m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.27 03:31
375
Н.Оюундарь:Нам итгэл үзүүлбэл 2016 онд нэр дэвшинэ

“Масс зочин”булангийнхаа энэ удаагийн эрхэм зочноор Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарийг урилаа.  Түүнийг хүмүүс “Blue mon”-ын Н.Оюундарь гэдгээр нь илүүтэй мэднэ. Тэрбээр сэтгүүлч миний хүсэлтийг хүлээн авч урьсан юм.  Ингээд энгийн хирнээ эрхэмсэг хатагтай нарын нэг Н.Оюундарьтай хийсэн ярилцлагаа хүргэе.

- Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Юуны өмнө төрж өссөн газар, аав ээжийнхээ талаар танилцуулахгүй юу?

- Би Улаанбаатар хотын нэгдүгээр 40 мянгатад төрж өссөн. Монголчууд бид өвөг дээдсийнхээ нутгаар овголсоор ирсэн. Тиймээс би Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат юм. Харин ээж маань Сэлэнгэ аймгийн Мандал сумын хүн. Би нэг нас хүрээгүй байхдаа хөшин аав,ээждээ үрчлэгдсэн.Аав маань Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат арьс ширний үйлдвэрийн орлогч захирал дараа нь Москва хотод хөнгөн үйлдвэрийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Төрүүлсэн ээж маань герман хэлний орчуулагч мэргэжилтэй. Тухайн үеийн Гадаад явдлын яам болон Герман улсын мэдээллийн агентлагт ажиллаж байсан юм.  Би өөрөө хөгшин ааваараа овголдог. Аавыг минь н.Наваан Юндэн гэдэг. Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул. Тэрээр таван настайдаа ноён ширээ залгаж, Монголын хамгийн сүүлийн угсаа залгасан ноён байсан. Дараа нь 13 настайдаа отог жинсээ Ардын засгийн үед өөрийн хүсэлтээр хүлээлгэж өгсөн гэдэг. Хэдийгээр аав маань угсаа залгамжилсан сурвалжит ноён байсан ч Ардын засагт мөн л зүтгэж байсан хүн. Өргөж авсан ээж маань өнөөдөр 94 настай энх тунх амьдарч байна. Би өглөө бүр ажилдаа явахдаа хөгшин ээж дээрээ очиж үнсүүлдэг. Орой ч мөн ээж дээрээ очоод амар мэндийг нь мэдээд харьдаг даа. Ээжийгээ асарч халамжлах нь миний болон дүү нарын минь үүрэг. Аав, ээж минь бидэнд эрдэм номтой байх хэрэгтэй гэдгийг үргэлж захиж сургарсаар ирсэн. Тиймдээ ч бид эрдмийн мөр хөөснөөр сайн сайхан амьдарч байна.

Аав минь таван настайдаа ноён ширээ залгаж, Монголын хамгийн сүүлийн угсаа залгасан ноён байсан

- Настай хүмүүстэй өссөн хүүхдүүд томоотой болчихдог. Та тийм байсан уу?

- Харин ч үгүй. Би багадаа их дэггүй охин байсан. Би багадаа их сахилгагүй охин байсан. Голчлон эрэгтэй хүүхдүүдтэй найзалдаг тэдэнтэй гардан тулаан гэж тоглодог хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Хүүхэд нас минь Гадаад явдлын яамны зусланд  өнгөрсөн. Тухайн үед  тоглож байсан хүүхдүүдтэйгээ өнөөдөр мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа баяртай байдаг.  

- Таныг боловсролтой эмэгтэй гэдгийг олон хүн хэлдэг. Хаана, хаана ямар боловсрол эзэмшсэн бэ. Хэд хэдэн гадаад хэлээр чөлөөтэй ярьдаг гэж сонссон?

- Ер нь хүн харь орны хэлийг бүрэн төгс эзэмшинэ гэж байхгүй болохоор өдөр бүр суралцсаар л байдаг. Гадаад хэлийг цаашид судалсаар байвал сурч мэдэх олон зүйл бий. Аливаа хэлийг бүрэн төгс эзэмшсэн гэж хэлэх нь учир дутагдалтай. Миний хувьд бусдын адил гадаад хэлийг судалж, тодорхой хэмжээгээр бусдад өөрийгөө ойлгуулдаг. Цэцэрлэг, сургуульдаа орос хэлийг сурсан болохоор орос хүний юу ярьж, юу хэлж байгааг илүү сайн ойлгодог. Бусад хэлээр бол их, бага хэмжээгээр ярина. Миний хувьд Орос гуравдугаар сургуулийг төгсөөд дараа нь  Польтехникийн дээд сургуулийн Гадаадын инженерийн бэлтгэл анги болон эх орондоо “Сэрүүлэг” дээд сургуульд суралцаж төгссөн. Мөн Европын холбооны сургалтын тэтгэлэгт хамрагдаж Голланд улсад суралцсан,эдийн засагч мэргэжилтэй. 

