m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.03.27 09:55
224
Тэдний гутлыг Алтай нутгийнхан өмсөж хэвшжээ

“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хүрээнд Говт-Алтай аймгийн Есөнбулаг суманд үйл ажиллагаа явуулж буй “Хүслийн наран” гутлын үйлдвэртэй танилцлаа.

Тус гутлын үйлдвэр 2009 онд байгуулагдсан бөгөөд  одоогоор 14 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Үйлдвэрийн дарга Т.Даринчулуун 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл гэргий Д.Наранцэцэгийн хамт бүх төрлийн гутал үйлдвэрлэж байгаа бөгөөд тэд 1996 онд “Хүслийн оргил”, 2002 онд “Хүслийн жигүүр” хоршоог байгуулжээ. Улмаар 2009 оноос “Хүслийн наран” ХХК болгон үйлдвэрлэлээ өргөжүүлсэн байна.  

2009 оноос “Хүслийн наран” ХХК болгон үйлдвэрлэлээ өргөжүүлжээ 

Тус хамт олон хөдөөгийн хөдөлмөрчдөд зориулж ус чийг татдаггүй, өнгө үзэмж сайтай, хөлд эвтэйхэн, хөнгөн, дулаан гутлыг  үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна. Түүнчлэн тэд та бидний хэлж заншсан цагаан ултай гутлыг бүх насны хүмүүст зориулж олон төрлийн өнгө загварын сонголттойгоор үйлдвэрлэн борлуулж байна.

Хөдөөгийн хөдөлмөрчдөд зориулж ус чийг татдаггүй, өнгө үзэмж сайтай, хөлд эвтэйхэн, хөнгөн, дулаан гутлыг  үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна

Мөн ээтэн, буриад, ажлын, бүжгийн гутлуудыг үйлдвэрлэхийн хажуугаар элэгдэж муудсан гутланд ул татах, цахилгаан солих, булчин сунгах зэрэг бүх төрлийн засварын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг юм. Тэд гуталнуудаа дотоодын үйлдвэрүүд болон ОХУ-аас ирсэн чанартай материалаар хийдэг. Өөрөөр хэлбэл сайн чанарын боловсруулсан арьсаар гутлаа үйлдвэрлэж байна. 

Сайн чанарын боловсруулсан арьсаар гутлаа үйлдвэрлэж байна

 

“Хүслийн наран” гутлын үйлдвэрт өрх толгойлсон болон хөгжлийн бэрхшээлтэй хэд хэдэн бүсгүй ажилладаг. Түүнчлэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж буй гурван оюутан хичээлийнхээ хажуугаар тус үйлдвэрт ажилладаг юм. Үйлдвэрийн дарга Т.Даринчулуун эдгээр хүмүүсийг ажлын байртай болгохын хажуугаар тэдний нийгмийн асуудлыг шийдэхэд бага ч болов хувь нэмрээ оруулахыг хичээж буйгаа дуулгалаа.

“Хүслийн наран” гутлын үйлдвэрт өрх толгойлсон болон хөгжлийн бэрхшээлтэй хэд хэдэн бүсгүй ажилладаг

Тэрбээр“Бидний үйлдвэрлэсэн гутлыг Алтай нутгийн ард иргэд худалдан авч хэвшсэн. “Гутал муут гурвын ард” гэсэн үг  “Гутал сайт гурвын өмнө” болж өөрчлөгдсөн  хэмээв.  Зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй байсан үе буюу 1992 онд Ахуйн үйлчилгээний газрууд хувьчлагдахад Т.Даринчулаан гутлын үйлдвэртэй болох зорилгыг өөртөө тавьсан гэдэг.

“Гутал муут гурвын ард” гэсэн үг  “Гутал сайт гурвын өмнө” болж өөрчлөгдсөн

Тэрбээр зорилгодоо хүрэхийн тулд цаг наргүй хөдөлмөрлөж, өнөөдөр олон хүнийг ажлын байртай болгож ажил амьдралынх нь замд хөтөлж явна. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд цаашдын зорилго гэж бий. Тэд цаашид тоног төхөөрөмжөө сайжруулан, ажиллах хүчээ нэмэгдүүлж, иргэд, аж ахуй нэгж байгууллагын захиалгаар хямд үнэ, өргөн сонголттой гуталнуудыг үйлдвэрлэхээр зорин ажиллаж байна. 

Тэрбээр зорилгодоо хүрэхийн тулд цаг наргүй хөдөлмөрлөж, өнөөдөр олон хүнийг ажлын байртай болгож ажил амьдралынх нь замд хөтөлж явна

Говь-Алтай аймаг Есөнбулаг сум "Хүслийн наран"гутлын үйлдвэр 

Холбоо барих захирал Т.Даринчулуун 99-48-75-97