m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.23 02:35
460
Р.Санжжав:Итгэл зүтгэл амжилтын үндэс юм

Монгол орны өнцөг булан бүрт жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй баялаг бүтээгчдээ бид дэмжих учиртай. Тиймээс “Масс агентлаг”-аас “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж тэдний үйл хэргийг олон нийтэд үнэ төлбөргүй сурталчилж байгаа билээ.

Төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд үйл ажиллагаа явуулдаг “Баян таян” сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийг зорилоо. Тус үйлдвэрийн брэнд бүтээгдэхүүн бол хуруухан, чигчийхэн, эрхийхэн нэрийн чипсэн ааруул бөгөөд одоогоор таван ажилтантай үйлдвэрлэлээ явуулж байна. 

Үүсгэн байгуулагч Р.Санжжав хэдэн жилийн өмнө зам тээврийн осолд орж хөдөлмөрийн чадвараа 60 хувь алджээ. Тэрбээр эхнэр, хоёр охинтойгоо ярилцаж малчин болохоор шийдсэн байна.

Р.Санжжав хэдэн жилийн өмнө зам тээврийн осолд орж хөдөлмөрийн чадвараа 60 хувь алджээ

Хөдөлмөрийн чадвараа алдсан ч мал маллах ухааныг ааваасаа сурсаны ачаар тэдний гэр бүл 600 гаруй толгой малтай болжээ. Харамсалтай нь 2008 онд Говь-Алтай аймагт үер бууж хэдэн жил өсгөж үржүүлсэн мал сүргээ алдаж, гэр орон нь ч үерт автжээ.

Гэсэн ч Р.Санжжав шантралгүй зүтгэсээр аймгийн төв орж дахин амьдралаа босгохоор сэтгэл шулуудсан байна. Түүний аав сарлагийн сүргийг өсгөн үржүүлэхэд хувь нэмрээ оруулж байсан нэгэн бөгөөд хөдөлмөр зүтгэлийг нь төр засгаас өндрөөр үнэлж “Улсын аварга малчин” цолыг хүртээжээ.

Р.Санжжав шантралгүй зүтгэсээр аймгийн төв орж дахин амьдралаа босгохоор сэтгэл шулуудсан байна

Түүнчлэн Р.Санжжав бага наснаасаа малын зах дээр өссөн ба дунд сургуулийн сурагч байхдаа үнээ сааж саалиа боловсруулдаг байсан талаараа хуучиллаа. Тиймээс л амьдралд ойрхон, чаддаг ажлаа хийе хэмээн шийдэж гэргий Ж.Энхтуяатайгаа сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ.

Амьдралд ойрхон, чаддаг ажлаа хийе хэмээн шийдэж гэргий Ж.Энхтуяатайгаа сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ

Р.Санжжавын амьдрал мал аж ахуйтай салшгүй холбоотой. Тэрбээр 1992 онд ХААИС-ийг мал зүйч мэргэжлээр төгсөж Говь-Алтай аймгийн ерөнхий мал зүйчээр ажиллаж байсан юм.

Одоогоор тэд амьдарч буй байрныхаа нэг өрөөнд үйлдвэрлэлээ явуулж байгаа ба цаашид зориулалтын ажлын байр тоног төхөөрөмжтэй болох зорилготой.  Түүнчлэн тэд Говь-Алтай аймагт суралцдаг гурван оюутныг ажиллуулж 200 мянган төгрөгөөр цалинжуулдаг байна.   

Одоогоор тэд амьдарч буй байрныхаа нэг өрөөнд үйлдвэрлэлээ явуулж байгаа ба цаашид зориулалтын ажлын байр тоног төхөөрөмжтэй болох зорилготой

“Чихэрний оронд чипсэн ааруулыг сонгоорой” уриатайгаар ажиллаж буй Р.Санжжав болон түүний гэр бүлийнхэн үйлдвэрлэлээ эхлээд удаагүй байгаа ч  чипсэн ааруулаа Говь-Алтай аймгийн брэнд бүтээгдэхүүн болгож чаджээ.

Чипсэн ааруулаа Говь-Алтай аймгийн брэнд бүтээгдэхүүн болгож чаджээ.

Мөн “Баян таян” сүү сүүн бүтээгдэхүүний цехт ааруул, аарц, тараг, чихэртэй болон шөлний аарц үйлдвэрлэхийн зэрэгцээ шар тосоор багсарсан арвайн гурилыг зуурч идэхэд бэлэн болгож худалдаалдаг юм.  

Хүн өөрөө л хөдөлмөрлөж аливаа тохиолдсон бэрхшээл бүрийг давж чадах сэтгэлийн хаттай байвал эх орондоо ямар ч баялгийг бүтээдгийн тод жишээ энэ юм.

Говь-Алтай аймаг,Есөнбулаг сум "Баян таян" сүү,сүүн бүтээгдэхүүний цех

Холбоо барих: Р.Санжжав 98-20-47-74

                        Ж:Энхтуяа 99-48-87-73