Хүн харь орны хэлийг бүрэн төгс эзэмшинэ гэж байхгүй болохоор өдөр бүр суралцсаар л байдаг

- Таныг “Blue mon”-ын Н.Оюундарь гэдгээр нь цөөнгүй хүн мэднэ. Анх бизнесийн гараагаа хэрхэн эхэлж байв. Мөн гэр бүлийнхээ хүнийг танилцуулахгүй юу?  

- “Blue mon”-ын анх манай гэр бүлийн хүн үүсгэн байгуулсан. Миний хувьд ханийнхаа эрхэлж байгаа ажилд тусалж дэмждэг. Манай нөхрийг Чингис гэдэг. Бид арван жилийн есдүгээр ангид байхдаа үерхээд хоёрдугаар курстээ хүүхдээ төрүүлсэн. Тухайн үед нөхрийн минь цалин амьдралд хүрэлцдэггүй байлаа. Тэр цагаас эхэлж нөхөр маань бусад залуусын адил наймаанд явсан. Хятадаас бараа авч Орос руу зарж,олсон мөнгөө гэртээ авчран авдрандаа хадгалсаар үндсэн хөрөнгөө бий болгосон. 1990 оноос хойш зогсолтгүй гурван жил наймаанд явсан. Үүний дараа хөдөө орон нутагт бизнесээ үргэлжлүүлж хамгийн анх пад пад тракторыг Монголд оруулж ирж билээ. Мөн 1998 онд “Tse” сүлжээ хоолны газрыг нээсэн. Энэ цагаас нийтийн хоолны салбар луу орсон доо. Монголчууд шөлтэй хоолонд их дуртай байдаг. Тиймээс Бээжингийн халуун тогоонуудаар явж судалгаа хийснээр шөлний сүлжээ ресторан нээх санаа төрсөн юм. Ингэснээрv“Тhe Bull” нэртэй сүлжээ рестораныг нээж өнөөдөр гурван салбар үйл ажиллагаагаа явуулж байна. Түүнчлэн “Шөлөндөө” сүлжээ хоолны газрыг нээгээд багагүй хугацаа өнгөрлөө. Ер нь манай хүн аль болох шинэ зүйлийг эх орондоо нэвтрүүлэхийг хичээдэг хүн.   

- Таны нөхрийг бүжигчин байсан гэж сонслоо?

- Тийм ээ. Манай нөхөр Хөгжим бүжгийн коллежийн бүжигчний ангид  шалгалт өгч тэнцсэн. Харин “Олон Улсын оюутан залуучуудын  фестифаль”-д оролцохоор болж л дээ. Тухайн үед Чингис гэсэн нэртэй хүнийг Москва руу явуулахгүй гэсэн хэдий ч удирдаж явсан багш нь Санжжав гэж өөрчилсөн юм билээ.

- Тэгвэл та нөхрөө хэн гэж дууддаг вэ?

- Албан ёсны бичиг баримт дээр нь Санжжав гэж тэмдэглэсэн байдаг. Харин би, ах дүүс, найз нөхөд нь Чингис гэж дууддаг.

- Өмнө тө нөхрийнхөө ажилд тусалж байсан. Тэгвэл одоо төрийн ажил хийж байна. Төрд ажиллах, хувийн бизнес эрхлэх хоёрын ялгаа нь юу вэ?

- Хувийн хэвшилд ажилласнаар үр дүн нь хурдан гардаг. Харин төр өөрөө баялаг бүтээгчдээс хамаардаг. Өөрөөр хэлбэл тэдний төлсөн татвараар төрийн албан хаагчид цалинждаг. Эцсийн бүлэгт хувь, хувьсгалын алинд ч ажиллаж байгаа хүн сайн сайхан амьдралыг цогцлоохыг хүсдэг. Гагцхүү үр дүн нь харилцан адилгүй юм. Төрийн ажил нь илүү бодлогын чиглэлтэй байдаг бол хувийн хэвшил бол цаг наргүй хөдөлмөрлөхийг шаарддаг.  Тэр хэрээрээ үр дүн нь гардаг. Тэглээ гээд төрийн ажлыг хойш тавьдаг гэсэн үг биш. Харин оногдсон ажлаа цаг тухай бүрт нь хийж гүйцэтгэж хариуцлагатай байх хэрэгтэй.

Төр өөрөө баялаг бүтээгчдээс хамаардаг

- Та цаашид Гадаад харилцааны салбарт ямар ажлыг хийхээр төлөвлөөд байгаа вэ?

