үйл ажиллагаа явуулах, үүний дотор газрын хэвлийд геологийн судалгаа хийх, ашигт малтмал хайх, ашиглах, мөн барилга байгууламж барих, түүнийг ашиглах, хамгаалахтай холбогдсон аливаа хууль эрх зүйн баримт бичгийн суурь, хууль эрх зүйн орчныг тодорхойлж байх үндсэн шаардлагыг ханган Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Цөмийн энергийн тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай болон бусад хуульд нэгэнт тусгагдсан газар, түүний хэвлийтэй харьцах нийгмийн олон талт харилцааг зохицуулж газрын хэвлийг судлах, ашиглах, хамгаалах тухай салбар органик хуулиудын шинэчилсэн үзэл баримтлал бүхий эх хууль нь байх болно. Энэхүү хууль нь зах зээлийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд нийцсэн үзэл санаа, бүтэц, нэр томьёо, хэллэгтэй болно. Газрын хэвлийн улсын мэдээллийн сангийн бодлого боловсронгуй болж, Засгийн газрын холбогдох байгууллагуудын уялдаа сайжрах ба аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон гүйцэтгэх засаглалын ажлын зааг, ялгаа тодорхой болж хариуцлагын тогтолцоо сайжирна. Газрын хэвлийд геологийн судалгаа хийх, ашигт малтмал олборлох, барилга байгууламж барих, ашиглах, зураг төсөл зохиоход тавих шаардлага, бусад зориулалтаар ашиглах аливаа үйл ажиллагааны эрх зүйн үндэс тодорхой болж газрын хэвлийг ашиглагчийн эрх үүргийн хэрэгжилт сайжирна. Газрын хэвлий ашиглагчид тавих үндсэн шаардлагыг тодорхой болгон холбогдох хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг дээшлүүлснээр газрын хэвлийн зохистой ашиглалтын үр өгөөжийг дээшлүүлэн хүн, байгаль орчинд аюулгүй, эх орны ирээдүйн хөгжлийн суурь, үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад нийцсэн байх болно. Түүнчлэн газрын хэвлийг ашиглагч хуулийн этгээдийн эрх үүргийг тодорхой болгож, хуульд заасан эрх ашгийг хамгаалж, хэм хэмжээг мөрдөн сахихын зэрэгцээ зах зээлийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжсэн байна. Хууль батлагдсанаар геологи, уул уурхай, газар доорх байгууламж эрхлэх үйл ажиллагааг аюулгүй явуулах, зураг төслийг төлөвлөх нөхцөл бүрдэж хууль зүйн зөрчил, давхардал, хийдлийг арилгана. Хуульд холбогдох хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа эрхэлж байх үед өөр хуулиар зохицуулагдах асуудал тулгарвал уг асуудлыг  давхар тусгай зөвшөөрөл олгох замаар шийдвэрлэнэ. Энэхүү хууль бусад хуультай зөрчилдөхгүй бөгөөд нийгэм, эдийн засагт нөлөөлөх болон ямар нэг сөрөг үр дагаваргүй.

-Аливаа шийдэл гаргах, хууль боловсруулах, төсөл батлахдаа салбарынхаа эрдэмтэн, мэргэжилтнүүдийн оролцоог хангаж чадахгүй байгаа тухай шүүмжлэл гардаг. Энэ хуулийн төсөлд хэчнээн хүн ажиллаж байна. Хүмүүсийн оролцооны тухайд?

-Энэ хуулийн талаар өргөн хэлэлцүүлэг явуулна. Одоогоор ажлын хэсгийнхэн хуулийн төслийг боловсруулсан. Өнгөрсөн онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Түүнээс өмнө “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг УИХ-аас мөн баталсан. Дээрх бодлого, хуульд эрдэс баялгийн салбартай холбоотой аливаа асуудлыг бодлогын зөвлөлийн дүгнэлт, саналыг үндэслэн гаргах зохицуулалтыг хийж өгсөн. Эрдэс баялгийн бодлогын зөвлөлийг Уул уурхайн сайдын тушаалаар 35 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Эрдэс баялгийн салбарын хууль эрх зүйн аливаа баримт бичгийг уг зөвлөлийн зөвлөмж, дүгнэлтгүйгээр УИХ-д оруулж хэлэлцүү­лэх боломжгүй болсон. Энэ зөвлөлд төрийн байгууллагын төлөөлөл болон салбарын эрдэм­тэн, хувийн хэвшил, мэргэж­лийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон байдаг. Тиймээс Газрын хэвлийн тухай хуулийг ч уг зөвлөлөөр хэлэлцүүлж зөвлөмж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр тэдний санаа бодол шинээр батлуулах хуульд тусгагдана.

-Одоо ид ажлын үе эхэлж байна. Гэтэл газрын хэвлийн тухай хуулийг шинэчлэн батлуулах нь. Тэгэхээр хөрөнгө оруулагчдад хүлээлт үүсэх вий гэх болгоомжлол байна?

-Газрын хэвлийн тухай хууль одоо ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Нэг их хүлээлт үүсгэхээр зохицуулалт орохгүй гэж үзэж байна. Хамгийн гол газрын хэвлийг ашиглахдаа эхнээс нь зураг төслийн дагуу, аюулгүй, хаягдал, бохирдол багатайгаар ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой зохицуулалтыг хийж өгнө. Мөн газрын хэвлийтэй холбоотой ямар үйл ажиллагаа хаана явуулж байна тэр нь мэдээллийн нэгдсэн санд ордог байх шаардлагатай.