m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.23 09:07
212
Т.Доржоо: Оргилд хүрсэн амт, чанарыг орон нутагтаа бид үйлдвэрлэнэ

Дорнод аймгийн "ОРУМ" ХК мах махан бүтээгдэхүүний "Meatland" болон "IceBerg" сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэртээ нутгийн хэрэглэгчдийн таашаалд нийцсэн органик бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг бөгөөд тэд "Оргилд хүрсэн амт, чанарыг орон нутагтаа бид үйлдвэрлэнэ" уриаг гол зорилгоо болгон ажилладаг аж. Үйлдвэр байгуулагдаад гурван жил болж байгаа бөгөөд анх дөрвөн найз нийлээд өөрсдийн хувийн хөрөнгөө барьцаалж, зайрмагны цехийнхээ тоног төхөөрөмжийг авсанаар үйлдвэрийнхээ тулгын галыг асааж байж. Эхний хоёр жилдээ зээлээ эргүүлэн төлөх, ажилчдынхаа цалин хөлс гээд эдийн засгийн хувьд ихэд эмзэг байсан бол одоо харьцангуй сайжирч байгаа юм байна. Тус үйлдвэр одоогоор зургаан төрлийн хиам таван төрлийн зайрмаг, хоёр төрлийн тараг, хоёр төрлийн хүүхдийн хөлдүү тараг үйлдвэрлэж байна.

Үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Т.Доржоо ийнхүү ярьж байлаа.

-Манайх 18 ажилчинтайгаар хоногт 8-10 цагийн хооронд үйлдвэрлэл явуулж байна. Түүхий эдээ нутгийн иргэд аж ахуй, худалдааны төвүүдээс авдаг бөгөөд хиамыг муу махаар хийдэг гэсэн нэгдсэн ойлголтыг эвдэж чанартай сайн махаар хийх зорилгыг өвөртөлдөг учраас бид үхрийн сайн мах худалдаж авдаг.

Эхэн үедээ хүмүүс манай бүтээгдэхүүнийг таньдаггүй байсан бол одоо бол нутгийн иргэдийн хэрэглээ болж чадсан. Өвөлдөө өдөрт 300-400 литр тараг, зундаа 10-аад мянган зайрмагийг зарж борлуулж байна.

Мөн хиам нэлээдгүй зарагддаг бөгөөд хүмүүсийн өдөр тутамдаа хэрэглэдэг Туна хиам өдөрт 400-500 кг зарагддаг. Тэгэхээр одоо бол ерөнхийдөө санхүүгийн бэрхшээлээ давж гараад цаашдаа үйлдвэрээ өргөжүүлэх, бүтээгдэхүүнийхээ төрөл зүйлийг олшруулах гээд дараагийн ажлуудаа төлөвлөж эхэлсэн.

-Орон нутагт тэр дундаа хүнсний үйлдвэрүүдэд гардаг бэрхшээлүүд юу байдаг вэ?

-Ерөнхийдөө үйлдвэрээ байгуулж эхлэж байх тэр санхүүгийн хүнд үе болон боловсон хүчнээ сургаж зүгшрүүлэх тэр нэг хэсэг эмзэг үеэ давчихвал үйлдвэрлэл явуулахад нэг их хэцүү зүйл байхгүй. Яахав гол нь зах зээл бага байх нь нэлээд хүндрэлтэй байдаг ч чанартай сайн бүтээгдэхүүнээрээ хүмүүст танигдаж, орон нутагтаа таарсан зах зээлээ мэдэрч чадвал болно доо. Ерөнхийдөө чанар л гол үзүүлэлт. Тийм ч учраас манайх “Оргилд хүрсэн амт чанарыг орон нутагтаа бид үйлдвэрлэнэ” гэсэн зорилго тавиад ажилладаг юм.

-Танайхтай ижил төстэй үйлдвэрлэл явуулдаг байгууллагаас юугаараа ялгаатай вэ. Бүтээгдэхүүний онцлог?

-Мэдээж байлгүй яахав. Гэхдээ бид "өөр үйлдвэр хаана юу хийж байна гэхээсээ илүү бид юуг яаж хийх үү" гэдгээ л чухалд үздэг. Манай үйлдвэрийн бүтээгдэхүүн чанартай, амттай, гэдэгтээ  итгэлтэй байдаг. Одоохондоо нутгийн иргэд маань нийслэлийн томоохон үйлдвэрийн мах махан бүтээгдэхүүнийг хэрэглэдэг хэвээрээ байгаа ч бид удахгүй амт чанараараа тэдгээр бүтээгдэхүүнээс давж гарна гэсэн том зорилго тавиад ажиллаж байна.

Тус үйлдвэрийн бүтээгдэхүүн ерөнхийдөө нутгийн зах зээлийн нэлээдгүй хувийг эзлэж байгаа нь Зүүн бүсийн худалдааны төвийн хүнсний лангуунуудаас харж болох юм. "ОРУМ" ХХК-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэдэг хэрэглэгчдийн тоо өдөр ирэх бүр өссөөр байгаа талаар худалдагч нар ярьж байлаа.