- Гадаад харилцаа гэдэг нэг сайд шинээр томилогдоод бодлогыг нь өөрчлөөд байдаг салбар биш. Мэдээж гадаад бодлогын залгамж халаа, суурь бодлогууд үргэлжилж л байдаг. Монгол Улсын тусгаар тогтнол нь Гадаад харилцаатай зайлшгүй холбоотой. Тиймээс хоёр хөрш улстайгаа улс төр, эдийн засаг, нийгэм, урлаг соёлын салбаруудад найрсаг харилцаатай байсаар ирлээ. Түүнчлэн гуравдагч хөрш болох АНУ, Япон Баруу Европын орнуудтай харилцан хамтын ажиллагаагаа бэхжүүлсээр байна. Тиймээс аливаа бодлогыг тэнцвэртэй явуулахыг зорилгоо болгодог. Түүнчлэн 2016 онд болох АСЕМ-ийн чуулга уулзалтад өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд дээд түвшинд  зохион байгуулахаар ажилдаа ороод байна. Бид АСЕМ-ийг эх орондоо зохион байгуулж буй нь дэлхий бидний зүгт анхаарлаа хандуулах боломж олдож байгаа юм.  

Гадаад харилцаа гэдэг нэг сайд шинээр томилогдоод бодлогыг нь өөрчлөөд байдаг салбар биш

- МАН-ын удирдлагууд сүүлийн жилүүдэд залуусаа дэмжиж байгаа нь ажиглагддаг. Өөрөөр хэлбэл залуустаа итгэл хүлээлгээд байх шиг?

Тийм хандлага бий. Гэхдээ залуус, дунд,ахмад үе гэсэн гурван холбоос дээр манай намын үнэт зүйл оршдог. Тиймээс аль нэгийг нь салгаж ойлгох аргагүй юм. Залуус бид ахмад үеийнхний туршилгаас үргэлж суралцаж, тэднээс зөвлөгөө авах нь зүйтэй. Манай намын хувьд боловсон хүчний бодлогод анхаарч ажилладаг. Тухайн томилогдсон хүн цаашид юу хийх, хэрхэн ажиллах уу, ямар зорилго тавьсан зэргийг судалж төрийн ажлыг даалгадаг.

Залуус, дунд,ахмад үе гэсэн гурван холбоос дээр манай намын үнэт зүйл оршдог

- Тэгвэл өнөөдөр улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо хэр байгаа вэ. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улс төрчид хэрхэн ажиллаж байна?

- Айл гэрт эхнэр, нөхөр гэсэн хоёр тулах багана байдагтай адил улс төрийн хүрээнд ч мөн эмэгтэй хүний оролцоо байх хэрэгтэй. Аль ч салбарт эмэгтэйчүүдийн дуу хоолой үзэл бодол үгүйлэгддэг. Шийдвэр гаргах түвшинд ч их, бага хэмжээгээр эмэгтэйчүүдийн оролцоог бий болгох шаардлагатай. Сүүлийн жилүүдэд улс төрийн салбарт эмэгтэйчүүд цөөнгүй ажиллах болсон. Эмэгтэй хүн төрийн дээд албан тушаалыг эрхлэх нь ард түмнээ гэсэн сайхан сэтгэлийг эх хүний зөн совингоороо илэрхийлж байдаг. 

Айл гэрт эхнэр, нөхөр гэсэн хоёр тулах багана байдагтай адил улс төрийн хүрээнд ч мөн эмэгтэй хүний оролцоо байх хэрэгтэй  

- Нууц биш бол та 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?

- Нэгэнт улс төрд орж байгаа хүний хувьд өөрийн дуу хоолойгоо хууль тогтоох байгууллагад оруулъя гэсэн хүсэл  эрмэлзэл бий. Гэхдээ улстөрч хүний хувьд УИХ-ын гишүүн болох нь дээд оргил нь биш. Намын нөхөд итгэл үзүүлбэл сонгуульд өрсөлдөнө.

Намын нөхөд итгэл үзүүлбэл сонгуульд өрсөлдөнө

- Төрийн ажил хийдэг эмэгтэйчүүд цаг, зав муутай байдаг. Та хэр  сайн гэрийн эзэгтэй вэ?

- Эмэгтэй хүн ямар ч удирдах албан тушаалтан байсан айл гэрийн сайн эзэгтэй, халамжит хань, элбэрэлт ээж байх хэрэгтэй. Энэ бол эмэгтэйчүүдэд заяасан үүрэг. Тиймээс аль болох гэр бүлдээ цаг гаргаж хамтдаа байхыг хичээдэг.

- Хүсэлтийг минь хүлээн авч сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны цаашдын ажил амжилт хүсье?

- Баярлалаа.Танай хамт олонд ч мөн ажлын амжилт,сайн сайхныг хүсье.