m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.24 05:35
202
П.Эрдэнэцогт: Үйлдвэрлэл явуулахад сэтгэлээсээ юм хийх л хамгийн чухал

Анх Сүхбаатар аймагт ахуй үйлчилгээний төв гэж нээгдэж байхад 15 настай хүүхэд ажилд орж, үүнээс хойш 40 гаран жил мэргэжлээрээ ажиллаж буй П.Эрдэнэцогт гуай "хүнтэй зөв харилцвал ямар ч бизнес амжилтанд хүрч болох юм байна гэдгийг сүүлийн 10 жилд ойлгож авсан" хэмээн ярьж байлаа. Тэрбээр шинээр бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна, хэрэглэж байсан хуучин сав суулганд засвар хийж янзлах, гагнах, ёроолыг нь солих гэх мэт үйлчилгээг хийж өгдөг аж.

Хэрэглэгчдийнх нь дийлэнх хувь нь малчид бөгөөд тэднийхээ хүсэл сонирхолд нийцүүлж, сайтар хамтын ажиллагаатай байж сэтгэлд нь хүрсэн бүтээгдэхүүнийг хийдэг бөгөөд загвар дизайны хувьд судалгаа сайн хийхийн зэрэгцээ хэрэглэгчдээс ч мөн шинэ санаа орж ирдэг байна.

Хүмүүс түүнээс бараа авахаар сум, орон нутгаас шөнө дөлөөр ч ирдэг учир тэдний хамгийн их авдаг бүтээгдэхүүнийг бэлдээд тавьчихдаг төдийгүй, их хэмжээний бараа бүтээгдэхүүн авахад нь холоос ирсэн унааны зардлыг нь бодож, хөнгөлөлт үзүүлдэг учраас нэг үйлчлүүлсэн хүн ихэвчлэн байнгын хэрэглэгч нь болдог байна. 

-Таны бүтээгдэхүүн ижил төстэй бүтээгдэхүүнүүдээсээ юугаараа ялгаатай байдаг вэ? Түүхий эдээ хаанаас авдаг уу?

-Хятад болон Улаанбаатар хотоос арай илүү хийц загвар сайтай бүтээгдэхүүнүүд ирдэг ч харилцагчидтайгаа байнгын сайн холбоотой байдаг учраас зах зээлээ алддаггүй. Мөн үйлчлүүлэгчид  шинэ бүтээгдэхүүн худалдаж авахаасаа илүү хуучин зүйлээ засуулах гэж их ирдэг. Түүхий эдээ нийслэлд байх 10 гаран жил хамтарч ажилласан нэг байгууллагаас авдаг. Олон жил найдвартай хамтарч ажилласан учраас хэрэгцээтэй төмрөө захиад ирснийх нь дараа бүтээгдэхүүнээ хийж, зараад мөнгөө өгч болдог юм.

Иргэд хятадын загвар сайтай төмөр хувинг авсан ч нөгөөх нь амархан салаад уначихдаг. Эргээд нааж гагнуулах гэхээр засвар авдаггүй гэмтэй. Тийм учраас би эндээ үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнээ чанар сайтай байлгахыг эрхэм зорилгоо болгож ажилладаг. Жишээ нь хятад хувин 0.3 мм-ийн нимгэн төмрөөр хийсэн байдаг бол миний хийдэг бүтээгдэхүүн 0.5 мм-ийн төмрөөр хийсэн байдаг.

Мөн төмөр хийц гагнуураасаа их шалтгаалдаг бөгөөд хуучны аргаар эхлээд кисолдагаа түрхээд галд халаасан гагнуурынхаа аппаратаар тугалга барьж наана. Ингэж хийснээр хэрийн бол эвдэрдэггүй. Тийм ч учраас хэрэглэгчдийн таашаалд нийцэж чаддаг.

-Та хүүхдүүддээ энэ эрдмээсээ хэрхэн зааж өгдөг вэ. Ер нь хэдүүлээ ажилладаг уу?

-Манай хүүхдүүд өөрсдөө их сонирхолтой, гарын дүйтэй л дээ. Яг дуурайгаад төмрөөр юм хийдэг нэг хүү бий. Ихэвчлэн тэр хүүтэйгээ хоёулаа хийдэг ч шаардлагатай үед туслах авдаг. Тэгэхдээ хөдөө таргийн таван малтай, хашаандаа гурван морьтой учраас хааяа хүүгээ хөдөө явуулахгүй бол болдоггүй. Тэр үед нь өөрөө л юмаа хийчихдэг. Малчидтай хааяа бүтээгдэхүүнээ  малаар сольдог болохоор цуглуулсаар байгаад амжиргаандаа нэмэр болохуйц хэдэн малтай болсон юм.

-Таны бүтээгдэхүүнээс хамгийн их гүйлгээтэй ямар бараа байдаг вэ?

-Яндан, түлшний авдар, яндангийн хаалт, саалийн хувин гэх мэт ер нь бүгд гүйлгээ сайтай байдаг. Бас барилгын материал буюу агааржуулагч, салхивч гэх мэт байна. Ер нь зүгээр суух зав гардаггүй шүү. Цаг хугацааг хожиж л юм хийхгүй бол хөдөөний иргэд чинь захиалга өгч ирэхгүй. Зав зайгаараа гэнэт хүрээд ирэхэд нь хүссэн бүтээгдэхүүнийг нь бэлэн байлгах хэрэгтэй. Тэгэхгүй бол хаа холоос ирээд захиалаад дараа нь буцаж ирж авах, эсвэл хүлээж байгаад аваад явах гэх мэт боломж нь байдаггүй юм.

-Танд ийм л юм хийчихмээр байна даа гэсэн бодол байдаг уу?

-Байх нь байна.  Одоо чинь мэдээллийн эрин зуун болчихсон. Барилгын материалын салхивчийг их чанаргүй хийдэг. Тэрийг уг нь 0.6 мм-ийн төмрөөр хийх ёстой байтал хүмүүс 0.3 мм-ийн нимгэн төмрөөр хийгээд байдаг. Тэгэхээр чанар муутай болчихдог юм. Уг нь барилгын гол зүйлийн нэг нь байхгүй юу. Даанч чанаргүй хийгээд нөгөөх нь салхинд савчаад уначихдаг. Тэгэхээр их муухай харагддаг. Материалынхаа сонголтонд таарахгүй, үнэ нь болохгүй гэх мэт зовлон их байдаг. Манай энд л гэхэд 200 гаран барилга барьчихсан хэрнээ усны цооног огт байдаггүй. 150 барилгад нэг цооног хийхэд л тэр хавийнхаа бүх зүйлийг усаар хангах боломжтой байдаг юм. Тийм л зүйл хийх санаа өвөрлөж явдаг ч хөрөнгө мөнгө, төсөв дээрээ үзэл бодол нийлдэггүй юм даа.

-Шинээр хийлгэхээс илүү засуулах гэж их хүмүүс ирдэг юм шиг байна?

-Тийм ээ. Уг нь материалаас нь шалтгаалж төмөр эдлэл ихэнх нь засвар сайн авдаг. Хүмүүс ёроол нь салж унасан хувин, сав, түлшний хайрцгаа засуулах гээд их ирдэг юм. Харин хятадын бүтээгдэхүүнүүд аваад эвдэрсэн л бол хаяхаас өөр арга байдаггүй. Ямар ч засвар авдаггүй.

-Та энэ эрдмээ өөр хүнд заагаад сургачих юмсан гэсэн бодол байдаг уу?

-Байлгүй яахав. Манай шавь нар сумдаар тараад явцгаачихсан. Түвшинширээт гэж их сайн хүү бий. Манай хүү бас их уран шүү. Би өөрт нь хэлдэггүй юм. Манай нутгийн ард түмэн их элэгтэй байдаг даа. Заасан заагаагүй хийчихдэг их дүйтэй хүү дээ. Би өөрөө дөрвөн хүүтэй. Манай хүүхдүүд хаа ч явсан хүнд гологдохгүй юм хийчихнэ шүү.

-Уран дархан гэдэг хүн өөрийн шавь нартаа хамгийн голчилж сургадаг зүйл юу вэ?

-Нэгдүгээрт эсгүүр сайн хийж сурах хэрэгтэй. Тэгээд хүнтэй харьцах харилцаа хамгийн чухал. Хүн юм хийж чаддаг байж болно. Тэрэндээ эрдэж болохгүй. Хүнээс үг сайн сонсдог байх хэрэгтэй. Эсгүүрийн загвар бол гадуур дүүрэн байдаг. Хаячихсан хувинг задлаад л эсгүүр хийж болно. Хийе гэсэн сэтгэл байх юм бол болохгүй зүйл гэж байдаггүй шүү л гэж хэлдэг дээ.

-Танд үйлдвэрлэл эхлүүлж байгаа баялаг бүтээгчдэд зориулж хэлэх үг байна уу?

-Хамгийн гол нь хэрэгцээ байна уу. Өрсөлдөгч хэр их байна гэдгээ нарийн судлах хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол хэчнээн сайн байгаад бүдэрч байгаа хүмүүс бас байна шүү дээ. Талхны цех ажиллуулдаг хүнээс би хэдэн хүн нь талх иддэг бол гэж асуудаг. Ер нь сайн судлах л хэрэгтэй дээ. Хэрэгцээ байх нь л гол тулгуур шүү дээ.